2016 оны 01 сарын 14

Сайн хүлэг эзнээ сонгож заяадаг хэмээн Монголчууд бэлгэддэг. Тэгвэл тэр буян хишгийг дааж явна гэдэг баргийн аавын хүүгийн барах ажил биш. Тэнгэрлэг алтан тууртнуудын шандсыг сорьж ар Халхын торгон ногоон дэнжийг эзэгнэсэн нэгэн эрхмийг уншигч тантай уулзуулах гэж байгаадаа баяртай байна. Дорнод аймаг болоод Матад сумын нэрийг төрийн их баяр наадамд мөн ч олон удаа дуудуулж моринд дуртай Монголчуудын сонорыг сортолзуулж яваа Аймгийн алдарт уяач, ард түмнийхээ дунд бол “Тод манлай”-н хэмжээнд хэдүйн хүрсэн Матад сумын харьяат Бат-Очирын Цэндбаатар энэ удаагийн дугаарт зочноор уригдаж байна.

- Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?
- Сайхаан сайхан. Энэ намар урт сайхан намар болж байна даа. Адуу мал ч тарга тэвээрэг сайн авлаа. Ойрд намрын бэлтгэл ажил гээд ахынх нь ажил ундарч байна аа.

- Адуунаас гадна ар гэр, ахуй амьдрал гээд олон асуудал байна биз, нутаг хуучиндаа юу?
- Хуучиндаа хуучиндаа. Тэгэлгүй яахав, адуунаас гадна амжиргаа залгуулах хэдэн малынхаа тэжээл энэ тэрийг бэлдэнэ шүү дээ. Аймаг, хөдөө хоёрын хооронд л давхиж байна. Эхнэр хүүхэд энд, би тэнд хэдэн адуун дээрээ байдаг.

- Та Зүүн тосон гэдэг газраас нүүх дургүй юмаа даа?
- Тэгэлгүй яахав, энэ нутаг чинь цагтаа нэгдлийн 1500-аад адууны туурайн тамгатай нутаг юм. Би анх 1988 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлт аван нэгдлийн адуун сүрэг дээр ирж байлаа шүү дээ. Манай дөрөвдүгээр бригад сумандаа хамгийн олон адуутай нь байлаа. Адуучин Чулуунбаатар гээд насаараа адуу малласан буянтай буурал дээр ирж байлаа. Нэгдлийнхээ адуунаас даага сонгож сургаж уяна. Нөгөөдүүл минь ч дажгүй давхина. Бас ч гэж сумын наадамдаа айрагдаж л байсан. Анх энэ л дэнж дээр уяагаа сойж төрийн их наадамд “Тугал ухаа”-гаа түрүүлүүлж байлаа. Ер нь багаасаа л энэ довон дээр амьдрал ахуйгаа цогцлоон, уяач болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тийм учраас нутгаасаа холдож чаддаггүй юм аа.

- Таныг удам дамжсан уяач гэж сонссон. Анх хэдэн настайгаасаа хурдан морь уяж эхлэв ээ?
- Тийм ээ. Миний өвөөг “хоршоо” Самбуу гэж их хурдтай хүн байсан гэдэг. Ямар сайндаа л манай нутгийхан дунд “хоршоо Самбуугийн хоньтой нь ч уралдсан гүйцэгдэхгүй” гэсэн үг гарч байхав дээ. Тэгэхээр дээд үеэсээ хурдтай байсан бололтой. Харин манай аав нэг их морь мал уядаггүй байсан. Бригадын дарга, тоо бүртгэгчээр насаараа ажилласан хүн. Миний хувьд анх 12-той дөрөвдүгээр ангийн хүү нутгийнхаа ах нарыг дагаж нэг хязаалан үрээ уясан юм. 1984 оны тэр жилийн сумын наадамд өнөөх хязаалан минь аман хүзүүлж асар их урам зориг өгсөн дөө. Үүндээ урамшаад морь уяж эхэлсэн. Уяачийн эрдмийг нутгийнхаа өвгөд, ах нараасаа л сурсан даа.

- Өөрийн гарын уяаны морьдтой болох гэж нэлээд адуу цуглуулсан уу?
- Ерээд оны эхээр л анх уул, овоо тахиж эхэлсэн. Тэр үед би хэрэндээ л их үнэтэй морь авч байлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны Дашжигмэдийн бор морийг засгийн таван адуугаар дур мэдэн авчихаад ахаасаа нуун авчирч байлаа. Нөгөөх минь бас доголон. Сүүлд нь ах мэдээд бөөн юм болж байж билээ. Аав ах хоёр л тэр таван адууг аргалж засагт төлсөн байх./инээв/

- Үнэтэй авсан бор тэгээд хэр хурдлав?
- Бор морио сар гаран тордож байгаад Зүүн Матад уулын тахилгад айргийн дөрөвт хурдлуулсан. Түүнээс хойш би чинь их додигор уяач болчихсон аймагт уралдахаар морьдоо их ч чирсэн дээ. Бараг долоо, найман жил ирсэн. Морьд гавихгүй ээ. Харин 2002 онд аймгийн наадамд соёолон, их нас, даага гурвын түрүүг авсан нь миний энэ насны хамгийн баяр бахдалтай наадам байсан. Хүргэнийхээ цагаан морь, өөрийнхөө ухаа халзан соёолон, даага гурваа түрүүлүүлж байлаа. Наадмын талбайд даагаа цоллуулж байхад гоохойсон өндөр шар залуу ирж баяр хүргэсэн нь одоо энэ шар Зоригоо /Цагаан-Овоогийн уяач Батзориг/ минь шүү дээ. Нэг сайн нөхөртэйгөө ингэж л танилцаад одоог хүртэл анд нөхөд явна даа.

- Бүс, улсад хэдийнээс хүч үзэв?
- 2003 онд Өвгөн ноёны наадамд цавьдар даагаа аман хүзүүдүүлж, их насны морь минь долоолж байсан юм. 2008 онд улсын наадамд анх уралдаж “тугал ухаа” минь түрүүлж, тэр жилдээ Алтан-Овоонд бас түрүүлж, хойтон жил нь соёолон улсад аман хүзүүлж, Дүнжингаравт аман хүзүүлж, зүүн бүсэд дөрвөлсөн дөө. Ёстой сум шиг хурдалсан даа.

- Тугал ухааг та найзаасаа авч байсан гэсэн. Хэн гэдэг хүнээс хэдээр авч байв?
- Тийм ээ. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Гантөмөр гэдэг найзаасаа авсан юм. Тэнд би хэдэн адуу зарах санаатай очсон юм 2006 онд. Тэгээд нөгөө хэдээ зарсан ч юмгүй өдөртөө гарч идүүлнэ. Нэг жижигхэн хул даага өдөртөө миний хэдэн адуутай л цуг байж байгаад оройхон адуу руугаа явдаг байлаа. Сонирхоод асуусан чинь нөгөө даага чинь бас ч гэж хэд хэдэн жижиг уралдаанд өнгөлчихсөн под хийсэн нөхөр байж. Гантөмөртөө хэлсэн чинь “Миний найз ав ав. Ер нь чамд өгье гэж бодож байсан юм” гэлээ. Ингээд л авсан даа. Тухайн үедээ 2,5 саяар авч байлаа. Надад ирсэн жилээ шүдлэндээ аймгийн наадамд зургаалаад, овооны наадамд аман хүзүүдсэн.

- Сайн хүлэг эзнээ таньдаг гэж үнэн юм даа. Та Ажнай Д.Бат-Эрдэнэд нэлээд өндөр үнээр зарсан гэж ярьдаг. 150 сая ч гэсэн яриа явдаг. Яг хэдэд өгсөн юм бол?
- Мөнгө төгрөг тоолж өгөөгүй ээ. Ах дүүгийн сэтгэлээр л бие биенээ гомдоолгүй өгөлцөж авалцсан. Тэр хүнд очоод миний хүлэг улсад айрагдсан. Хэдий хүнд өгсөн ч би ухаа азаргандаа бурхан мэт сүсэглэдэг. Тэр хүлэг л намайг Монголд таниулсан, олон сайхан найз нөхөдтэй болгосон юм шүү дээ.

- Яагаад Бат-Эрдэнэ сонирхсон юм бол?
- Бат-Эрдэнэ ах нэг гайгүй азаргатай болмоор байна гээд МУТМУ Д.Даваахүү гуайгаас асуусан юм байна л даа. Харин Д.Даваахүү “Дорнодод Цэндбаатар гэдэг хүүд үхрийн нэртэй л болохоос хурдан хул адуу байгаа тэр л байна даа” гэсэн юм билээ.

- “Тугал” нэрнийх нь талаар янз бүрийн таамаг явдаг. Тугалтай бэлчдэг байсан л гэнэ, тугалтай ачигдаж ирсэн болохоор нь тэгж нэрлэсэн гэнэ лээ гээд. Эзнээс нь асууя?
- Би Төв аймгаас үрээгээ авчирчихаад хүн амьтанд үзүүлэхгүй юу. Нэг ийм хурдан буян авчирлаа гэж. Гэтэл үзсэн хүмүүс нэг ч их ойшоогоогүй. “Аа тугал шиг л жижигхэн юм байна” гэлцэж байв. Ингээд “Тугал ухаа” гэж нэрлэгдэх болсон доо. Харин манай Батзориг л “Өвгөөн чи ч яах аргаггүй халхын хурдан буян олж иржээ” гэж хэлж байсан нь надад их урам өгсөн. Манай хүн ч морь таних нүдтэй юм билээ.

- Шинэ эзэн нэрийг нь солиод “Туган ухаа” болгосон танд тэр нэр ямар санагдсан?
- Ард түмэн тугал гэдэг нэрээр нь л эхэлж таньсан. Өөрчлөөд ч тугалаар нь л хүлээж авч байна. Тэгэхээр ойлгомжтой биз. Би ч үнэндээ шинэ нэрийг нь таашаагаагүй ээ. Одоо ухаа минь хэдэн гүүтэй байгаа. Уралдахаа больсон ш дээ. Харин үр төл нь хурдалж байгаа. Энэ жил анхных нь төл хязаалан үрээ Мөнгөнморьтод түрүүлээд төвийн бүсэд зургаалж байна лээ.

- Улсад гурав түрүүлээд байгаа “Улс халзан” хэмээх түмэн эхийг та уяж төрийн наадамд хоёр удаа түрүүлүүллээ. Энэ азарганы тухайд юу хэлэх вэ?
- Бас л сайхан хурдан буян. Би Монгол төрийн наадамд хоёр азаргыг түмэн эх болголоо. Үүгээрээ ихэд бэлгэшээж явдаг даа. Улс халзан минь энэ жил урд хожид гарч байгаагүй амжилтыг үзүүлж төрийнхөө их баяр наадамд гурван жил дараалан түрүүллээ. Энэ бол түүхэн шинэ амжилт юм даа.

- “Тугал ухаа”-г улсад уралдах сургаар Эрдэнэчулуун уяач шарга азаргаа уралдуулаагүй гэж хүмүүс ярьдаг. Үнэн үү?
- Худлаа байх аа. Тэр түмэн эх, улсад зургаа түрүүлсэн хүлэг миний ухаагаас айна гэж юу байхав. Уралдуулахгүй байх уяа сойлгын шалтгаан байсан байлгүй дээ.

- Та сүүлийн үед томчуудын морьдыг их уяж байна. Үнэ хөлс өндөр үү, таниар морио сойлгоход?
- Би хүнээс мөнгө төгрөг нэхдэггүй ээ. Сайн санасан ах дүүс, найз нөхдийхөө морьдыг л уядаг. Нэг их олон хүнийхийг биш. Сайхан нүд булаасан хүлгийн алтан жолоог нь өргүүлүүлчих юмсан гэж боддог доо ах нь. Цаана нь миний нэрнээс гадна нутаг усны минь нэр гарах учраас.

- Нууц биш бол хэн хэний морийг уяж байна?
- За. Б.Бат-Эрдэнэ, “зүрхний” Баасанжав эмч, Билэгдэмбэрэл гээд хүмүүсийн морьд бий.

- Та улс, бүсийн чанартай уралдаанаас яг одоогийн байдлаар хэдэн айраг түрүү аваад байна?
- Одоогоор 10-аадыг л аваад байна даа. Энэ нь зөвхөн миний нэр дээр уралдсан тоо л доо. Хүмүүсийнхийг оруулалгүйгээр.

- Алдарт уяач гэдэг цолыг авах хэмжээнд аль хэдүйн хүрчихлээ. Зүүчих юмсан гэж бодно биз?
- /инээв/ Төр мэднэ шүү дээ. Шалгуур гэж байна. Түүнд нь одоо л ойртож байна даа. Өгөх байлгүй дээ.

- Алдарт уяач нартай хэр найзалж байна?
- Өө моринд дуртай хүний хувьд олон сайхан уяачидтай дотно найз нөхөд явдаг. Ганхуяг манлай, Батсайхан манлай, Билэгдэмбэрэл, Цагаан-Овоогийн Батзориг гээд гэмгүй сайхан нөхөд бий. Ер нь моринд дуртай хүмүүс чинь их сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Ганхуяг манлай, Зоригоо бид гурав чинь гал болж морио уядаг. Тэр жил “тугал ухаа”-гаа улсын наадамд уралдуулах гэж ирээд байхад Гэрлээ, Дугараа хоёр манлай уяач ирээд “хул азарганы туурай жаахан дотогшоо ургасан байна, шөрмөсөө цохих аюултай” гээд хуурайдаж янзалчихаад “халхын нэгэн хурдан буяны алтан тууханд хүрлээ” хэмээн бэлгэшээж байсан нь санаанаас гардаггүй юм. Намайг бодох юм бол тэр хоёр чинь Улсын манлай уяачид шүү дээ.

- Мориноос өөр юу сонирхдог вэ?
- Би чинь анд их хорхойтой. Хийморио сорьж хааяа анд явна аа. Том анд дуртай. Хааяа гахайнд явна.

- Морины наймаа хэр хийж байна, хамгийн сүүлд ямар морь авав? Үнэ дагаж хурд гэж ярьдаг хэр ортой юм бол?
- Саяхан Сүхбаатарын Халзангаас нэг бор морийг 25 саяар авлаа. Тэр үнэ дагах гэдэг худлаа байх аа. Хурдан хүлэг гэдэг цаанаа ондоо шүү дээ. Хурдгүй юм өндөр үнээр авчихаад давхиулна гэж юу байхав.

- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
- Та бүхэнд ч бас баярлалаа. Монгол түмний хийморь морь шигээ омголон байх болтугай.

Эх сурвалж: www.dnews.mn Н.Мөнхсайхан

Сэтгэгдэлүүд
  • bae IP:202.131.252.213 2016 оны 09 сарын 02

    amjilt ahaa
Сэтгэгдэл