2016 оны 01 сарын 14

Хурдан морь уях нь бүхэлдээ нэгэн цогц ажил мөн бөгөөд түүнийг дотор нь хэд хэдэн үе, шат болгон хуваан авч үзэж болмоор санагддаг.

Үүнд: Уяаны бэлтгэлийн үе, Уяаны үе, Уяаны дараах үе болой

Уяаны бэлтгэлийн үе нь морины тэжээлийн болон хөндүүрийг арилгах гэсэн хоёр шатнаас бүрдэж байна. Эндээс морины уяа эвлэх гэж нэг ойлголт яах аргагүй байгаа нь харагдаж байна. Энэ бол морины уяаны ажлын ачаалал нь биед нь дарамт болохгүй, тарга хүч нь бууж, амьсгаа нь чөлөөтэй задарч, идэш хоол нь хүчиндээ тохирч, эцэг эхийн генээр уламжлан төрсөн хурдлах чадвар буюу давхил нь илрэн гарч байна гэсэн үг.

Ямарч морийг ийнхүү эвлүүлж л чадвал их учир бий. Зөв уяж, аятайхан эвлүүлж л болж байвал чи морь уяж сурч байгаа нь тэр.

Уяачийг үнэлэх цорын ганц бодит хэмжүүр бол ердөө л энэ, үүнээс бусад хэмжүүр, тэр цол, хэргэм энэ тэр бол алдаа зөрөөтэй байх нь бий, харин энэ бол хамгийн гол, бүх нийтээр зөвшөөрсөн хүлээсэн хэмжүүр юм.Чи уясан морьдоо зөв сайхан эвлүүлчихвэл энэ жилийн чинь уяаны ажлын эхний хагас нь элбэг бүтчихлээ гэсэн үг, гараа сайн бол бариа сайн болох нь дамжиггүй.

Морьдоо ингэж аятайхан эвлүүлж чадаж байгаа бол чи уяач болох замынхаа бараг ихэнхийг туулж байна гэж ойлгож болно. Харин , энэ шатанд хүртлээ та лөв л арав гаруй жил болно шүү. Уяа эвлэх гэдэг энэ нарийн ойлголтыг морь уядаггүй хүн учрыг нь сайн олдоггүй юм. Тэр ч байтугай хурдан морины орчин тойронд орж ирээд арваад жил болчихсон хирнээ өөрөө гардаж уядаггүй л  бол ямар ч боловсролтой хүн гүйцэд ухаж ойлгодоггүй юм.

Хурдан морины уяаны үеийн дараагийн шат нь “ир  тааруулах” явдал ум. Энэ нь үнэндээ уяа эвлүүлэхээс ч хэцүү ажил, нарийн ойлголт. Хэрэв дунд сунгаанд таны морь сайн давхиж байвал уяа нь эвэлсэн хэрэг. (Дунд сунгаа нь хол замд, олон морьдтой шавхаж уралддаг, уяаны үеийн ачааллын оргил нь шүү дээ). Үүнээс цааш, уяаны үеийн 2 дахь шат буюу ир тааруулах, ирлэх шат эхлэнэ.

Монгол улсын манлай уяач Х.Сүрэнхор агсан уулзах бүртээ морины ир тааруулах тухай л яриад байдагсан. Хээр азаргаараа жишээ болгоод ярих, буи түүний яриаг их анхааран сонсдог байв.

Олон уяач морио зөв эвлүүлж сайхан уяна, тэдний дундаас хэн чухам, морьдоо “ирлэж” чадаж байна, түүний морьд л түрүүлнэ. Тэгэхлээр хамгийн олон морь түрүүлгэсэн уяачийг л жинхэнэ ир тааруулж байгаа гэж ойлгож болно.

Ная, ерээд оны үед Монгол улсын тод манлай уяач Д.Даваахүү морьдоо жинхэнэ ирлэж байлаа, 2003 онд Цэнгэлийн Манлай Саарал азаргыг чухам ирлэж чадсанаас түрүүлсэн.

2004 оны хувьд бол Монгол улсын тод манлай уяач Г.Сандуйжав онцгой сайхан ирлэж уяж, улс бүсийн уралдаануудаас 9 түрүү, 16 айраг авав. Ер нь уяачийн эрхэм дээд цолыг автал морь уяхад аргагүй л ирлэж сурдаг юм байна гэдэг нь Монгол улсын тод манлай уяач Д.Онон, Ц.Аюуш нарын амжилтаас харагдаж байна.

Уяаны дараах үе нь наадмын их уралдааны маргаашнаас эхэлнэ. Энэ үед морьд маш их ядарсан, хэрэв зөв сайн уягдаагүй бол бүр хүндхэн байдаг. Энэ үед ялангуяа халууун амьсгаан дээр нй морьдоо сайн хөдөлгөж, уяач хүн өөрөө маш нямбай ажиглаж байх хэрэгтэй.

Сүүлийн үеийн залуу уяач нар  үүн дээр их алдаж байна. энэ хариуцлагатай үе шатны ажлыг морь унасан хүүхэддээ голдуу даалгаад өөрсдөө өөр зүйл шамдан орох болсон нь туйлын буруу. Юуны өмнө давхиад ирсэн морины амьсгаа хир зэрэг хурдан бууж байгааг нь аж. Амьсгаа нь намжсан хойно цавьных нь дээхнэ, богино хавирганы ардхан үл мэдэг чичиргээ байна уу? Үгүй юу?. Хэрвээ тэнд нь жижиг чичиргээ байвал хөвөөний үлдэгдэл ямар нэг хэмжээгээр байна гэж үз, тэгээд одоо, ирэх намар, хойтон хавар яах, ямар ажил хийхээ бод.

Мөн амьсгаа нь намжсан атал зүрхний нь цохилт намдахгүй байж мэднэ. Үүнийг мэдэхийн тул буруу талд нь гараад баруун гараа сэрвээн дээр нь тавиад, зүүн гарынхаа алгаар буруу суганд нь дарж үз. Зүрх нь хэт чанга цохилж байвал, дэлсээтэй байна гэж үзээд маллын эмчид хамдаж,, зүрхний ажиллагааг нь сайжруулах тариа хийлгэж болно. Хөлд нь цус бууж байвал хүйтэн усаар шавших буюу хүйтэн усанд гишгүүлж болно. Гишгүүлж явхад дүлж байна уу? Дүлээд баас гарч байна уу? Ямар баас гарч байна. сальсан бүрхүүлтэй хатуу хомоол гарч байна уу, шингэн чацга гарч байна уу. Энэ бүгдэд таарсан эмчилгээ хэрэгтэй. Уяач хүн цаг алдалгүй мориндоо шаардлагатай эмчилгээ заслын ажлыг хийх нь зүйтэй.

Зөв сайхан уягдсан морь бол их наадмын уралдааны дараах зүдэргээ нь амархан гарч өнгө зүс орно. Давхиад ирсэн морийг уяж хонох нь ч бий, энэ бол биеий нь тайван байлгаж, булчингуудыг нь амрааж байгаа хэрэг. Маргааш өдөр нь биеийн хөшөөгий нь гаргахын тул уяа тойруулан шогшуулан чийгтүүлж, мөн ойрхон зуур зөөлөн тарлаж болно. Харин 3-4 хоногийн дараа сайн хөлслөөд тавих хэрэгтэй. Үүнийг хорон хөлсий нь авах гэж нэрлэдэг бөгөөд хэрэв өөр наадамд давхар уяхгүй бол эндээс морьдын их амралтын үе эхэлдэг болой. Энэ хөлснөөс сар орчмын дараа буюу 8 сарын дундуур нартай дулаан өдөр морьдоо хатгаж болно.
 

        Эх Сурвалж А.Баярмагнай

Сэтгэгдэл