2016 оны 01 сарын 14

-Сайн байна уу та? Сайхан намаржиж байна уу?

-Сайн, сайн байна уу? сайхан намаржиж байна. Сайхан намаржицгааж байна уу ?

-Хотгойдын хурд-3 хангайн бүсийн даншиг наадамд 1 түрүү, 3 айраг хүртэж амжилттай сайхан наадсанд сэтгүүлийнхээ нэрийн өмнөөс  халуун баяр хүргэе.

-За их баярлалаа. Хөвсгөл нутгийнхан маань баяр хүргэцгээж сайхан л байна.  

-Хотгойдын хурд-3 уралдаанд та хэдэн насны морьд уяв ?

-Хотгойдын хурдад жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Нас болгонд 2-3 морьд бэлтгэсэн. Зарим нь давхиад, зарим нь давхихгүй, янз бүрийн шалтгаан гарах л юм. Улсын наадам болоод томоохон бүсийн уралдаанд ганц морьтой явахад ер нь л эрсдэлтэй. Хоёроос гурван морь уяж бэлдэхэд нэг нь гал уяан дээрээ таарч хурдалдаг юм. Хотгойдын хурдад азарга түрүүлсэн. Улсын чанартай бүсийн том наадамд азарга түрүүлгэнэ гэдэг миний олон жилийн мөрөөдөл. Хөвсгөлчүүд ч надаас дутахгүй баяртай байгаа. Хөвсгөл нутгийн унаган адууг том наадамд түрүүлгэх шиг сайхан юм байхгүй. Бид Хөвсгөлийн унаган адууг улсын наадам болоод томоохон бүсийн наадмуудад айрагдаж түрүүлүүлэх л зорилготой байдаг. Тэр зорилго маань сүүлийн жилүүдэд биелэгдэж байна. Миний хувьд ч гэсэн зорьсон зорилго, мөрөөдсөн мөрөөдөл, бага наснаасаа бодсон бодол, дунд шатандаа ч хүсэж мөрөөдөж хийсэн ажил. Сүүлийн үед нэлээд эрчимтэй ажилласан, 20 жилийн хөдөлмөрийн минь үр дүн гарч байна.

-Хотгойдын хурд-3 уралдаанд түрүүлсэн Саран хүрэн азарганыхаа удам угшлыг тодруулж ярихгүй юу?

-Саран хүрэн азарга Арабын хоёрдахь үеийн төл. Ер нь бол Араб цустай адуу. Шинэ цагийн монгол адуу гэж яриад байгаадаа, тэр чинь л гэсэн үг. Энэ жилийн хувьд стандартанд өөрчлөлт ороод сэрвээний өндөр 140 см-ээс доош бол уралдуулж болно гээд заачихсан. Сэрвээний өндрийг 140-өөс доош адууг уралдуулна гэдэг чинь шинэ цагийн монгол адуугаа уралдуулах л гэсэн санаа. Тэр дагуу бол саран хүрэн монгол азарганд уралдаад түрүүлсэн. Эх нь манай өөрийн унаган адуу. Манай нэлээн хэдэн хурдан азарга аймагт түрүүлж айрагддаг байсан даа. Тэд нарын л удам байгаа юм.

-Та энэ жилийн Хотгойдын хурд уралдаан гэлтгүй өмнөх хангайн бүсийн уралдаануудад амжилттай уралдаж байсан. Жишээлэхэд анхны хотгойдын хурдад сайн наадаж байсан?

-Анхны хотгойдын хурдад тун их бэлдсэн. Тэр жил миний морьд ч ид байсан. Азарганууд ч боломжийн. Даншигийн өмнө аймгийнхаа наадмын 5 түрүү 7 айраг авчихдаг юм. Тэр бол миний морь уясан цагийн дээд амжилт. Аймгийн наадам ч гэсэн мундаг том амжилт шүү дээ. Хаа газар байдаг амжилт биш. Харин хотгойдын хурдад  азарга маань  айрагдаад бусад нас айраг авч чадаагүй. Анхны Хотгойдын хурд морь уясан  үе шатаараа хоёрдахь үеийн ажил гэж хэлж болно. Би хамгийн анх морь уяад бүсийн наадамд наадахад 20 гаргаад л ирж байсан. Харин анхны хотгойдын хурдад миний морьд 10-аас урагш давхисан. Халзан азарга маань айргийн 3-т хурдалсан. Манай уяан дээрээс нэг даага айрагдсан. Ийм л амжилт гаргасан. Хотгойдын хурд-2 уралдаанд бас л хэр чадлаараа бэлдсэн. Тэнд дараагийн шатны хурд гарч миний зул хонгор шүдлэн түрүүлсэн, нэг даага айрагдсан. Миний унаган адуу дээшээ гарч ирж уралдсан. Үүнд бэлдсэн тухай ярина гэвэл тун их юм болно. Зүгээр зөнгөөрөө л гарч ирж байгаа юм биш. Тав зургаан жил зүтгэж байж л бүсийн наадамд ганц нэг айраг түрүү авна шүү дээ. Энэ жилийн хувьд яахав сүүлийн жилүүдэд улсын наадамд наадаад унаган адуугаа овоо уяж сураад, унаган адуутайгаа их сайн ажилласны хүч. Энэ жил айраг түрүү 4 болчихлоо. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж угшилаа хөөгөөд яваад байхаар хурд гардаг л юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Ноднин Архангайгаас 1 түрүү 3 айрагтай гарч ирсэн. Энэ бол дандаа өөрийн унаган адуу. Хөвсгөлийн хурдан адуу, хотгойдын хурдан адуу л ингэж давхиж эхэлж байгаа юм.

-Анхны хотгойдын хурдад айргийн гуравт хурдалж байсан Бүлтэн халзан азарганы удам угшил, одоо үр төл нь хэр хурдалж байна?

-Миний бүлтэн халзан гэдэг азарга хязаалан үрээ бидний гар дээр ирсэн. Хязааландаа Тариалан сумынхаа  наадамд 4-өөр давхиад, дараа нь Архангай аймгийн 80 жилийн ойд 12-т хурдлаад, гурав дахь давхар уяагаараа Рашаант сумын 80 жилийн ойд хол тасархай түрүүлж, барианд орохдоо 60 милийн хурдтай түрүүлж байлаа. Тэгээд л тэр цагаас хойш хурдалсаар байсан. Миний гар дээрээс гарсан үнэхээр хурдан адуу бол бүлтэн халзан азарга маань байлаа. Бүлтэн халзан бол үнэхээр хурдан гэдэг нь 2006 оны Тамирын хурд уралдаан дээр харагдсан. Тун ч түрүүлэх дөхсөн дөө. Цандэлэгийн хүрэн азаргыг 2 ч удаа залгаад аман хүзүүнд хурдалсан. Дараа нь Хотгойдын хурд уралдаанд гараа алдаж эргээд айргийн гуравт хурдалсан. Хэнтий аймгийн Мөрөн сумын улсын алдарт уяач Д.Энхсүхийн Их хурд уралдаанд аман хүзүүдсэн хонгор халзан азарганы угшилтай адуу даа. Бүлтэн халзангийн үр төлгайгүй юм гарах хандлагатай байгаа. Ганцхан эр юм байгаа. Бусад нь 4,5 охин төл үлдсэн. Гүү талаас нь гайгүй юм гарах байх. Ганц эр төлөөр нь азарга тавьсан, хязааландаа Булган аймгийн баруун бүсийн наадамд  түрүүлж хурдан гэдэг нь харагдаж байна.

- Таны хувьд азарганы уяаг арай илүү тааруулаад байна уу гэж харагдах юм. Азарган  адуу уяж байгаа хүн юун дээр нь анхаарвал зохилтой  вэ?

-Азарганы уяанд бол би гарамгай бишээ. Азарганд аатай уяач Хөвсгөлд харин бий шүү. Надаас илүү уядаг хэд хэдэн хүн бий. Гэхдээ би угшил хөөгөөд яваад байгаа болохоор миний гар дээр хурдан адуу гарч ирээд азарганы уяан дээр аз таараад амжилт гарч л байна.  Хамгийн гол нь азаргаа намраас эхлээд өвөлжин, хаваржин бэлдчихэж байгаа юм. Зун гүүнд тавихдаа тарган тэжээл сайтай тавиад,  гүүг нь тааруулаад хийчихээр болж байгаа юм. Зургадугаар сарын 1 гэхэд гүүгээ гишгээд дуусчихсан азарга бол давхина. Тэрнээс хойш гүү гишгээд байвал жаахан тамирдах талтай. Гол нь тэр. Азарга эцэг мал юм болохоор бусад наснаасаа ялгаатай. Ер нь тэгээд хавар өвлийн ажлыг сайн хийчихэд зуны ажил гайгүй. Уяанаас уяаны хооронд хурд ороод л явчихна. Азаргыг уяхдаа зорьсон наадамдаа л сайн уячихмаар юм билээ. Тэгээд хамгаалж үр төлийг нь авах талаас нь бодох хэрэгтэй. Бид нарын нэг алдаа бол бүлтэн халзангийн төл гэхэд хүнд өгчих ч юм байхгүй, өөрт ч цөөхөн, ганцхан эр юм байна. Уясан азарганы төл олигтой болдоггүй юм шүү, чи азарга уяж хэрэгггүй ээ гэж нэг настай хүн зөвлөж байсан. Тэр ортой л үг байна лээ. Би хурдан азарга уяж хурдан адуу гаргах гэж байгаа хүн азаргаа уяж байж л тэрэндээ итгэлтэй байхаас биш улсын наадамд нэг олигтой давхиагүй азаргыг хурдан азарга гээд байлгаад байлтай нь биш. Улсад уралдаад 7-д хурдалсан миний монгол хонгор азарга бий. Хурдан нь батлагдчихаж байгаа юм.

-Та уяагдах азаргандаа жилдээ хэдэн гүү хураалгаж байна.

-За ер нь  дунджаар 7-8 гүүтэй л баймаар юм байна. 3-4 гүүтэй болохоор от нь гарч өгөхгүй дэмий юм билээ. 7-8 гүү хураасан от нь бүрэн гарчихсан азарга уяахад боломжийн.

-Хөвсгөлд надаас азарга илүү уядаг хэд хэдэн хүн байгаа гэлээ. Тэдгээр хүмүүсийг нэрийг нь дурьдвал хэн хэн байна?

-Азаргыг мундаг уядаг хүн бол Тариалан сумын залуухан уяач даа. Аймгийн алдарт болсон Найдан гэдэг нөхөр байна. Тэр надаас нэг азарга аваад аймагт тун сайн уралдсан даа. Нэг жилд тэр азаргыг 9 түрүүлүүлж байсан. Тэгээд би Найданд азарга уях талаараа ч надаас хамаагүй илүү юм байна гэж бодсон.

-Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд айрагдсан таван азарганы гурав нь таны унаган адуу байсан. Энэ гурван азарга гурвуулаа эцэг нэгтэй 2006 оны аймгийн баярт айрагдсан Дархан цавьдар гэдэг азарганы төл байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Үнэн үнэн. Найдангийн хээр, Отгон-Очирын хар 2 нь эцэг нэгтэй дархан цавьдарын төл. Эх тал нь Галшарын унаган гүүнүүд байсан. Отгон-Очирын хар азарга бол эх талаас нь ч, эцэг талаасаа ч цэвэр Галшар адуу. Отгон-Очир нэг сайн адуу өгөөч гэхээр нь хар үрээгээ өгсөн. Миний хар үрээ аймагт дааганаасаа хойш түрүүлсэн адуу ш дээ. Соёолонд нь харин түрүүлүүлж чадаагүй юм. Хайрлаад жаахан алдсан. Аймгийн 80 жилээр айргийн тавд хурдалсан хээр азарга жинхэнэ Тэсийн голын унаган адуу. Манайхан Галшар талаас өсгий цагаан хээр, дархан цавьдар, Буяндэлгэрийн хүрэн гээд хэдэн сайн азарга авчирсан. Тэдний үр төл л давхиад байна даа. Ер нь манай одоо давхиад байгаа бага насны адуу чинь хоёрдахь үе нь болно. Хонгор азарга, хул халзан азарга, Буяндэлгэрийн толбот хүрэн, Цавьдар азарга гээд ийм 4 мундаг азарга манай адуунд байсан.и Эдний төлүүд дээр араб азарга тавиад адуу маань сайжирч байна.

-Монгол төрийн наадамд Хөвсгөл аймгаас анх удаа 2012 онд морь түрүүлсэн. Толбот хүрэн үрээгээ түрүүлгээд цоллуулах гээд төв цэнгэлдэх рүү орсон  тэр сайхан дурсамжтай наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Би түрүүн мөрөөдөл гэж ярьсан даа. 1959 онд сумынхаа наадамд өөрөө уяад хоёр  даага айрагдуулж байсан хүн шүү. Тэрнээс хойш би ер адуу малнаас холдоогүй юм.  Идэвхтэй ажиллах нь сүүлийн үед болохоос. 2000 оны Архангайн тамирын хурдад Бадрахын хүрэн морь айрагдаад, Тариалангийн Шаравдаваагийн хонгор шүдлэн айрагдаад бидэнд их том баяр болсон. Тэр уралдаанаас хойш бид Хөвсгөлийн морьд яагаад том уралдаанд айрагдаж түрүүлэхгүй байна гэдэг асуудал дээр их бодсон. Улсын наадамд яваад л байдаг. Хөвсгөлийн морьд баараггүй түрүүлчихэж болдоггүй. Тэрнээс хойш их хөдөлмөрлөсөн. Ямарваа нэгэн юманд зорилго тавиад тэр зорилтынхоо дагуу хүчтэй тасралтгүй хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрч болдгийн байна гэдгийг л би залуучуудад яриад байгаа. Сүүлийн 10, 20 жил ажил ч тогтвортой байлаа, тэгээд мал маань ч өслөө, тэр дотроо адуун сүрэг өөрөө өсөөд, чанар нь ч сайжирлаа. Тэр адуун сүрэг дотроос улсын наадамд түрүүлчих унаган адуу төрсөн нь бидний бодож байсан бодол, зорьж байсан зорилго. 2012 оны улсын наадамд Толбот хүрэн хязаалан маань хол тасархай түрүүлсэн дээ. Үнэхээр ч хурдан юм билээ. Хөвсгөлчүүд ч их баярласан. Цаашдаа ч энэ байтугай хурдан адуу гарах юм байна гэсэн итгэл найдвар төрсөн. Толбот түрүүлээд төв цэнгэлдэх рүү орох гэж байхад хүмүүс миний толботыг хараад үнэхээр ганган адуу байна л гэж хэлж байсан. Эцэг нь ч тэр Толбот хүрэн шиг толботой ганган адуу бий л дээ. Толботын үр төл гараад, угшил хөөгөөд явахаар өөр ч хурдан адуу гарна гэдэг нь энэ зуны саран хүрэнгийн түрүүлдгээс харагдаж байна. Саран хүрэнгийн төл толботоосоо ч илүү сайхан адуу гарах болов уу гэж бодож байгаа. Миний зул хонгор шүдлэн хотгойдын хурдад түрүүлчихээд, дараа нь Архангайн даншигт түрүүлээд сайхан л байсан. Яахав хасч л байгаа юм. Хасах нь хамаагүй гэж байгаа юм. Та нар хасч л бай. Би дугариг төмөр авах гэж ингэж зүтгээгүй. Мөнгө төгрөгөнд шунаж яваа юм биш. Та нар хасах шаардлагатай бол хас. Тэртээ тэргүй миний хонгор үрээ олны нүдэн дээр тодорхой түрүүлсэн. Миний адуунд хурд байна гэдэг нь монгол түмэнд тодорхой харагдсан. Цаашдаа ч хурдан адуу гаргана гэж бодож байгаа.

-Таны зул хонгор хязаалан цагаасаа хойш яаж уралдсан бэ?

-Архангайд түрүүлснийхээ дараа үерийн улмаас машин тэрэг шаварт суугаад ховил сондуул их гарсан байсан юм билээ. Тэгээд тэр ховил руу гишгээд шөрмөсөө гэмтээчихсэн. Тэгээд уяж чадаагүй. Төл нь харин сайн гарж байгаа. Өнгөрсөн жил би зул хонгорынхоо нэг төл уясан. Уяа их холтой юм билээ. Уяж хүчрээгүй. Энд уяад, Хотгойдын хурдад уяад олигтой давхиулж чадсангүй. Хязаалан наснаасаа хойш давхих байхаа. Маш их эдэлгээ шаардлагатай. Их холын уяатай. Тийм адуу байна лээ. 

-Адууг эрлийзжүүлэхэд азарга гүүний тохироо гэж байна биз?                                               

-За даа ер нь гайгүйдээ. Эрлийз азаргаа зөв олж авч чадах юм бол тэгээд л хурдан юм ер нь цувчихдаг юм бишүү. Манай гүүнүүд угшил сайтай болохоор гарч байгаа төл нь гайгүй л юм гарч байна. Надаас арабын төл авсан хүмүүс бол бүгд сайн давхиулж байна. Миний араб анхны авна гэсэн араб нь биш. Дунд нь хольж хутгаж байж өгсөн байхгүй юу? Тэгсэн мөртлөө надад хамгийн сайныг нь өгчихсөн байгаа юм. Миний арабын угшлыг давж гарах арабууд хотод бий. Гэхдээ азаар надад гайгүй нь таарсан. Арабын төл манай адууны 20-иод хувийг л эзэлж байгаа. Цаана байгаа 80 хувь нь монгол адуу монголоороо л байгаа.  Халиун азарганы төл ч юмуу бүлтэн цавьдарын төл гайгүй давхиж байгаа юм шиг байна. Тариалан сумандаа хурдан адууг харамгүй тараасан. Бусад сумдад ч бас өгч л байсан. Сайн гарч ирэхгүй л байна. Булганы Баян-Агтынхан бол зөндөө авсан. Тийшээгээ өгсөн адуунууд сайн давхиж байгаа.

-Таны гаргасан шинэ цагийн монгол адуу биеэр жижиг, их монголжуу гарах юм. Ариунарангийн хээр, саран хүрэн гээд ер нь л их монголжуу юм. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу та?

-Нэгдүгээрт нарийн ухаан хэрэгтэй. Хоёрт ажигламтгай чанар хэрэгтэй. Жишээлбэл сүүл шингэн гүү хураалгачихаар бүр сүүлгүй юм гарчих гээд байдаг. Сүүлгүй болчихоор л хүмүүс өө энэ чинь арабын төл байна гээд унана.

-Та улсад уралдахдаа морьдоо хаагуур уяж байна вэ?

-Зун эндээ.(52-ын даваа) Манай эндхийн өвсний чанар сайтаагаас гадна сэрүүхэн, ялаа шумуул байхгүй. Эндээ уяад 61 дээр сунгаагаа хийнэ.

-Сунгаан дээр та хэр зэрэг нийлж байна?

-Нийлэхгүй байгаа. Хаширсан. Хоёр жил нийлээд хоёуланд нь ханиад авчихсан. Энэ жил ерөөсөө нийлэхгүй үзээд л улсын наадамд уралдсан. Яахав ээ яахав 10-аас урагш хоёр гурван адуу давхиулсан. Ер тэгээд улсын наадамд уралдаж байгаа адуу 50-иас урагш л орвол хангалттай гэж байгаа юм. 300 адуу уралдаж байхад 50-иас урагш орсон адуу дараа жил хэрвээ уяа сойлго нь таарвал хурдална гэдгээ харуулж байна гэсэн үг. 50-иас хойш орох юм бол татаарай гэж байгаам. Жишээ нь миний монгол хонгор 8-аар давхиад, Сартай хээр шүдлэн 7-д хурдалсан. Бусад нь 10 гаргаад л ирсэн. Эд нар маань болж л байна гэж дүгнэсэн. Би энэ жил улсын наадамд 4 шүдлэн мордуулсан. Дөрвүүлээ л барианд орсон. Тэрэн дотор нөгөө халиун азарганы төл байгаа. Тэгээд миний азаргануудын төл ч гарч өгөх нь дээ л гэж бодсон.

-Эрлийз монголыг ялгаж уралдуулах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ та?

-Монголд энэ талаар ярих сонирхолтой цөөн хэдэн хүн бий. Энэ асуултанд хариулах дуртай хүмүүс. Тэдний нэг нь би. Бид нар бие биенийгээ мэднэ. Үнэхээр хасдаг тийм үе байсан. Тэрнийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Эрлийзийн төл гээд Монгол адуунаас давуу хурдтай нь тодорхой болчихсон учир. Энэ асуудлыг шийдсэн хүний буруу байхгүй. Гол нь хийж байгаа гүйцэтгэл дээрээ буруу. Улсын наадамд комисс адууг үзээд гаргахад аймшигтай. Тэнд хадны мангаа ч бий. Яагаад хадны мангаа гэж байна вэ гэвэл үнэхээр шинэ цагийн монгол адууг тусад нь уралдуулаад гаргаж байгаа бол өөр. Тэр дотор чинь цэвэр эрлийзүүд явчихаж байгаа юм. Одоо жишээлбэл надад байгаа. Францын  цэвэр үүлдрийн гүү, тэрнээс гарсан  арабын  төл бий. Тэрийгээ би уралдуулахгүй байгаа. Яагаад гэвэл цэвэр эрлийз. Улсын наадамд уралдуулахад монгол адуу гүйцэхгүй. Цэвэр эрлийзүүд бол үнэхээр хурдан. Шинэ цагийн монгол адуугаа танихгүй, цэвэр эрлийзээ ялгаж чадахгүй байгаа болохоор тэр хэцүү. Тэрний жишээ энэ жилийн улсын наадам дээр гарлаа. Энэ жилийн улсын наадам дээр Толботыг яагаад хасч байгаа юм. Хажууд нь саран хүрэн зүгээр л гараад явчихаж байгаа юм. Сэрвээний өндөр нь 140 см, Толбот болохоор сэрвээний өндөр нь 135 см. Улсын наадамд 3 жил уралдсан. Даагандаа, шүдлэндээ, хязааландаа уралдсан. Соёолондоо ч уралдчихсан шүү дээ. Шинэ цагийн монгол адуу монгол даяар тархчихлаа. Энийг ялгана гэж уршиг удахын хэрэг одоо байхгүй ээ. Яг л сэрвээнийхээ өндрийг бариад цэвэр эрлийзээ хасчих хэрэгтэй.

-Танай адууны удам угшил их сайжирч байна. Танай Шинэ цагийн монгол адууг авъя гэсэн хүн их олон болжээ. Та шинэ цагийн адуугаа  ямархуу үнэ ханшаар зарж  байна?

- Би шинэ цагийн монгол адуу 20 саяас доош өгөхгүй ээ. Энэ бол бүр тогтчихсон ханш. Сүхбаатарын Жавхлант шаргад түрүүлсэн адуу 130 сая гэж байна. Би гэхэд халиун азаргаа 30 саяар худалдаж авч байлаа.

-Та хурдан хүлгийн тухай ном, сэтгүүл хэр их цуглуулж байна. Жишээлбэл энэ монголчуудын хурдан морины уяа сойлгын онолын үндэс гээд ном байна ?

-Энэ аль дээр үеийн ном. Г.Төмөрхадуурын хурдан хүлгийн уяа сойлгын онолын үндэс гэдэг номыг анх морь луу орохдоо л уншиж байлаа. Тэрнээс хойш олон удаа уншсаар байгаад одоо энэ номны хуудсыг харахгүй юу. Бүх хуудаснууд нь тасарчихсан. Нэг номыг 2-3 удаа уншиж байж л өөрийн болгоно доо. Би бол морины уяаны онолын талыг юмыг тэр болгон мэдэхгүй шүү дээ. Г.Төмөрхадуур онолыг нь үзсэн хүн, аав нь уяач байсан хүн морь мэднэ. Өөрөө моринд их сонирхолтой хүн. Ийм хүн  ном гаргаад өгч байхад энийг уншихгүй бол том алдаа. Надад хурдан морины уяа сойлготой холбоотой номнууд бий бий. Амьтай амьтнаар тоглоно гэдэг чинь биологийн шинжлэх ухаан, мал эмнэлэгийн шинжлэх ухаан,  орчин цагийн шинжлэх ухааны талаар зохих хэмжээнд гадарлаж байж юм хийх хэрэгтэй. Мэдэмхийрч байж л алдаад гардаг.

-Хурдан мориныхоо хүүхдийг сонгохдоо та ер нь юуг анхаардаг вэ? Унаач хүүхэд гэдэг бол уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнг нэг өдөр дүгнэдэг. Хүүхэд ер нь маш чухал?

-За би багш хүн талаасаа ч боловсролын байгуулагад хорин хэдэн жил ажилласан хүний хувьд хүүхэдтэй л насаараа харьцаж  байна гэсэн үг. Ямар нэгэн хүүхэд байхад би тэрийг морь унуулаад сургачиж байгаа юмаа. Хурдан морины хүүхэд олдохгүй хэцүү байна үнэ мөнгөөр зодоод аваад  байх гэхээр бас бусад уяачидад халгаатай. Мориныхоо хүүхдийг сонгохдоо эцэг нь зөвшөөрч байна уу? Эх нь зөвшөөрч байна уу? Өөрөө зөвшөөрч байна уу? Гэсэн гурван асуудал дээр л хүүхэддээ сонгож байна. Тэгээд эцэг эх зөвшөөрөөд хүүхэд өөрөө дуртай бол ямар нэгэн гэнэтийн ч юмуу осол эндэгдэл гарахгүй л дээ.  хувь тавилангаараа бурханы бас нэг юм байнаа тэр чинь. За тэгээд хурдан мориныхоо хүүхдийг сонгохдоо жил усыг нь харах хэрэгтэй. Юмыг яаж мэдэхэв тухайн уяачтайгаа харш жилтэй ч юмуу морьтойгоо харш жилтэй бол таардаггүй юм. Харин бэлдэхдээ бол хавраас эхэлж морь унуулаад дасгасаар байгаад зуны уралдаанд оруулна. Хүүхдийг хэзээ үсэргээнд оруулах вэ?  гэхээр морь унаж сураад морин дээр биеэ сул тавиад явдаг болсон тэр үед нь үсэргээнд оруулна. Морин дээр явахдаа айхгүй биеэ сул тавиад явж байгаа хүүхэд хэдийд ч хаана ч унасан гэмтэлгүй байдаг юм.

-Энэ олон жилийн турш олон морь айрагдаж түрүүллээ. Энэ дотроос хамгийн их дурсамжтай сэтгэлд тодоор үлдсэн наадмынхаа талаар дурсаач та ?

-Анхны хотгойдын хурдын жил аймгийнхаа баяр наадамд таван түрүү долоон айраг авсан жил. Бага наснаасаа эхлээд хурдан морь унаад л хурдан морьтой эртнээс холбогдсон болохоор морь түрүүлээд ирэхэд баярлаад айхтар баярын стрессд орох нь гайгүй. Миний амжилтын гол юм тэнд л байгаа.

Хоёрдугаарт би Архангай аймгийн 90 жилийн ой хангай бүсийн даншигт гурван даага айрагт орууллаа. Түүнээс өмнө Эрдэнмандалын ойд бас гурван даага айрагдуулсан. Тэр бас их сайхан дурсамжтай гоё байлаа. Улсын наадамд морь түрүүлэх сайхан л даа. Манай хөгшин бид  хоёрын нэг зураг бий.  Улсын наадамд морио түрүүлгээд цоллуулчихаад шагналаа аваад явж байгаа. Одоо тэр зураг маань надад бурхан юм шиг санагддагийн. Өөрийгөө бурхан гэж тооцдоггүй л байлгүй. Зургаа бол би бурхан гэж тооцоод байгаа шүү.

-Таны удамд морь мал уядаг  уяач хүн байсан уу? Жишээ  нь таны аав морь уядаг хүн байсан уу?

-Миний удамд язгуурын малчин улс байсан. Аавын аав Гэжээ гэдэг хүн байсан. Гурван хүүгийн том нь Цэгмэд дараагийнх нь миний аав Гордоо бага нь Товуу гэдэг байсан. Гурвуулаа Улсын сайн малчин. Цагаан-Уулын архивт байгаа.  Том ах Цэгмэд гэдэг хүн тэмээ хариулж байгаад  ардын аж ахуйтан гэж байхад шалгараад улсын сайн малчидын зөвлөгөөнд явж байсан. Манай аав улсын сайн малчидын зөвлөгөөнд явж хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулаад ирж байлаа. Товуу ах адуу маллаж бараг хөдөлмөрийн баатарын болзол хангаад улсын сайн малчидын зөвлөгөөнд явж тэндээсээ хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаад ардын их хурлын депутад болж явсан хүн. Авга ах маань мянган адуу хариулж явсан хүн. Тэр үед манай ах болон аав архи жаахан балгана. Адуу нь тараад алга болно. Би адууг нь цуглуулна. Мянган адуу цуглуулна гэдэг чинь тийм ч амар ажил биш шүү. Адууг нь нэг бүрчлэн таньдаг л байлаа. Гүүгээ барина унагаа уургална тийм л байлаа. Гарамгай сайн уяад айраг түрүү аваад байсан хүн байхгүй. Харин ах дүүгийн улсууд дотор уяач зөндөө. Нямлхагвын аав Жамхүү байна. Энэ хүн хурдаараа аймагтаа ноёлж байсан хүн шүү.  Их насны гурван морь айрагдаж түрүүлж л байсан. Өвөг дээдсийн буян заяа байна. Би удам залгаж Монгол улсын сайн малчин болсон. Нутгийн уул ус ард түмэн минь харж байгаа байлгүй жилээс жилд амжилт  ахиад л байна. 

-Та ахмад уяачийн хувьд морь уях, адуу эдлэх талаар юу гэж зөвлөмөөр байна.

- Залуу уяач, Хөвсгөлийн уяачиддаа хэлэх юмаа хэлдэг. Хүн хурдан морьтой байя гэвэл цаг алдах хэрэг байхгүй. Өөрөөсөө хурд төрүүлнэ гээд энэ маань ч сайн тэр маань сайн гээл цаг алдахын хэрэг байхгүй. Боломж байвал баталгаатай хурдан азарга аваад  л тэрнийгээ үржүүлээл хурдан адуутай болчих хэрэгтэй. Хурдлах цус байж л хурдална. Цус нь хурдан биш бол ерөөсөө хурдлахгүй. Хичнээн ч сайхан ястай адуу авлаа гээд тэр бүр хурдлахгүй. Түүнийг би амьдарлаараа ойлголоо.  Би олон адуу авлаа олон юм авч авч сүүлдээ харин баталгаатай хурдан адуу оллоо. Хонгор азарга, хул халзан азаргаа авлаа. Ингэж байж хурдан удмын гүүтэй хурдан сайн адуутай болж байгаа байхгүй юу? Явдаг явдаггүй олон ч юм авлаа. Үнэхээр морь уяна, хурдан морь гаргана, адуугаараа амжилт гаргана гэж бодож байгаа бол баталгаатай сайн азарга л авах хэрэгтэй. Ийм азарга олж авахад манай малчидын хувьд жаахан хүндрэлтэй. Тийм учраас гурав юмуу  дөрвүүлээ нийлээд нэг хурдан азарга авчих хэрэгтэй. Тэр азаргандаа гайгүй шиг удам сайтай  хоёр гурван гүү хийгээл азаргаа уяхгүй байхад жил бүр хурдан юм гарна. Жилийн дараа гэхэд хурдан сайн адуутай болно. Манайхан ингэхгүй, бушуухан явдаг явдаггүй нь мэдэгдэхгүй үрээ, даага аваад л уяхыг бодох юм. Тэгж явсаар арван жил болчихож байгаа юм. Ийм байдалд орохгүйн тулд угшил сайтай гүүгээ бэлдээд баталгаатай хурдан сайн азарга ав гэж зөвлөх байна.

Морио сонгох,  бэлдэх тал дээр л сайн анхаарах хэрэгтэй. Уяа сойлгын хувьд үнэхээр хурдан адуу чамд байгаа бол нойр хоолоо битгий харамла. Өгөх ёстой тэжээлийг нь сайхан өг, сайхан таргалуулж чөмөг суулга. Бэлтгэл ажлыг нь сайн хий. Доод тал нь 45 хоног, 30 хоног  эмээл тох. Өөрөөр хэлбэл сар уна гэсэн үг. Ингэхээр морины хор бүрэн гарна. Өвөлдөө бэлтгэл ажлаа сайн хийгээд зундаа уядагаараа уяах хэрэгтэй. 

-За баярлалаа. Ураг хас тамгатай Унаган адуугаа Улсын баяр наадамд олныг түрүүлгээрээрэй гэж  ерөөе өө

-За баярлалаа ерөөл  бат орших болтугай.

Ярилцлага хийсэн Т.Насанхүү

Сэтгэгдэлүүд
  • Batlut Galbat IP:180.222.143.251 2016 оны 01 сарын 18

    Saihan yariltslaga bn my huwid nileedgui ih yum tolgoidoo hj awlaa
Сэтгэгдэл