2016 оны 01 сарын 14

Улсын алдарт уяач Гүрбазарын Батчулуун Улаанбаатар хотод төрж өссөн төвийн хүн. Дөрөвдүгээр анги төгссөнийхөө зуны амралтаар Дундговь аймгийн Дэрэн суманд очиж ах дүүс шиг ойр дотно танилцсан Цэрэндоржийнд очиж мал маллав. Түүнээс хойш 10 дугаар анги дүүргэтлээ тэднийд зуны амралтаараа очдог болов. Арав дугаар ангиа төгсөх жил ангийн нь охид хөвгүүд ямар нэгэн дээд сургууль бодож мөрөөдөж байхад Батчулуун хөдөөг зорьж байлаа. Сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлт авч Дэрэн сумандаа очиж хоньчин боллоо. Гурван жил төлөө бүрэн авч сайн хоньчин гэгдэх болов. Нэг өдөр сумын ХЗЭ-ийн үүрийн дарга Төмөртогоо дуудаж ХАА-н салбарт үр бүтээлтэй ажилласан гээд ХААДС-д сурах урилга гардуулахад Батчулуун би наад сургуульд чинь явахгүй наадхаа өөр хүнд өг гэчихээд явж одов.

Тэр үед хүн бүр Батчулууныг загнаж халаглан байсан хэрэг. Ингээд л нийслэлийн хүү хөдөөдөө үлдэж морио уяхаар шийдлээ. Тэрбээр 1989 оны намар өвлийн заагаар хот орж ирлээ. Эгчийндээ зурагт үзээд сууж байтал морин тойруулгын морьд саадан дээгүүр харайлгаад гарч байна. Тэр сайхан морьдыг харж суухдаа Энд чинь над шиг моринд дуртай хүн очвол зүгээр юмдаа гэв. Тэгтэл эгч нь нээрэн үү гэж байна. Батчулуун ч нээрэн зүгээр санагдаж байна гэлээ. Тэгтэл эгч нь маргааш УБХТН дээр яваад очоорой гэв. Тэгээд ажилд орлоо. Улсын алдарт уяач Даваахүүгийн туслах уяачаар зургаан сарын нэгнээс эхлэн ажиллаад наадам өнгөрөөд жинхэнэ адуучин болов. 1992 оноос УБХТН-ийн хурдан морийг уяж эхлээд улсын их баяр наадмаас гурван түрүү гурван айраг авчээ. Тэр богинохон хугацаанд нэрд гарав. 1995 онд зээрд халзан морь нь түрүүлж хээр халзан морь нь аман хүзүүнд ирэв. (Хээр халзан морь 94 оны наадмаар түрүүлсэн) Улсын наадамд их насны хоёр мориор түрүү аман хүзүү авч байсан уяач ховор юм. Батчулуун мэдрэмж сайтаагаас гадна азтай уяач юм. Азтай гэдгийн учир бол Даваахүүг дагаж морь уяж байхад түүний аав Данзанням жил бүр улсын наадмын морио сойхоор хүүгийнтэйгээ айл буудаг байлаа. Энэ хоёр аварга уяачаас сурсан мэдсэн юм их бий.

Тэр тухайгаа ингэж ярьж байна
Их насны морины ханасан уяа гаргана гэдгийг өвгөний (Данзанням) уяанаас ойлгосон. Өвгөн морио эдэлж чаддаг хүн морь уяна. Түүнийг мэдэхгүй сураагүй хүн яаж морь уях вэ гэдэг байлаа. Тэр морийг шууд л тааруулж уядаг мундаг уяач байлаа. Харин Даваахүү ахыг уяан дээрээ алдаж онож байхыг нь үзсэн. Алдахаараа нарийн засалд хосгүй хүн дээ. Тэр жил их насанд бор, цавьдар халзан хоёр морь уялаа. Хоёр морь нь их тарган гэдэс нь тасарсан байв. Их сунгаанд нэлээд хойгуур амьсгаа ихтэй цогиж ирлээ. Тэгсэн энэ хоёрт гар хүрэхийн хэрэггүй гээд адуунд нь тавьчихлаа. Би за энэ хоёр морь ч явахаа өнгөрлөө гэж бодож байв. Тэгээд наадмын урьд аравны орой барьж аваад зөөлөн хөлс аваад л явууллаа. Тэгсэн нэг нь зургаад нөгөөдөх нь есөд давхисан шүү. Даваахүү уяач миний багш юм. Өөрөө адуунаасаа хол байдаг. Тэр жилийн онд оролт унаа эдэлгээнээс хурдан морьд янз бүрийн байдалтай болно. Тэр бүх алдааг наадмын урдхан л засдаг хүндээ гэлээ.

Тэрбээр өөрийнхөө тухай ингэж ярив.
Миний алдарт уяач болох нөхцөл моринд дуртай заяаг минь түшээд амархан бүтсэн юм. Хэрэв би морин тойруулгад ороогүй бол. Гурван халзан морь надад таараагүй бол нэрд гарахгүй байсан. Явдаг шүү морь надад таарч би уяж чадсанаар морь хурдалж байгаа юм. Хэрэв би уяж чаддаг байхад явдаггүй морь таарсан бол би яахав. Хурдан морь таараад би уяж чадахгүй бол яахав гэдэг байна. Уяач хүн морио хурдлуулна гэдэг олон нөхцөл байдлаас шалтгаалдаг. Олон наадам болж байна. Олон хүн морь уяж байна. Морь уяна гэдэг цэвэр тооцооны ажил. Адууны тэр жилийн онд оролт ямар байна. Эмгэг сууж уу үгүй юу? Аль морийг ямар хүчтэй барьж авах вэ? Өвөл, зуны, хол ойрын том, бага наадамд ямар мориороо уралдахав гэдэг бүгд тооцоо. Зөв тооцвол сайн уралдана. Буруу тооцвол нөхөх аргагүй. Хурдан морийг ингэж тэгж уяна гэсэн баталгаагүй. Хөлслөх гээд нэмнээгээ аваад очтол хөлслөмгүй харагдвал түүнийг мэдрэх хэрэгтэй. Зарим уяачид өнөөдөр хөлсөлсөн морио маргааш нь нийлүүлэх үү гээд явдаг. Энэ бол буруу. Уяа орж эвэлсэн морийг эвлээгүй морьтой уралдуулбал уяа нь зүгшрээгүй морио бүр явахгүй  болгох талтай. Наадамд уях морио барьж авахдаа гурван биений (гэдэс. таваг, их бие) хөндүүрийг гаргасан байх хэрэгтэй. Үүний нэг хөндүүр нь гараагүй байхад уяа буруудна. Дөрвөн цагийн эргэлтэд уях их насыг зөв эдлэж өөхгүй сайхан дүүрэн бор махтай байлгах хэрэгтэй. Зөв унаагаар хөндүүр нь арилж хор нь гарсан морины нүд нь дэлгэцнээ дүүрч харагдана. Унаад адуунд нь тавихад хөлс нь амархан гөвөгдөж дайр нь арилсан байдаг. Уяачид морины хоол тааруулна гэж ярьдаг. Тэржилийн бороо, хур, ган, зуд ямар байгаа билээ. Өвс ургамлын гарц өтгөн шингэн нь аль зэрэг байна. Энэ бүхнийг тооцоод миний морь хэд үмхээд ч юмуу тэдэн цаг идээд хоол нь таарна гэж тооцно гэдэг утгагүй юм. Зөв уяатай морь идшээ өөрөө тааруулдаг. Миний хувьд морь идэж байгаад унтвал болжээ гэж үздэг. Харин морио сэрсэн дор нь барьж уядаг. Харин шороо идчихвий гэж байнга сэрэмжилдэг. Морь унтахгүй байвал уяа сойлго буруудсаных, мултарсан морь цадахаа байдаг, хөндүүр авсан морь идэхээ байдаг. Морины ир харина гэдэг оргил торгон ирэн дээр нь аваачаад буцааж байгаа юм. Мултарна гэдэг бярыг нь дуусгана гэсэн үг. Азарга засаатай адуу бяраар уралдана. Их нас бол ханасан зөв уяатай байж сая хурдлана. Ир ханасан адуу үс нь хоёр өнгөөр солонгорч хамба хилэн шиг харагдана. Нэг талаас нь харахад халиураад байх шиг. Нөгөө талаас нь ажихад бүрзийсэн байх шиг харагдана. Их унтана. Сормуус ээдрээгүй хатсан хөлсийг нь ханцуйгаараа ганцхан шудрахад арилж байдаг.
Ийм уяатай морь нэг хөрвөөгөөд л шилгээхэд хамаг хатсан хөлс нь гөвөгддөг юм. Хурдан моринд их гялгар өнгө муу. Мултрах, дутах хоёрт гялайдаг. Гялгар өнгийг дарж уралд гэдэг. Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална агсарна. Нөгөө нэг тал нь хооллож чадаагүй байхад нь ажлаар дараад байвал нухлагдаж өнгө зүсээ алдана. Сөрж таргалаад агсраад байгаа морины ажпыг нь хийгээд хангаад ирэхээр тайвшрана. Нөгөөхийг нь амраагаад өгөхөөр сэргэнэ. Морийг онгойлгоно гэдэг олон морьтой давхиулаад уушиг зүрхийг нь онгойлгохыг хэлдэг юм биш. Шар үсний нь нүхийг онгойлгож хир тоос шороогүй болгож арьсаар нь амьсгалуулахыг хэлж байгаа юм.
Уяач хүн өөрийн гэсэн их мэдрэмжтэй байж морь таньж сойж уралдуулна. Морь уяна гэдэг өрсөлдөөн гэхдээ уяач хүн өөрийн мэдсэнээ нууж байгаад өөрөөрөө дуусна гэдэг учир дутагдалтай. Хадгалж байгаа тэр нууцаа ганц хүүдээ юмуу ойр дотныхоо нэгэнд хэлээд орхилоо гэж бодъё. Гэтэл тэр нь морь хурдлуулах мэдрэмжгүй авьяасгүй нэгэн байвал тэгээд л өнгөрөө гэсэн үг. Тэгэхээр уяач хүн өөрийн мэдсэн сурснаа бусдад дуулгаж байх нь зөв гэж боддог.
 

HIIMORI.mn /Ш.Ганхуяг "Уяачийн нууц товчоон" номноос/

Сэтгэгдэл