2016 оны 01 сарын 14

Монгол адуу, түүний дотор уяа моринд байнга тохиолддог эмгэг бол ханиад билээ. Ихэнх уяачид миний тэр морь ханиачихаж, ханиачихсан тул тамиргүй байсан гэж ярих нь ердийн л асуудал. Гэхдээ  ханиад нь уяа моринд голчлон тусдаг гэж хэлж болохгүй, учир нь орчин үеийн уяач хүн зөвхөн уяа морьтойгоо харьцдаг болчихсон тул энэхүү эмгэгийн сөрөг үр дагаврыг уяа адуун дээрээ ихээр ажигладагтай холбоотой юм. Цаашилбал  “адууны ханиад” гэдгийг зөвхөн ардын уламжлалт ухааны хүрээнд хүлээж авдаг тул амьсгалын замын эрхтнүүдийн төрөл бүрийн  эмгэгүүдийг нийтэд нь “ханиад” гэсэн ойлголтоор хүлээж авдаг. Иймээс энэхүү асуултанд шинжлэх ухааны зохих тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ер нь шинжлэх ухаан сул хөгжсөн газарт аливаа өвчин, эмгэгийн талаарх танин мэдэхүй нь ардын ойлголт буюу ухагдахуунд захирагддаг. Харамсалтай нь тэр нь шинжлэх ухааны ойлголтоос ихээхэн зөрүүтэй байх нь элбэг. Ийм орны нэг нь Монгол орон. Хэдийгээр Монгол оронд шинжлэх ухаан хөгжөөд 70-80 жил болж байгаа боловч төрийн захиалгатай, эдийн засгийн ач холбогдолтой өвчнүүдийг судлах асуудлыг санхүүжүүүлж байсан тул бидний сонирхож байгаа асуудлыг судалсан явдал тун бага. Гэхдээ энэ талаар дэлхийн хүрээний судалгаа бол маш өндөр түвшинд хүрсэн билээ. Хамгийн гол нь энэхүү судалгааг Монголын өвөрмөц нөхцөлд зөвөөр тайлбарлах нь чухал. Энэхүү хандлагын хүрээнд та бүхэнд “ханиад” гэсэн ойлголтын тайлбарыг хүргэх болно. Амьсгалын замын эрхтнүүдэд хамрын хөдний /маш олон мөгөөрслөг нугалаануудаас бүрддэг/, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушигны том мөгөөрсөн гуурсууд, альвеолиуд буюу цулцангууд, тэр нь уушигны эдийг бий болгодог. Хамгийн сонирхолтой нь эдгээр эрхтнүүд нь эсийнхээ бүтцийн хувьд бас л ялгаатай ч аль ч эд нь эмгэгшиж үрэвсэхэд ихэнх тохиолдолд ханиах нийтлэг шинж тэмдэгээр илэрдэг. Иймээс ханиах бол тодорхой өвчин биш, дээрх эрхтнүүдийн эмгэгийн үед илрэх гадаад нийтлэг шинж тэмдэг нь болно. Ер нь өвчинг яг онож нэрлэх явдал бол шинжлэх ухаанд хамгийн чухал. Онож нэрлэх нь түүний үүсэх шалтгаан хийгээд өвчний явц, эдгэрэл, эмчилгээ, тавиланд маш чухал ач холбогдолтой байдаг. Жишээлбэл  хамрын хөндийн салст бүрхүүлийн үрэвслийг ринит, дээд эрүүнүий хөндийн үрэвслийг гайморит, төвөнхийн үрэвслийг ларингит, мөгөөрсөн хоолойн үрэвслийг трахеит, гуурсны үрэвслийг бронхит, уушигны үрэвслийг пневмони, мөгөөрсөн хоолой, гуурс, уушигны үрэвслийг бронхопневмони гэх мэтээр ангилдаг. Түүнчлэн уушигны үрэвслийг үрэвслийн үе шат, үрэвслийн шингэнээс болж салслаг, идээрт, идээрт-үхжсэн гэх мэтчилэнгээр ялгаатай. Энэ болгонд эмчилгээний өөр өөр аргыг барьж эмчлэх шаардлагатай. Тэгэхлээр шинжлэх ухаан гэдэг бол маш агуу зүйл. Харин  бидний хувьд бол шинжлэх ухааны маш энгийн ойлголт л хэрэгтэй. Үүнээс гадна бидний сайн мэдэх халдварт ханиад буюу грипп гэдэг өвчин бий. Энэ бол эмгэг төрүүлдэг вирусээр үүсгэгддэг, маш хурдан тархалтай, уушиг барьж тусдаг халдварт өвчин. Уг өвчний талаар сэтгүүлийнхээ өмнөх нэг дугаарт маш дэлгэрэнгүй авч үзсэн тул энд ахин дурдах нь илүү биз ээ. Гэхдээ бас л илрэх гадаад нийтлэг шинж тэмдэг нь ханиах, халуурах болно. Түүний нэг онцлог нь вирус үржиж олон болохдоо бидний нүдэнд харагдаж байгаа эд биш, харин түүнийг бүрдүүлдэг нүдэнд харагддаггүй, олон сая эсүүдийн ширхэгчилсэн нэг эсийн дотор орж, түүний биологийн энергийн бодисыг ашиглаж, эсийн бүрэн бүтэн байдлыг эвдэж, эмгэгшүүлээд гардаг. Харин аливаа амьд эс эвдэрч, хэмхэрсэн бол түүнтэй зэрэгцээд бүрэн бүтэн байдал, үйл ажиллагаагаа эргэж сэргээх процесс явагдаж эдгэрдэг. Энэ бол амьд ертөнцийн хамгийн гол онцлог. Энэхүү жамыг манай уяачид сайн гадарладаггүйгээс болж “Хөлийн хийгээд адууны төрөл бүрийн өвчин эмгэгүүдийг хатгаж, ханаад л эдгээгээд байна” гэсэн гэнэн ойлголтоосоо ерөөсөө салж чаддагүй. Би, гараа эсгэчихээд хэд хоноход ямарч соривгүй эдгэрчихдэг, гурвэлийн сүүлийг тайраад хаяхад тун удахгүй ургадаг гээд жишээ зөндөө л авч тайлбарласан. Мэргэжлийн бус болохоор ойлгодоггүй юм болов уу, эсвэл ойлгохыг хүсдэггүй ч байж болох. Тэр ч бүү хэл манай мэргэжлийн хүмүүст ч гэсэн энэ талын ойлголт маш сул. Тэгэхлээр үүсгэгчээр үүсдэг өвчний шалтгаан бол маш тодорхой. Харин тодорхой үүсгэгчээр үүсгэгддэггүй, тэгсэн мөртлөө амьсгалын замын эрхтнүүдийг үрэвсүүлж өвчлүүлээд байдаг шалтгаанууд бол тодорхой бус байдаг тул чухам ийм шалтгаанаас болж үрэвсдэг гэж хэлэхэд амаргүй, тухайн үед үүссэн үрэвсэл тус бүрт өөр өөр шалтгаанууд байдаг. Манай орны хувьд бол “ханиад” гэж нэрлэгдээд байгаа өвчин бол ихэвчлэн уушигний эдийн төрөл бүрийн үрэвслүүд байдаг бөгөөд хамгийн их тархсан нь уушигны идээрт үрэвсэл юм. Гэхдээ эхлээд уушигны салслаг үрэвсэл хэлбэрээр үүсч, тэр нь сунжирч идээрт үрэвсэл болдог. Хүн эмнэлэгт идээрт бус уушигны үрэвслийг арай боловсронгуй байдлаар “уушигны хатгаа” гэж нэрлэдэг.  Хамгийн гол нь уушигны салст үрэвсэл үүсээд байхад бид анзаарахгүй байж байгаад сүүлдээ идээрт үрэвсэл болж хувираад, дараа нь идээрт үрэвслийн эдгэрэх үед бид мэдэж, түүнийг ханиачихаж гэж ярьдаг. Ихэвчлэн морь уях үеэр уяа моринд жаахан ажил хийгээд ирэхээр нь хамраас нь идээр гарна, тэр үед л мэднэ дээ. Уул нь морио байнга ажиглаж, өдөр болгон хажууд нь байдаг бол морь чинь эхлээд тодорхой шалтгаанаас бол уушигны тодорхой хэсэгт үрэвсэл үүсч, ингэснээр тухайн адуу гэнэт идшиндээ дургүй болж өнгө алдаж эхлэдэг. Хэрэв тухайн адууны биеийн эсэргүүцэл сайн бол ханиад нь тэгс хийгээд эдгэрнэ. Харин биеийн эсэргүүцэл сул бол цаашид  үрэвсэл  ужигарч үхэлд хүртэл хүргэдэг. Ер нь суурьшмал маллагаатай адуунд ханиад бол бас тийм ч хөнгөн өвчин биш шүү. Монгол адуунд тохиолддог ханиад нь ихэвчлэн хаврын улиралд байгал-цаг агаарын эрсдэлийн дор үүсэж, эзэндээ зуны эхэн сард л мэдэгддэг тул монгол адууны тэсвэрт чанар, биеийн эсэргүүцэл гэж агуу зүйл байдаг юм. Гэхдээ энэхүү ханиад нь ор мөргүй эдгэрдэг гэж үзэж болохгүй. Ялангуяа ужигарсан үед тухайн хэсэгт бий болсон идээрт үрэвсэл нь нэг хэсгээс нөгөөд шилжиж тэр болгонд биеийн халуурал явагдаж, бидний ярих дуртай дотуур тамирыг авч одохоос гадна уушгинд үлдэгдэл бий болгодог. Хамгийн гол нь уушигны эдийн тодорхой хэсэгт “хунисан” соривжилт, эсвэл цулцангийн тэлэлтэнд сөрөг үр дагавар үүсч, тэр нь уушигны тэлэлтэнд сөргөөр нөлөөлж, улмаар хүчилтөрөгчийн хангамжинд сөрөг нөлөөтэй. Үүнийг нэлээн сайн чагнаж сурсан, туршлагатай эмч хүн л сайн нягтлан сонсож байж л мэдрэнэ. Харин уяач хүнд бол морины давхил сайн гарахгүй байх, үзүүр дээрээ суугаад байх зэрэг байдлаар илэрдэг. Харин энэхүү сорвижилт хэзээ ч бүрэн эдгэрдэггүй. Гэхдээ ханиад хүрэх болгонд уушигны эдэд сорвижилт үүсдэггүй. Гол нь тухайн үрэвсэл яаж үүсэв, малын биеийн эсэргүүцэл ямар байв, ямар цаг үед тусав, эзэн хүн хэзээ мэдэж, ямар арга хэмжээ авав гэдгээс ихээхэн шалтгаална. Иймээс уях морийг аль болох  ханиадад өртүүлэхгүй байхаар маллах хэрэгтэй.

    Тэгэхлээр бидний ярьдаг энгийн ханиад бол халдвар байхгүй, тухайн малд л тусдаг. Энэ жил бид Сэргэлэн сумын 61 –ийн гарман дээр морио уясан юм. Тэгтэл наадмын урьдах өдрүүдэд Хүй долоон худагт адууны ханиад их байна гэсэн явган яриа гарч, том том уяачид уяа морио тэндээс зөөж уралдах шийдвэр гаргаж хэрэгжүүлж байсан. Мэдээж халдварт өвчин гарсан бол тийм алхам хийхэд буруугүй байсан боловч асуудлыг сайн мэдэхгүй учраас ихээхэн л хүндрэлтэй тулгарах шиг болсон. Хэрэв хадварт ханиад гарсан бол ямарч тохиолдолд улсын наадмын морин уралдааныг зохиохгүй байх ёстой. Тийм  эрх зүйн үүргийг  олон улсын хүрээнд Монгол орон хүлээсэн байдаг. Уул нь бол хажууд нь байгаа нэг муу малын эмчээс асуугаад, түүнд итгэсэн бол болох л байлаа. Нөгөө талаас уушигны үрэвсэл нь мөөгөнцрөөр халдварлаж болдог. Энэ тохиолдолд гол шалтгаан нь өвс, овьёосыг буруу хадгалснаас болж тэжээлд мөөгөнцөр үржиж, улмаар амьсгалын замыг өвчлүүлдэг. Гэхдээ манай орон шиг хуурай цаг агаар зонхилсон, эрс тэс уур амьсгалтай газар тохиолдох нь ховор. Гэхдээ хүчит тэжээлийг хадгалахдаа их болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа өнжөөсөн тэжээлээр уяа морийг тэжээх шаардлагагүй. Энэ тохиолдолд халдвар байдаггүй ч нэг тэжээлээр тэжээгдсэн ихэнх адуу нэгэн зэрэг уушиг- цагаан мөгөөрсөн хоолойн өвчнөөр өвчилж болдог.
Монгол оронд уушигны үрэвслийг үүсгэх маш олон шалтгаан байдаг боловч хамгийн гол нь малын биеийн эсэргүүцэл бүхэлдээ суларсан цаг үе болох хавар цагт л салхины урсгалын зохисгүй харьцаанаас болж үүсдэг. Энэ нь гэнэтийн хавсрага, хүйтэн цас, бороо орох, цаашилбал хавар цагт уулын хэцэд байгаа адуунд их тусдаг. Учир нь уулын орой, суга, хавцалын салхи нь адууны биеийн гадаргууд харилцан адилгүй үйлчилж, тухайн хэсэгт үйлчилж байгаа салхины хурд нь биеийн нийт гадаргууд үйлчилж байгаа салхины хүчээс илүү байх нь биеийн тухайн хэсэг илүү хөрөлтөнд огцом орж,тухайн хэсэгт цусны эргэлт өөрчлөлтөнд орж үрэвсэх, улмаар төрөл бүрийн нян үржих нөхцлийг бүрдүүүлж өгдөг. Энэ бол Монголын нөхцөл дэх үндсэн шалтгаан. Үүний хиймэл буюу зохиомол орчин нь өвөл, хаврын цагт битүү тэргэнд морио ачиж явахдаа хажуу бөөрөн хэсэг, эсвэл урд нүүрэн хэсэгт бага зэргийн цоорхой байвал энэхүү нөхцөл бүрдэж, хатгаа авахаас гадна хэт агаар оруулахгүй нөхцөлд ачсанаас болж, морьд их хөлрөөд нэмнэхгүй буулгавал тэр дороо л хатгаа авчих гээд байдаг. Мөн өвөл-хавар морио уралдуулчихаад ямар үед нь нэмнэхэв гэдэг асуудал ч их чухал. Эс авбаас нойтон нэмнээгээр биеийг хайрвал бас л уушигны хатгаа авах гол шалтгаан нь болдог. Иймд шалтгаанууд нь бол тодорхой байна. Харин түүнээс яаж сэргийлэх нь эзэн хүнээс  хамааралтай.

    Нөгөө талаас бидний ярих дуртай ханиах шинж тэмдэг тийм нийтлэг үү гэсэн асуулт чухал. Үнэхээр уушигны хатгаа болон түүний хүндрэлд ханиах нь тийм ч нийтлэг бус. Зөвхөн хамрын хөндийгөөс шингэн гарахаар л ханиачихаж гэж нийтээр ойлгодог. Мэдээж амьсгалын замын эс, эд эмгэгшсэн бол түүний үрэвслийн шингэнээс ангижрах гэж ханиах нь биологийн төрөлхийн рефлекс болохоос өвчний онцлог биш. Тэр тусмаа ямар эд эрхтэн, яаж гэмтсэнээс болоод үрэвслийн явц ч адилгүй тул ханиах бол бас харьцангуй ойлголт. Миний амьдралд багагүй уушигны үрэвсэлтэй адуу тааралдаж байсан боловч хүн шиг хөхүүлж ханиаж байгаа адуутай ховор тааралдсан. Тэр ч бүү хэл 2007 онд гарсан халдварт ханиадын үед ханиах нь нийтлэг байсан боловч байнгын бус  байв. Иймээс ханиах бол бие даасан өвчин бус, зүгээр л нийтлэг шинж тэмдэг тул адууны амьсгалын замын өвчинд ул мөртөй хандах хэрэгтэй. Уушигны хатгааг дөнгөж авсан дор нь мэдэж эмчлэх нь чухал. Үүнийг мэдэх нь тун амаргүй. Хамгийн гол нь ханиахдаа бус, тэжээлдээ дургүй болох, гэдсээ татах, турах шинж тэмдэг нь үрэвсэл авч болох шалтгаантай давхцаж байвад хатгаа авч гэж үзэх үндэслэлтэй.  Өвчний эхэн үед бараг ханиадаггүй. Гэхдээ уушгыг сайн чагнаж сурсан эмч л оношилж чадна. Уушиг нь бүхэлдээ үрэвсдэггүй, тодорхой нэг жаахан хэсэг нь автагддаг тул их нягталж чагнах шаардлагатай. Бас амаргүй. Үрэвслийн байршил, шинж чанараас болж бас уушигны авиа харилцан адилгүй. Манай малын эмч нар бол чагнаж онош тавих нь битгий хэл, чагнууртай эмч би бараг  хараагүй. Иймд өөрсдийнхөө туршлага дээр тулгуурлаж байхаас өөр аргагүй. Харин уушигны хатгаа эдгэрэх шатандаа орсон, идээрт үрэвсэл гадагшилж байгаа үед бол эмчээр оношлуулах шаардлагагүй. Гэхдээ чагнуулж, уушиганд ямар үлдэц байгаа эсэхийг мэдэх нь чухал. Нөгөө талаас хамрын хөндий үрэвслийн үед ч идээрт үрэвсэлд шилжих нь элбэг байдаг. Энэ тохиолдолд халуурал бага, эмгэг амьсгаа бараг байхгүй, хамрын нүхнээс гарч байгаа идээр нь шинэлэг байх зэрэг бага зэргийн зөрүү бий. Үүнийг бас л ялгадаг байх хэрэгтэй. Гэхдээ монгол адуунд хамрын хөндийн үрэвсэл тун бага тохиолддог. Эмчилгээний хувьд бол уушигны хатгааны эхэн, сүүл хоёр үеийн эмчилгээ бол эрс ялгаатай. Эхний үед үрэвслийг дарах, нян үржихээс сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээ хийх шаардлагатай бол сүүл үед нь хордлого тайлах, витаминжуулах, унаа эдэлгээг зөв зохицуулах явдал  чухал. Ер нь дутуу эдгэрсэн морийг уяж гэнэтийн стресст оруулснаар өвчин ахих магадлал ихтэй байдаг тул уяаны үед хатгаа илэрвэл уяхаас татгалзаж биеийн тэнхээ авах байгалын нөхцлийг бүрдүүлж өгөх нь чухал. Эмчилгээг дэс дараатай энд бичсэнгүй. Учир нь мэргэжлийн ямарч ойлголтгүй хүнд эмчилгээ зааж өгөх нь түүнээс илүү хор хөнөөлтөй байдаг гэж үздэг тул татгалзав. Тэд ихэвчлэн буруу хэрэглэхээс гадна хэт мэдэмхийрч бүх өвчин эмгэгт нөгөө эмчилгээгээ хийдэг дутагдал нийтлэг байдаг. Монгол адууны байгал-биологийн тэсвэрт чанар бол агуу. Иймээс хатгаа авсан морийг арчилгааг сайжруулах энгийн арга хэмжээ авахад аль болох ул мөргүй эдгэрэх нь нийтлэг. Харин манай их мэдэгчдийн ярих дуртай “шинэ монгол”  адуу хийгээд араб болон бусад үүлдрийн адуу бол уушигны үрэвсэлд ихээхэн эмзэг, халуурлыг даах нь муу байдаг тул үр дагавар нь их хүнд тусдаг. Ийм “шинэ адуу”-тай гэж бахархах болсон хүмүүс уушигны хатгаанаас ихээхэн хамгаалж, яаж түүнээс урьдчилан сэргийлэх талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй.

Тэгэхлээр бидний ярьж сурсан, бас мэддэг гэж үздэг ханиад бол маш олон янзын эдийн эмгэгүүд байж болохоос гадна ханиах нь бие даасан өвчин биш аж. Дээр дурдсан эрхтнүүдийн аливаа эмгэгт ханиах шинж тэмдэг нь нийтлэг байдаг тул ханиад гэсэн уламжлалт ойлголт нь их өргөн утгатай, түүнд болгоомжтой хандах шаардлагатай болно.

Бидний ойлгодог Монгол оронд давамгайлан тохиолддог өвчин бол уушигны хатгаа бөгөөд түүний үүсэх шалтгаан нь байгал-цаг агаар, өвөл-хаврын уяа сойлгын нөхцөл нь болдог байна. Уушигны хатгаа бол халдварт өвчин биш боловч үүсэх шалтаг, шалтгаан нь маш өргөн фронттой учир нэгэн зэрэг олон адуу уушигны хатгаанд нэрвэгдэх нь Монголын нэг онцлог байдаг.

Уушигны хатгаа нь өвчний эхэн үед эмчилвэл үл мөргүй эдгэрдэг бөгөөд ужигарсан үед идээрт үрэвсэлд шилжиж, удаан халууруулах, тамирдуулах хэлбэрээр үргэлжилж, ул мөртэй үлдэх нөхцөл давамгайлдаг.

  Эцэст нь нэгэнт адуунд сэтгэл санаа, эд хөрөнгө зарж байгаа бол түүний өвчин эмгэгийн талаарх анхдагч мэдлэгээ шинжлэх ухаанаас олж авч байх нь орчин цагийн шаардлага болж байна. Морь чинь хурдлах нь сайн хэрэг боловч та адууны талаар өөрөө орчин цагийнхаа мэдлэгтэй байх нь цаг үеийн онцлог гэж хэлмээр байна. Орчин үед мэдээ, мэдээллийг эзэмшиж байх нь амжилтын гол үндэс гэж үзэх болсон бол мэдлэгийг эзэмших нь түүнтэй харьцуулашгүй баялаг гэх болжээ. Нөгөө талаас мэдлэг бол хамгийн үнэтэй таваар болж байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.
 

      Г.Төмөрхадуур – 2009 оны  1О сар

Сэтгэгдэлүүд
  • Бат-Уул IP:202.72.240.5 2018 оны 07 сарын 03

    Адууны
Сэтгэгдэл