2016 оны 01 сарын 14

Морийг уяхын өмнөх бэлтгэл, яг уяа эхлэх хоёрын торгон зааган дээр хийдэг зарим чухал ажлын тухай цөөн зүйл ярья. Энэ бол уях морины гурван хөндүүрийг гаргах тухай юм.

ТАВАГНЫ ХӨНДҮҮРИЙГ ГАРГАХ
Аливаа амьд амьтны үс жил тутам ургаж гуужиж байдгийг бид мэднэ. Үүний нэгэн адил, зарим амьтны эвэрлэг эрхтнүүд мөн жил тутам шинэчлэгдэж, хуучин нь унаж түүний цаанаас шинээр ургаж төлжиж байдаг. Адууны туурайн гахай нь жил бүр үзүүр хэсгээсээ элэгддэг, цаанаас нь шинэ хэсэг түрж байдаг. Энэ үйл явц хаврын улиралд дуусдаг бөгөөд хуучин гахай нь элэгдэж дуусаагүй байхад шинээр гахай нь түрэн туурайны аягандаа багтахгүй болж морь улддаг. Үүнийг тухайн цагт нь цэвэрлэж янзлахгүй бол морь зунжингаа улдах нь ч бий. Ийм учраас хавар 3 сарын сүүлчээр, цас цоохортохын үед үүнийг засч янзлах нь тун зохимжтой байдаг. Үүнийг тавагны хөндүүрийг нь гаргах гэж нэрлэдэг. Ер нь ул нимгэнтэй амархан улдамтгай моринд хавар яг энэ цаг үед гахайгий нь бэхжүүлэх ажил хийх хэрэгтэй. Үүний тул тарваганы тосоор гахайгий нь нэвтлэж өгвөл сайн эвэршин хатуурч гахай нь барагтай бол дэвтэхгүй болно.

Зарим хүн тарваганы тос хайлуулаад, мориныхоо туурайны аягыг дээш харуулж барьж байгаад халуунаар нь хийж байдаг, энэ арга зөв боловч, морь үргэх, үүнээс болоод халуун тосоо морины туурайн аяга руу бус гарынхаа алга руу хийчихэж мэднэ. Тэгэхлээр морио богочиж байгаад тарваганы тосоо хайлуулж халаалгүй аглиунаар морины туурайн аяганд хийх буюу гахай дээр нь тавиад , түүнийхээ дээр гадасны улайссан толгойг тааруулан барьж түүний халуун илчээр тосоо хайлуулан шингээвэл аюул осолгүй, илүү үр дүнтэй болдог юм. Ингэсэн морь бүтэн жилдээ улдахгүй. Тавагны хөндүүрийг нь гаргаснаар морины уяаны бэлтгэл ажил дуусах тийшээ хандана.

ГЭДЭСНИЙ ХӨНДҮҮРИЙГ ГАРГАХ БУЮУ ХӨВӨӨГ АРИЛГАХ
Үүний дараа гэдэсний хөндүүрийг нь арилгана, өөрөөр хэлбэл хар гэдсий нь холоос бага багаар хөнгөлж авна гэсэн үг. Үүнийг нилээд нутагт хөвөөгий нь арилгах гэнэ. Ганц нэгхэн уяж хонож хөлсөлсөөр энэ зорилго хангагдахгүй. Ихэнх уяачид наадамд уях морьдоо барьсан анхны өдрөө авч хоноод маргааш өглөө нь хөлсөлдөг, үүнийгээ хар гэдсий нь авч байгаа юм гэдэг. Үнэн хэрэгтээ энэ бол цаг хугацааны хувьд их оройтуулж, хөвөөгий нь маш дутуу авч байгаа явдал.

Цаашдаа хүнд, хөнгөн олон ажил хийсний дунд хөвөө нь увуу цувуухан арилж, морь мэнд сайхан уралдана, уяач үүндээ бодитой дүгнэлт хийхгүй доохнуур давхисан мориндоо буруу өгсхийгээд өнгөрдөг. Хөвөө гэдэг нь олон хоног сарын идэшнээс ходоод гэдэсний хананд наалдан хоцорсон өнгөр зузаарсаар, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дагуу түрэгдэн түрэгдсээр, нэгэн тал юм уу, эсвэл бүтэн хомоол дээр бөөгнөрөөд умасны нэг нугалаанд хөдөлгөөнгүй байршчихсаныг хэлээд байгаа юм. Үүнийг гүйцэт авахын тулд таван сарын дундаас эхлэн хоорондоо холын амраатай 2-3 удаа уяж хонож, хужиртай усаар услаад хөлслөх хэрэгтэй. Тэгээд мориныхоо баасыг сайн ажиглаж бай, гадуураа салстай бүрхүүлтэй, хатуурсан ганц нэг хомоол унагахыг нь олж үз, ялангуяа хөлснийг нь хатаахаар хөдөлгөж явахдаа, дүлж байвал бүр сайн аж.

Бага, дунд сунгааны үед амьсгаагий нь сайн ажиглаарай, бүх бие нь хөдөлж, дотроосоо дэлсгээтэй их амьсгалж байгаа бол “дотроо юмтай” буюу хөвөөтэй байгаа нь тэр, өөртөө төвөггүй, хамраараа цэвэр сайхан амьсгалж байвал хөвөө нь гарсан хэрэг.

БИЕИЙН ХӨНДҮҮРИЙГ ГАРГАХ
Ноднин жилийн уралдаанаас хойш хол замд, дээд хурдаар давхиагүй, өөрөөр хэлбэл ойрдоо ачаалал аваагүй морины булчин шөрмөс олон хоногийн ачаалалгүй амгалан байдалд дассан байдаг. Ийм булчин шөрмөсийг өндөр ачаалалд оруулахын өмнө бага багаар дасгаж, их ачаалал буюу давхилд эмзэглэхгүй болгож бэлтгэхийг морины бүх  биеийн хөндүүрийг гаргах гэж яриад байгаа юм. Үүний тул хавар эртнээс (тэжээх явцдаа) үе үе ойр зуур ухасхийж, үе гишүүгий нь чангарууйж байхаас гадна 5-р сард 1-2 удаа сайхан ханайлгаж байх нь зүйтэй.

“Ханайлгах гэдэг нь, нэмнэлгүйгээр, хар гүйхээр нь бус, цогихоос арай ширүүн явдлаар бага, дунд сунгааны хирийн газар давхина гэсэн үг. Ингэхэд морины бүх биеийн хөндүүр бүрэн гарна. Энд нэг зүйлийг зорид тэмдэглэн хэлье. Монгол улсын манлай уяач С.Ганхуяг энэ ажилд их ач холбогдол өгдөг бөгөөд, тэрбээр “өвөл, хавар тэжээсэн морийг хавартаа хэд сайн ханайлгахад амьсгаадахаа ч больдог, суухаа ч больдог” гэж ярьсан байдаг. Ингэхгүйгээр шууд уяанд орвол морины биенд хөндүүр сууж, ажил даахгүй няцрах талтай. Эндээс л уяа буруутахын аюул нүүрлэнэ. Хамгийн наад зах нь 25-ны эрлийз давхилын үед л гэхэд бүх биеийн хөндүүрийг бүрэн гаргасан байх шаардлагатай. Далны дээд үзүүр буюу цагаан мөгөөрсөн дээр нь хуруугаараа дарахад хөндүүрлэхгүй байгаа бол хөндүүр нь бүрэн гарчээ гэж ойлгож болно.”
 

Эх сурвалж: А.Баярмагнай

Сэтгэгдэл