2016 оны 01 сарын 14

Уяа морьдод хийгдсэн засал сойлго зохирсон бол дараах шинж тэмдэгүүд илэрдэг байна. Тухайлбал:

Морь засалдаа зохирсон үед уяандаа тэмүүлж дурших, зан ааль нь номхон дөлгөөн болох, хэлээ долоож эвшээн баясах, хүн ба морио нууж сэмээр харах, унтаж зүүдлэх, сэрээд сунайж хөлөө засах, биеэ хэвлэх, уяанаас тавихад улаан залаат Монгол малгай шидэх тухайн газарт очиж хөрвөөх, хөрвөөхдөө урд хөлөөрөө өвчүүгээ цохиж дэлдэх, уяандаа үргэлж унтах, хөмсгөө хэт харсан мэт байх, сайхан тунгалаг шүлс гаргах, шүлс нь унжралдсан бөгөөд амт нь гашуун байх, ямар ч зүстэй байлаа уг зүс нь уснаас гарсан мэт гялтганаж байх, сүүлээ үе үе шарвах, биеэ зууж маажих, мөн алсыг харж жиргэн үүрсэх, гэдэсний хэлбэр н ь өвчүүний халбага буюу аймхайн мөгөөрснөөс хойш цавь хүртэл шулуурч хөвчлөх, ташаан толгойн өлөн хонхор үлэмж багассан байх, баас нь маш нягтарч хомоол болохын дээр усанд хийхэд живэхгүй хөвөх, цээж амьсгалын үзүүр нь уушгины тархмаалаас хэтэрч өнгөрөхгүй болох бөгөөд тэрхүү морины дотогш татсан амьсгалын үзүүр нь цавьны буланд хүрч байгаа мэт хавирга нь яралзах, мөнхүү амьсгалыг гадагш түлхэж буцаахдаа алгуур аажмаар буцааж байвал сая заслага нийлж буй нь энэ гэж үздэг байна.

Уяа заслын зарим сударт алив морины хөлс, гэдэс хоёр тэнцэж уяа зовирвоос давхиж ирээд сэрвэлзэн тал тал тийш харах, амаа ангалзан эзэндээ сайхан аалиар загнаж байх ба үзэхэд нүдэнд зохистой бөгөөс уяандаа тэмүүлэн очиж цээжээ өндөрлөн алс харж, хоёр завжаар нь шүлс гарж, туурай юугаа нийлүүлэх хийгээд туурайн өнгө нь гялалзсан болох ба судал илрэх мэт, давхихад бие нь чанга, урд хоёр хөл нь эрүүн дор зэрэгцэн ирэх, хойд хоёр хөл нь сүүлнээс хойш хаягдах, давхиж ирсэн үед өвс унхилан идэхийг хүсэмжлэх, гишгүүлж явуулахад бие нь сулхан мэт салгалан явах, услахад амаа үл зайлан шудрага залгих зуур алсыг гурвантаа харж уух бөгөөд гэдэс нарийн тэгш, үсний өнгө хурц сайхан, нүд сэргэлэн бол уяа сойлго зохирсны шинж  тэмдэг хэмээн сургасан байдаг.

Манай нэрт соён гэгээрүүлэгч, судлаач О.Намнандорж агсан “Монголын хурдан морины тухай” Улаанбаатар 1998 номондоо: Уяж байгаа хурдан морины засал хансан эссэнийг сайн мэдвэл тэр морь гүйх эсэхийг мэдэхэд хялбар болно гээд засал ханасан моринд олон зүйлийн сонирхолтой шинж тэмдэг гарах тул үүнээс зарим хэдийг дурьдвал гээд: богино сунгаанд зэрэг туссан дөрвөн хөлийн мөр нэгэн шугаманд жирийнэ. Баас нь сэвгүй болж, хатуу нягт хомоол болсон байна. Уяандаа байхдаа хөлөө сойхгү, дөрвөн хөлөө тэв тэгш гишгэж ширээ шиг тэгш зогсоно. Хөлс зохирч уяа нийлж буй аваас хөлс нь өнгөгүй, тунгалаг, ямар ч хужир шүүний амтгүй болно. Биеийн ерөнхий хэлбэр нь улам ч гоё, өндөр нарийн болсон мэт үзэгдэнэ.  Хөрвөөхдөө урд хоёр хөлөө өвчүүндээ хүргэж цохих, хамар, дал, хөх махны удас олон гарах, зүсний өнгө гялтганаж уснаас гарсан юм уу, тос түрхсэн мэтээр харагдах, тарлалт үсэргэлтийн үед эмээлийн доор ямар ч хөлсний оргүй хув хуурай байх, мах нь үл хөөх, сэтгэл хөнгөн, соргог сэргэлэн болох, сормуус нь ээдрээ эрчгүй болох зэрэг шинж тэмдэгэ илэрнэ гэжээ.  
 

Г.Цэвэгмэд /Хурдан морьдын уяа заслын товчоон/ номноос

Сэтгэгдэл