2016 оны 01 сарын 14

Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнд хийсэн судалгаагаар 2009 оны нэг, хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас илүү цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг удаа дараа мэдээлж байна. Ер нь манай орны ихэнх нутагт хоногийн дундаж температур 11 дүгээр сарын эхээр -5 хэмээс илүү хүйтэрч, дараа оны гуравдугаар сараас +5 хэмээс давж дулаардаг. Судалгаагаар өвлийн улирал нь ойт хээрийн бүсэд 140-170 хоног, тал хээр, говийн бүсэд 100-129 хоног үргэлжилдэг бөгөөд нэгдүгээр сард хамгийн их хүйтэрч, сарын дундаж температур өндөр уул, хотгор хөндийд -25-35, тал хээрт -20-25, говьд -15-20 хэм хүйтэн байдаг. Өвлийн улиралд ихэнх нутгаар хүйтэрч, үе үе хүчтэй цасан шуурга шуурч, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болдог. Иймээс адуучид өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайн хангаж, өвлийн улирал эхэлмэгц адууны нутаг бэлчээр, хариулга маллагааг тохируулан, өдөр бүр өвс тэжээл, хужир шүү, усаар хангаж, тарга хүчийг нь тогтоон хадгалах нь чухал билээ.

Монголчуудын бэлчээрийн мал маллагааны уламжлалт арга, эрдэм ухаан нь олон зууны шалгарлыг давж, амьдралаар нотлогдсон төдийгүй, түүнийг эзэмшсэн малчин “дипломгүй эрдэмтэн” гэж өргөмжлөгдсөөр ирсэн.
 

Адуун сүргийн онцлог


Адууг өвлийн улиралд алсын оторт гаргаж, маллахын гол зорилго, ач холбогдол нь зун, намрын улиралд авсан тарга хүчийг тогтоож, эцээж тураалгүй онд мэнд оруулах, гүүний хээл хамгаалах, гарсан унага бүрийг бүрэн бойжуулах явдал юм. Адуун сүргийн нэг онцлог нь богино хөлийн мал хүрч чаддаггүй, усгүй буюу цас ихтэйн улмаас ашиглаж чаддаггүй алсын бэлчээрийг намар, өвлийн отроор ашиглах чадвар сайтай, хашаа байр, нэмэгдэл тэжээл бараг шаарддаггүйгээрээ бусад төрлийн малаас ялгагддаг. Түүнчлэн өвлийн тэсгим хүйтэн буюу -20–25 хэмд хэвийн идээшилж чадах биологийн потенциалтай, эрс тэс хатуу ширүүн уур амьсгалд гойд сайн зохицсон тэсвэр хатуужилтай мал юм. Өвлийн улиралд адууны нутаг бэлчээр нь алсын хүйтэн салхи шуурга хаах хөндлөн тогтсон уул бүхий нөмөр сайтай, цас хөрлөж хунгарладаггүй, хүйтэн жавар хурж хоргодоггүй, сэвэлзэж салхилдаг, өвс ургамал нь цантдаггүй, зун, намарт мал бэлчээрлээгүй, сахлаг соргог өвстэй, бэлчээртээ харз болон худгийн ус, хужир мараатай, ихэвчлэн уужим тал хөндий, жижиг дов толгодтой, хөрс нь зөөлөн хуурай, нимгэн зөөлөн цастай байвал сайн. Өвлийн бэлчээрийг алсаас харахад өвс ургамал нь хүрэнтэж харагдвал шим тэжээл сайтай, харин цайвар цагаан шаргал харагдвал шим муутай бэлчээр гэж шинждэг.
 

Адуунд ямар бэлчээр тохиромжтой вэ


Адууг 10 дугаар сарын сүүлчээс буюу өвлийн тэргүүн сарын шинэдээр алсын оторт явуулж, хаврын дунд сард нутагтаа эргэж ирэх нь тохиромжтой. Отрын адуунд тохиромжтой бэлчээрийн ургамлууд нь хангайн бүсэд ботууль, дааган сүүл, биелэг өвс, гичгэнэ, агь царгас, хүцэнгэ, хиаг, хээрийн бүсэд хялгана, хазаар өвс зонхилсон агь, ерхөг, хиаг, дааган сүүл, биелэг өвс, ботууль, гичгэнэ, тарваган шийр, шовийн бүсэд монгол өвс, хазаар, хялгана, агь, боролзой, бор шаваг, тогторгоно, тэсэг, баглуур, бударгана, таана, хөмөл байх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд бэлчээрийн ургац, шимт чанар, шингэц муудсанаас шалтгаалан адууны бэлчээрлэх хугацаа зун, намрынхаас уртсан, хоногт 20-22 цаг идээшилж, 2-3 цаг сул зогсч, унтаж, амрах зэргээр хоногийн 90 шахам хувийг бэлчээрт өнгөрүүлдэг. Өвлийн бэлчээр зуных шиг нөхөгдөн сэргэдэггүй, дахин ашиглагддаггүй учир маш ариг гамтай, хуваарьтай ашиглавал зохино. Адууг алсын оторт гаргахдаа цас усгүй бол шууд явалтаар, зам зуурт цас устай байвал хоноглож хариулгаар хүргэх хэрэгтэй. Шууд явалтаар хүргэх адууг оройхон усалж, зөөлөн хариулгаар шөнө дөл явуулж, үүрийн зогсоолд зогсооно. Өглөөний нар алсын уулын толгойд шүргэх үеэр аажим тааваар нь хөдөлгөж цаашлуулан дөхүүлнэ. Зам зууртаа устай бол богинын товших нүүдлээр бэлчээр ашиглан усалж ундлуулсаар хүрнэ. Өдөр тутмын богинын бэлчээрээр ингэж явуулах нь адууны хүч тарга, ул туурайд сайн байдаг. Отрын адууг яаран ширүүн тууж хөлөргөж болохгүй, бэлчээрлэх журмаар аажуу тайван тууж, өдөрт 10-15 км зай туулан, усалж, хужирлах газарт өнжиж амрааж явах хэрэгтэй. Отрын бэлчээрт хүрмэгц амраах, бага зэрэг сойлго авахуулах маллагааг 3-5 хоног хийнэ. Үүнд дулаан өдөр ухаа толгодын ар зоо шил бариулж хариулан, хатуу хөрстэй газар зогсоож амраана. Адууг бэлчээрт холхиулан ийш тийш хар зам татуулан цувуулахгүй байхын тулд цастай өдөр хариулах бөгөөд дулаан цэлмэг өдөр нь байн байн эргүүлэн тогтоож байх нь зүйтэй. Адуу нь маллагааны дэг журамд амархан дасдаг тул бэлчээрт тогтвортой байх эсэх нь эзэн хүний арга ажиллагаанаас шууд хамаарна. Адуу голдуу өвсний нарийныг хөөж, сорчлон тэгш хазаж иддэг цэвэрч амьтан учир талхлагдсан болон мал гишгэсэн унанги өвстэй бэлчээрт тогтож идээшлэхдээ муу байдаг. Бас бохир ус уудаггүй. Цэвэр, урсгал буюу худгийн хүйтэн ус шимж уудаг. Адуу жинхэнэ өнгөө олж, зоо нуруугаараа бөөрөнхийлөн, дэл нь задгайран босч, явахад нь сагсалзах нь тарга хүч гүйцсэний шинж. Өнгө зүс нь сайжран өег янзтай болж, байн байн хөрвөөж, бие биеэ маажин, бага насны адуу хөөцөлдөн тоглох шинж ажиглагдвал нутаг ус тохирсных гэдэг. Ямар ч мал өвлийн хүйтэнд биеийн дулаанаа хэвийн хэмжээнд байлган хүйтнийг тэсвэрлэх, бэлчээрт явж цасан дороос өвс ургамал олж идэх, уусан ус, идсэн цасыг хайлуулж бүлээсгэх зэрэгт ихээхэн энерги зарцуулдаг. Хэрэв бэлчээрээс олж идсэн тэжээл нь энэ хэрэгцээг хангаж чадахгүй бол өөрийн биед нөөцөлсөн өөх тос, уураг, нүүрс ус, эрдсийн бодисыг задруулж, энерги болгон хэрэглэж, турж эцдэг..

Өвлийн улиралд адуун сүрэгт агь, ерхөг, хялгана, хиаг, баглуур, хазаар, суль, таана, бударгана зэрэг сэрмүүн соргог нарийн өвс ургамалтай, алсын хүйтэн салхинаас хаацайлсан нөмөр зоо нуруу, толгод бүхий бэлчээр тохиромжтой. Отрын адууг өдрийн бэлчээрт хоньчлон хариулахад тарж бутрахгүй, бэлчээрээ гатчиж гишгэхгүй сайн талтай. Хоньчлон хариулна гэдэг нь отрын адууг үдээс өмнө урцаасаа зайдуу бэлчээрт хариулаад, үдэд гаднаа авчирч амраагаад, үдээс хойш дахин бэлчээрт гаргахыг хэлнэ. Үдээс хойш бэлчээсэн адууг оройн нар уулын толгойд буух үед азарга, азаргаар нь бүртгэж, шөнийн бэлчээрт гилнэ. Бэлчээрлэсэн адуу үдшийн бүрий, үүрийн жавар болохын урьд түр зогсч амардаг энэ үест чонын гүйдэл тохиолддог гэдгийг адуучин бүр санаж, адуугаа сэрэмжтэй манаж байх хэрэгтэй. Адуу үдшээр, шөнө дунд, үүрээр гэсэн гурван зогсоол, гурван унтлагатай. Зогсоолд сургахын тулд 2-3 шөнө дараалан манана. Ингэж сургавал бууцан дээрээ хөрвөөж амран, биеийнхээ чилээг гаргаж, тухтай хэвтэх буюу зогсоогоороо унтаж амардаг. Ингэсэн цагт хээл цуцрахгүй, тарга хүч шуугдахгүй. Бэлчээр зогсоолоос хол байх нь тохиромжгүй. Дунджаар дөрвөн км-ээс хэтрэхгүй байвал зохино. Адууг эцээж тураадаг нэг зүйл бол цан хүүрэг. Адууны үс арзайж, хөдөлгөөн нь удаашран, өглөө ширүүхэн давхиад очиход үргэж цочих нь бага байх, сүргээсээ хоцрох нь турж буйн шинж юм. Үдшийн бүрий, үүрийн жавраар нөмөр, дулаан зогсоолд байсан адуу цантаж, даарч бээрдэггүй, харин ч бие нь дулаацан, зоо нуруу нь тавигдаж байдаг. Иймээс оройн 21-22 цагийн үед адуугаа зогсоолд оруулж хэвшүүлэх нь бэлчээр ашиглалт болон хоол тэжээл боловсруулалт, бодисын солилцоонд чухал нөлөөтэй анхаарах хэрэгтэй. Адуу бэлчээртээ хий холхин гэдэс алдах, хомоол нь харлаж эхэлбэл бэлчээр тохироогүйн шинж байдаг. Бэлчээртээ тогтохгүй байдгийн бас нэг шалтгаан бол явамтгай азарга, азаргандаа хураагддаггүй захлан явдаг бүдүүн гүү, эсвэл бэлчээрийн өвс ургамал тохироогүй, бэлчээрлэж байгаа газрын цасны нимгэн зузаан, салхи жаврын цохилтоос хамаарна. Иймээс адууны өвлийн бэлчээр нь ихэвчлэн уужим тал хөндий, жижиг дов толгодтой, газрын хөрс нь хуурай зөөлөн, бага зэргийн цастай, өтгөн сахлаг, сорлог нарийн өвс ургамалтай байвал тохиромжтой.
 

Гүү юунаас болж хээл хаядаг вэ


Адуучин хүн унаа морио юүлэх нэрийдлээр адуун дундуур хамаагүй морь хөөж давхих нь онц биш. Учир нь бэлчээрлэж байгаа адуу тогтворгүй болж, тарж бутрах, ижлээсээ салах, гүү хээл хаях, даага сарваа том адуунд дайрагдан бэртэж гэмтэх, өеөдөх зэрэг сөрөг үр дагавартай. Мөн зузаан хөр цастай, цасны нягтрал ихтэй бэлчээрт бэлчээх, нутаг бэлчээрийг буруу сонгох, усаар гачигдуулах, ширүүн хөөж туух, шахцалдуулах, үргээж цочоох, хүйтэн усаар гэнэт услах, муудсан тэжээлээр тэжээх зэргээс гүү амархан хээл хаядаг. Гүү хээлийнхээ 3-5 болон 9-10 дахь сард хээл хаях нь илүү байна. Энэ үед гүүний хээлийн байрлал хөндөлсөөгүй байдагтай холбоотой. Хээлтэй гүүг гэнэт үргээж цочоосноос стресст орж, бөөрний дээд булчирхайнаас адреналин гормон ихээр ялгарч, цусны судас, түүний дотор эхсийн судас ихэд нарийссанаас хээлийн бие махбодид хүчилтөрөгч дутагдаж, ийм байдал давтагдан удаан хугацаагаар үргэлжилбэл хээл зулбадаг. Ардын уламжлалт арга ухаанд гүү хээл хаямаар шинж мэдэгдвэл тарваганы халуун бүлээн тос хоолны том халбагаар 2-3 удаа өгөхөд тогтоно гэж үздэг. Ингэснээр хээлийн нарийссан судас тавигдаж, цусан хангамж сайжирдаг байна. Гүүний хээлийн судаст бүрхүүлийн цэлмэн /товч/ хэмжээгээр жижиг, урт нь 1.5 мм орчим, үзүүртээ жижиг салаануудтай, эхийн савны салст бүрхүүлийн хонхорт шигдэн орсон байдаг. Биологи, физиологийн энэ онцлог нь хээлтэй гүүний арчилгаа, маллагааны технологийг өчүүхэн төдий зөрчсөнөөр хээл хаяхад хүрдгийг гэрчилж байна.

Отрын соргог бэлчээрт байгаа гүүний тарга сайн тогтдог боловч хээл нь томорч, турж эцсэн гүүнүүдийг алсын оторт гаргалгүй, ойрын нөөцөлсөн бэлчээрт маллаж нэмэгдэл тэжээл өгвөл зохино. Ер нь хээлтэй гүүний тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцөлийг сайжруулах, өвс, ус сайтай, нөмөр дулаан бэлчээрт тайван бэлчээх, үргээж цочоохгүй байлгах, эрүүл эсэхийг нь анхаарч, шаардагдах арга хамжээ авах замаар хээлийг нь хамгаална. Сүргээсээ хоцрох, ус руу цувах, улдах, гүү унагаа сахих, бүх бие нь хөлөрч, чийг даах, үс нь бүрзийж, өнгө алдах, хүч нимгэрэх нь адуу хайлж зутарч буйн дохио. Өвлийн улиралд адууг аль болох нөмөр бэлчээрт зогсоож сургавал барагтайд урууддаггүй. Адууг тарган сайхан байлгах нэг чухал нөхцөл бол хужир болно. Тэгэхдээ заавал тогтмол хугацаанд хужирлаж бай. Адууг туувраар болон бэлчээрт хужирлаж болно. Туувраар 7 хоногт нэг удаа 2-3 хоногоор тэр хавийн бэлчээрт байлгаж хужирлана. Бэлчээрт ойрхон хужиртай бол 7 хоногт хоёр удаа хужирлана. Хужирсаа нь гармагц отрын бэлчээрт алгуур хүргэнэ. Адууны бэлчээр таарсан байвал бэлчээртээ налгар тогтуун, зарим нь тарайж хэвтэнэ, маажилцан зогсоно. Бас хомоол нь том, бор шар өнгөтэй байна. Бэлчээрийн цас хатуурснаас адуу цас хэтэрхий цавчиж, идээшлэх цаг нь багасах, гүү дотроосоо хайрагдаж, хээл хаях зэрэг гэм гардаг. Судалгаанаас үзэхэд бүдүүн адуу өвлийн улиралд өдөрт 20 гаруй литр ус уудаг. Хэрэв цасаар ундалж байгаа бол цас хайлуулан, ийм хэмжээний ус болгоход ихээхэн илч энерги зарцуулна гэсэн үг.

Адуу нь угтвар ходоодгүй, бодисын солилцоо нь өндөр төвшинд явагддаг, түүнийгээ хангахын тулд өдөр, шөнөгүй идээшлэх шаардлагатай, биеийн гадаргуугаараа бусад малаас том байдаг нь хүйтний улиралд биеийн дулаанаа илүү алдах байгаль-биологийн нөхцөлийг даван туулдаг тул бусад малаас хавьгүй их байгалийн шалгаралд өртдөг. Энэ утгаараа өөхний ханаагүй хүчлийг биедээ хамгийн ихээр нөөцөлдөг. Учир нь хүйтний туйл руу ойртох тусам амьтны өөхөн эдийн ханаагүй хүчлийн агууламж ихэсдэг. Энэ нь өөхний ханаагүй хүчил ханасан хүчлээс илүү их энерги агуулдагтай холбоотой юм. Адууны нарийн, бүдүүн гэдэс нь биеийнхээ хэмжээтэй харьцуулахад маш том, урт байдаг бөгөөд биеийн дотоод дулааныг гадагш аль болох бага алдах биологийн нөхцөл бүрдүүлдэг. Энэ нь түүний байгалийн тэсвэрт чанарын томоохон үзүүлэлт юм

Өвлийн улиралд адууг бага үдийн алдад цаг агаар харьцангуй дулаарсан үед усалж байх хэрэгтэй. Их ундаассан адууг хүйтэнд хүйтэн усаар услахад бага жижиг адуу гэдэс нь царцаж цанх, гэдэсний хатгалга авч өвчлөх, гүү хээл хаях явдал гарч болзошгүй. Хэрэв адууны бэлчээр муудан, цас хатуурч эхэлбэл яаралтай нутаг сэлгэж нүүх нь чухал. Адуу цаг агаарын өөрчлөлтийг урьдаас мэдэрдэг онцлогтой мал юм. Тэнгэрийн хаяа бүүдийж, нар хүрээлэн, жавар салхины хүч ихэсч, цаг агаар муудах төлөвтэй болсон үед адууны тогтвор муудаж эхэлдэг. Өвлийн улиралд агаарын температур -35 хэмээс илүү, салхины хурд 15 м/сек их болоход адуу бэлчээрлэх боломжгүй болвол нөмөр нөөц бэлчээрт тогтоож маллах хэрэгтэй. Адуучин бүр цаг агаарын мэдээ байнга сонсож, мэдэж байх ёстой. Тэгснээр хэзээ, хаана цас орох, цасан шуурга шуурах, цаг агаар тогтуун байх эсэхийг мэдэхээс гадна отрын ямар бэлчээрт яаж бэлчээхээ ч урьдчилан төлөвлөх боломжтой. Адуугаа өглөө бүр азарга, азаргаар нь бүртгэж, сарнисан болон ижлээсээ ганц нэгээрээ тасарсан, хоцорсныг ижилд нь нийлүүлж байхаас гадна эцэж, турж буй хөгшин гүү, даага сарвааг гаднаа цаг алдалгүй авч, нэмэгдэл тэжээл өгч, онд мэнд оруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Адуу байгаль, цаг уурын болзошгүй аюулд нэрвэгдэх боловч даван туулах чадвар, тэсвэр хатуужлаараа бусад төрлийн малаас хавьгүй илүү. Энэ нь монгол адуунд заяасан гайхамшигт чанар юм.

2008 оны байдлаар манай улсад 2.3 сая адуу тоологдсон бөгөөд нийт малын 5.6 хувийг эзэлж байна.

Зоо-цаг уурын судалгаанаас үзэхэд адуу цастай бэлчээр ашиглах талаар бусад төрлийн малаас хавьгүй илүү, тухайлбал бэлчээрийн өвс ургамал сайн байхад 50-иад см зузаантай зөөлөн цасыг цавчиж идээшилж чаддаг.

Судалгаанаас үзэхэд өвөл, хаврын улиралд бэлчээрийн ургац 33-73 хувь, ургамлын шимт чанар зуныхаас 2-3 дахин, шингэх протеин 3-4 дахин буурч, өвөл, хаврын улиралд бэлчээрийн монгол мал хоногт шаардагдах тэжээлийнхээ дөнгөж 40-50 хувь, шингэх протеины 30-35 хувийг бэлчээрээс авдаг
 

Г.Бадамханд  www.agritom.info

Сэтгэгдэл