2016 оны 01 сарын 14

Олон газрын уяа засал өөр өөрийн онцлогтой боловч Төв Халх, Зүүн Монголын уяаны дэг илүү боловсронгуй болж хөгжсөн. Наадмын түрүү, айргийг сайн хүлэг сайн уяагаар тэнцүүлэн байж авна. Уяач хүн бусдаас сурсан эрдмээ үргэлж боловсруулан сайжруулахыг гол болгох нь зүй. Өнөө  цагийн Төв Халхын уяа заслын дэг онцлогоос энд өгүүлнэ.

Монголчуудын уламжлалт шинжлэх ухаан, хурдан морь шинжих, уях, засах ёсонд өгүүлэхдээ морины уяа засал яг таарсан үеийг “Газрын чагтага тасрах” хэмээн нэрлэжээ. Уяач хүний ажил бол газрын амьтныг тэнгэрт гаргах буюу “Газрын чагтагыг таслана” гэсэн үг юм.

Хурдан морь жилийн уяатай
Уяач хүн морь шинжих, уяж засах арга барилдаа дүгнэлт хийж бусад уяачдын арга барилаас суралцаж уяа засалаа уяанаас уяанд тасралтгүй сайжруулж байвал сайн уяач болно. Монголчуудын морь шинжих, уяж засах арга билэг нь олон үеийн турш улам боловсронгуй болж хөгжиж ирсэн ардын ухаан юм.

Уяач хүн уралдааны дараа заслыг сайн хийж, зун намрын тарга авалт, өвөл хаврын онд оролтын байдлыг харгалзан морины ажлыг тохируулан хийх нь зөв. Уядаг морины тамир тэнхээг сайн суулгах нь уяач хүний гол анхаарах зүйлсийн нэг юм.

Ямарваа хурдан морийг зун намарт гүүн зэлэн дээр сахиулах хэрэггүй. Ингэсэн морь буруу хүч авч уяхад муугаар нөлөөлнө. Өвлийн цагт 1-3 сард дээд гурван насны морьдыг 7-15 удаа зөөлөн унаж хөлөргөнө. Мөн гэдсийг уяж хонож солино. Энэ нь бүх цусаа гадагш хөлсөөр нь хөөж цангаар эмчилгээ  хийж  байгаа юм. Уядаг азаргануудад соёолонгоос дээш насны бүдүүн 5-8 гүү хураалгана. Гүүнүүдийг дөрвөн сарын эхээр жигд унагалуулж тавдугаар сарын 1 гэхэд азарганы ороо гарсан байвал зохино. Дөрөвдүгээр сарын эхээр их насны морьдыг хаврын салхинд хий зогсоож өглөө оройд услаж уях нь морины доторхи өөх, гаднах хүчийг зэрэг бардаг. Мөн зориг тэвчээр сайжруулах сайн талтай. Мөн энэ ажил нь соёолон моринд сайн зохино.

Адуугаа ногоонд цадсан үед нь уядаг морьдоо зөөлөн унаж хөлөргөхөд шинэ хүч авах нь амархан бөгөөд өнгө засч, цайралт түргэн өгнө. Мөн тамир тэнхээ нь түргэн суудаг. Морио барихаас өмнө ямар ч моринд байдаг гурван хөндүүрийг гаргах шаардлагатай. Бие болон гэдэс, тавагны хөндүүрийг зөөлөн эхлэж гүйцэд гаргана. Биеийн хөндүүр гэдэг нь анхны ажилд биендээ цочрол авсныг хэлнэ. Мөн морины ажил буруу хийгдсэнээс морь хойшоо, урагшаа ээлжилж доголох маягтай болдог. Жишээ нь, зөв хойд ташаан толгой дээр хөндүүр суусан байхад буруу чихний хойд ар дуулгад дарж үзэхэд их хөндүүр суусан байдаг. Мөн энэ талын нүд нь цагаан хүрээ сууна. Нүд нь зүгээр болохоор бие нь гүйцэд хөндүүргүй болно. Хурдан морь ус уухдаа удаан, олон дахин уудаг. Жишээлбэл, тагнайрсан адуу мэт. Үүнийг сайн үзэж, ажиглан морио услаж  байх хэрэгтэй. Харин уяа буруудсан морийг ус руу оруулахад хэд балгаад ус уухаа больдог. Уяа зөв, хурдан шинжинд бүрдсэн морь бол удаан тайван, олон таслаж сайн ууна. Шинж нь бүрдээгүй морь бол таслалгүй бөөн, түргэн, их гүд гүд залгилж уудаг.

Мөн хөндүүрийг гарсан эсэхийг үзэхэд сэрвээний өндрийн далны цагаан мөгөөрсний үзүүрийг дарахад хотолзохгүй бол хөндүүр нь гүйцэд гарсан байна. Тавагны хөндүүр нь гарсан морь бол зоримог тавиун гишгэлттэй байна. Гүйцэд гараагүй морь нь бүдрэмтгий, дутуу, халшрамхай балцагнана. Гэдэсний хөндүүрийг гаргахдаа нэг юмуу хоёр хоногийн өнжөөтэйгээр 2-3 удаа уяж хонож, зөөлөн задгай юмуу, нэмнэж хөлс авах, шогшуулж гэдсийг зайлуулах ажил хийх нь чухал байдаг. Морь барихаас өмнө 10 хоног гэхэд дээр дурьдсан ажлыг хийж дууссан байвал зохино. Ямарваа насны морийг наадмын өдөр уралддаг цагийг нь бодож ажлаа хийх нь зүйтэй. Их нас 12 цагт уралдах бол тэр мориныхоо өдөр тутмын ажлыг 12 цагт хийх хэрэгтэй. Ингэвэл тэр морины физиологийн хуулиар уралдах үедээ идэвх нь сайжирдаг.

Уяач хүн юуны өмнө адууны арчилгаа, маллагаа, эдэлгээг сайн мэддэг, зөв маллаж, эдэлж чаддаг байх хэрэгтэй. Уях морио хол газар унах нь тэр морины сайн, муу чанар, өвөрмөц онцлогийг мэдэрч ажиглан, дүгнэлт хийж, яаж хэрхэн уяхаа шийдэх боломж олгоно.

Хурдыг сойх хоног
Азарга, соёолон насыг 26-28 хоног, Их насны морийг 28-30 хоног, Хязаалан, шүдлэн, даагыг 22-26 хоног сойход тохиромжтой. Уяж байгаа мориндоо ямар ч ажил хийсэн салхины уруу 500 м орчим газар зөөлөн сажлуулж хөлсийг нь даацалдуулан зөөлөн дарж хусна. Дээд гурван насны морьдыг уяж байх хугацаандаа нэг удаа уяж хонох нь тохиромжтой. Доод гурван насны үрээнүүдийг хоёроос гурван удаа давхил хийсний дараа мориныхоо байдлаас хамаарч уяж хонож болно.

Уяа заслаасаа
Морио уяж засалгүй уралдуулах хүн нэг ч үгүй бөгөөд ардууд хэзээнээс нааш хурдан морьдыг  бүхий л шинж төрхөнд нь тохируулж сойн, хагсрааж наадамд сайтар бэлтгэсээр ирсэн. Уяач бүр хурдаа уях өвөрмөц арга барилтай байдаг. Тэр нь дээр дурдсан шинж төрхөнд нь тааруулж уяхыг хэлж байгаа юм. Морийг уяа засалд хэрхэн яаж тохируулах тухай хурдан морины шинж, судруудад дэлгэрэнгүй бичсэн нь вий. Жишээ нь, Шинжийн сударт хурдан бөгөөд шинж нь хатуу засалтай морийг 24 хоног уя, үүнийг 7 сорь, 3 сунга ингээд дараа нь 20 хоног уя, 5 үсрэг, 2 сунга, тэгээд морийг 15 хоног уя, 2 үсрэг, нэг сунга, барьсан өдөр хар цагааныг ялгах газрын хагасаас довтолж ирээд, бага гишгүүлж байгаад уя.

Гэдсийг цогиулж ав, хөлсийг хатируулж ав, баасыг шогшуулж ав, сэтгэлийг сажилж сэргээ гэхчилэн уяа заслын тухай бичсэн нь багагүй. Монголчууд эрт үед дээд гурван насны морийг 40-45, гурван бага насыг 25-30 хоногийн хугацаатайгаар засдаг байсан байна. Морь уяачид ихэвчлэн морь тус бүрийн байдал дээр ажиглалт хийж уяа тохируулж морио уралдуулдаг заншилтай. Хурдан морийг уях эдлэх ажлыг жилийн дөрвөн улиралд зөв зохицуулах нь чухал. Мөн зөөлөн зөв эхэлсэн морь тэр жилдээ зөв байдгийг манай уяачид бүгд мэддэг билээ.

Засал хөлснөөсөө
Морийг хөлслөх нь өөх хүчийг буулгах, амьсгал болон тэвчээрийг сайжруулж, ядарч хөшсөн морийг амраах зорилготой юм. Уяач хүн мориныхоо ажлын хөлсийг сайн арилган цэвэрлэж хөлсийг таних нь маш чухал.

Хөлсийг цаг агаарын байдал болон мориныхоо хүчийг харгалзан нэмнэх буюу задгай авна. Ажил хийгдсэн морны бие нь суларч ядарсан байдаг тул нар цохиулахаас болгоомжлох хэрэгтэй. Ер нь бүрхэгдүү дулаан өдөр хөлс авах нь тохиромжтой. Мөн салхины чиглэл, хурдыг тааруулна.

Уяаны үед гарах хөлс
1. Шавар хөлс эхний 3-4 удаагийн хөлсөнд гарна. Энэ нь үсэнд шигдсэн шороо тоос угаагдан гадагш гарахыг хэлнэ.

2.  Хөөсөн хөлс нь тарга хүч нь буухын анхны үе бөгөөд өөх нь хайлж байгаагийн тэмдэг, цагаан хөөсөрхөг хөлс гарна.

3.  Шүүсэн хөлс ажил нь зөөлдөж, сөрж таргалж байгаа моринд усархаг шингэн өнгөн хөлс гарна.

4.  Тосон хөлс нь мах нь буурсан ч өөхний хайлалт бага байгаагаас өнгө гялгар өтгөндүү хөлс гарна.

5.  Өнгө хөлс нь ир нь ойртсоны шинж бөгөөд амтгүй усархаг шингэн хөлс гарахыг хэлнэ.

6.  Сувдан хөлс нь ирлэж байгаа моринд гардаг бөнжгөр хөлс юм. Гарснаас хойш 2-3 хоногт алга болно.

7.  Хар хөлс нь ир мултарсан үеийн хөлс юм. Гэнэт хөлөрч тамирдан амьсгаадах, чадал муудсан учир амьсгаа нь бүр бага болчихдог. Түүгээр ч барахгүй нүд нь гөлөрч ухархай нь ширгэж чадал нь муудна. Мөн ялаа их биенд нь суумтгай болно. Морийг 30 хоногтой барина гэхэд 10 гаруй нэмнэх буюу задгай хөлс авах ажлыг хийвэл зохино.

Сунгаа, үсэргээ
Сунгаа нь бага, дунд их гэсэн гурван янз байна. Бусад урьдчилсан сунгааг давхилууд гэнэ. Гурван саахалтын газраас дээшхи давхилыг сунгаа гэдэг. Сунгаа нь амьсгалын дасгал болон тэвчээр хатуужлыг сайжруулах мөн өөх махыг зэрэг багасгах, булчингийн бадайралтын дасгалыг зөв эхэлнэ. Бага сунгааг их давхилаас 10 орчим хоногийн өмнө хийнэ. Энэ сунгаанд морьд бөглөрч, онгойдог. Энэ үеэс ажиглалтаа нарийн болгож, ир оруулах ажил эхэлнэ. Дунд сунгаанд тэр жилийн давхилын цар, уяаны алдаа оноо мэдэгдэж засал хийх болзол гарна. Сунгах газрыг аажим аажмаар холдуулж, их мориныхоо хүчийг харгалзан сунгааг богиновтор сунгах нь тохиромжтой сунгааны анхны үед морь амаараа түргэн түргэн амьсгаадна.

Сүүл сүүлдээ хамраараа удаавтар амьсгална. Энэ нь уяа тохирч байгаагийн шинж юм. Сунгааны хооронд амрах зай нь 3-аас дээш хоног байх нь зохимжтой. Одооны адууны дан, давхар уяанд хоёр хоёр хоногийн амралттай болно.

Их сунгааг уралдаанаас гурваас дөрөв хоногийн өмнө хөлслөхөөс их зайд (12-15 км) давхиулж морины уяа хир зэрэг болсныг шалгах шалгуур байдаг. Их сунгааны дараа морины хурдны торгон ир орж ирэх ёстой. Уяачин хүний бүхэл жилийн туршид хийсэн ажлын үр дүн эндээс эхэлж харагдана. Ер нь уяач хүн их янз янзын сонин ажил хийдэг. Наадмын их давхилын урьд шөнө уяачид нойргүй  хонодог. Хүн бүр өөрийнхөө морьдыг өөрийнхөө бодлоор уях учир дээр өгүүлсэн бүх зүйлд яг захирагдах явдалгүй билээ. 30 хоногтой морио барьж уяахад тав орчим давхил сунгааг 5 км-ээс 15 км-ын хооронд багтааж хийвэл зохино.

Тарлах
Энэ нь нэгэнт уяа сойлт орсон морины бэлтгэл сургуулийг таслахгүйгээр ойр зуур газарт (1-3 км зайд) зөнгөөр нь давхиулж биеийг тэнийлгэж байгаа хэрэг юм. Тарлах нь амьсгалын замын эрхтнүүдийн ажиллагааг сайжруулан биеийн  булчингуудын хөөнгийг буулгах давхилтын анхны хурдыг нэмэгдүүлэх зорилготой юм. Морийг тарлахдаа малын хар цагаан танигдах газраас тарлана. Тарыг эхлэхдээ зөөлөн эхэлж сүүл сүүлдээ ширүүснэ. Ялангуяа анхны тар хийхэд тун анхааралтай хандах хэрэгтэй. Эхлээд олон морьтой ширүүн хол таралбал морь шандаж зүрх нь үхэж уухиа, дугтчаа чичирдэг болдог. Ер нь хөлс багадаж ихдэхээр буруутна, тар нь багадах юм уу ихдэхлээр буруутна. Үүнийг тааруулна. Хэд хэдэн удаагийн тарны эцэст морь онгойж давхил нь орно. Тарны үед зооны хөөнгө буухгүй бол хөнгөн зоовчоор нэмнэнэ. Тарыг их ойрхон хийх үе бий. 30 хоногтой морь барихад 10 орчим тарлана.

Уяа ханасан морины шинж
1.  Хомоол. Баас нэг эгнээгээр гөлгөр нягт, чийг багатай гарч голоороо нэгэн удаа хагарах юм уу хагарахгүй, бүхлээр унана. Энэ нь умсны хур баас нь гүйцэд гарч нялх ногоонд сайн цадаж умс нь агшиж  баасыг нэг эгнээ байрлалтай болтол нь нарийсгаж барьсан хэрэг юм. Умс нь гүйцэд агшсан учраас тэнд ямар нэг хий хуралдах, доторхи баас нь хөдлөх  явдал байхгүйгээс гэдэс нь зайлагдахгүй зайлагдсан ч өлдөхгүй.

2.  Өнгө. Нүдний дотор хүний босоо дүрс бүтэн багтаж харагдан, нүд нь тунгалаг болно. Нар гарахаас урьдхан барьж үзэхэд үс нь гялалзсан толигор байна.

Сайн ажвал өөр өнгөтэй болсон, биед нь гэрэл туяарах мэт болно. Өөрөөр хэлбэл гэрлийн ойлт их болно. Үсийг хааш нь дарсан налж байх ба угаасан мэт сайхан өнгөтэй харагдана, бүх үс нь хагас налуу боссон байдаг.

3.  Арьсыг чимхэхэд үүссэн нугалаас нь удаан арилна.

4.  Сул хонуулахад зөөлөн газарт хөрвөхдөө урьд хоёр хөл нь өвчүүндээ хүрч нугарах нуруугаараа биеийнхээ хоёр тал руу шулуун давна. Ганц нэг санаа алдаад их унтана.

5.  Давхилтын үед амьсгаадах, ядарч цуцсан шинжгүй яардаггүй, тайван болдог.

6.  Хөлс нь шингэрч тунгалаг, амтгүй болно. Өөрөөр хэлбэл усан хөлс гарна. Уяа ороогүй морины хөлс шорвог амттай байдаг. Уяа сойлт нь орсон морины гэдэс нь тогтуун умс нь агшсан тул их уралдааны өмнө нялх ногоо идэхэд уралдаанд нөлөөлөхгүй харин цатгалан сайн давхина. Умс нь агшина. Уяа сойлт нь тохирсон морь цадахдаа түргэн тул унтаж  амрах нь их болно. Уяа сойлго нь алдагдсан адуу цадахдаа удаан унтаж амрах нь багасана. Мөн тарлаж хөлслөхөд удаан зөөлөн амьсгална. Энэ нь бяргүй болж  байгаагийн шинж.

Торгон ир тааруулах
Хурдан морины хүч таргыг гурав ангилдаг. Нэг хүчин дээр Уяаг яг тааруулсныг ир гэнэ. Тарган, дунд, туранхай гэж гурван ирний аль ч үед ирлэж болно. Энэ нь олон язгууртны шинжийн төрөлд нь тааруулж чадвал тарган, дунд, туранхай аль ч ирэндээ морь сайн хурдлана.

Аль хүчин дээр нь морио ирлүүлэх нь уяачийн эрдмээс шалтгаална.

Морь дээр дурьдсан гурван ирний ямарт нь илүү давхил ордгийг харгалзан таргандаа сайн давхидаг морийг тураалгүйгээр уралдуулах гэсэн үг юм.

Тарган ирэлсэн морь нь бороотой юмуу сэрүүн үед мөн өглөө оройн сэрүүнд хурдална. Туранхай ирлэсэн морь нартай дулаан үдийн үед хурдална.

Дунд ир гэдэг нь өлөн бөөрөнхий хүчтэй морийг хэлнэ. Энэ нь аль ч нөхцөлд хурдална.

Туранхай ирэлсэн морийг бороонд норгохгүй уралдуулна. Ер нь аль ч ирэнд давхиулах морийг наадам ойртсон үед бороонд норгох, хужир идүүлэхээс болгоомжил. Ингэх нь гэдэс солих муу нөлөөтэй.

Хурдан хүлгийн арьс, шүд
Хурдан мориныхоо аман хүзүүний ар талаас нь базахад муу морь духайж тавиулна. Сайн морь урагш шөвийж гарыг тавиулна. Ямарваа хурдан морь олон янз төрдөг боловч арьс нь хамгийн нимгэн, дунд, дээд, зузаан гэх мэтээр ангилна. Ус, гал, хий, махбодид төрсөн морины арьсыг гурав ангилна.

1.  Усан хий махбодид төрсөн адууны арьс нь их элбэг зузаан, үс нь сахлаг, дэл, сүүл шингэн, хагас эрчлээтэй байдаг.  Шүд нь урт том, соёо их урт сийрэгдүү байна.

2.  Гал махбодид төрсөн морины үс нь тачир, арьс нимгэн болоод эргүүлэг олон байдаг. Мөн арьс нь элбэг биш дэл сүүл шингэн, хадаг адил намирсан дэлтэй байна. Шүдний углуурга нь урт, шүд нь бахим, богиновтор, соёоны үзүүр нь хурц өргөн байна.

3.  Хий махбодид төрсөн адууны арьс нимгэндүү, дунд зэргийн элбэгхэн арьстай. Цөөвтөр эргүүлэгтэй, үс нь хагас сахлаг, урт шингэн дэлтэй төрнө. Шүдний углуурга их урт, урьд шүд соёо хоёрын хоорондох зай нь холовтор хойшоо их махир урт байна.

Морины идэш хоол тааруулах
Ер нь ямарч хурдан морийг хоол усаар сойх нь маш муу. Зарим уяачид өглөө услалгүй барьж үдийн алдад услаж байдаг энэ бол буруу юм.

Харин шөнө нь бороо орсон юм уу хар чийг унаж хоносон буюу үүлэрхэг сэрүүн байвал өглөө услалгүй барьж өдөрт 1 удаа усалж болно. Ямарч үед тогтмол усанд өдөрт 2 удаа усалж байх нь тохиромжтой. Азрага, их нас, соёолонг 4-5 цаг идүүлж 2 цаг орчим унтуулна.

Мөн хязаалан, шүдлэн, даагыг 3-4 цаг идүүлж 2-3 цаг орчим унтуулж амраах нь зүйтэй. Уяж байгаа моринд хужир муу гэдэг энэ нь буруу юм. Хужирлаагүйгээс болж эрдэс тэжээлийн дутагдал болсноос хар шороо  идэж хөрвөөж уралдааны амжилт нь буурах юм уу үүнээс болж үхэх тал ч гардаг. Уяаны үед 7 хоног тутамд 1 удаа хужирлаж уяаны сүүлчийн 7 хоногт хужирлалгүй уралдуулах хэрэгтэй. Хэрвээ хужирт оруулалгүй байгаад гэнэт хужирлавал гэдэс нь холхиж, баас нь шингэрч уяанд муугаар нөлөөлөх тал бий. Уяж байгаа моринд зөөлөн чанарын өвс, таана, хөмүүл, агь, дугтарган зэргийг хориглоно.

Морины гэдэс нь цатгалдах, хөвөө суух, нарийдах, тохирох гэж 4 янз байна. Таарсан гэдэс гэдэг нь тэр мориныхоо биеийн байдалд тохирсон зөөлөн, бүтэн арьс нь үрчлээгүй гэдсийг хэлнэ. Таргандуу морины хоолыг хасахгүй өгөх нь сайн, туранхай морины хоолыг багавтар хасаж өгөх нь тохиромжтой. Ер нь уралдах морины хоол, гэдсийг номоор зааж болохгүй харин тэр уяачийн мэдлэг морьтойгоо хэрхэн харьцах чадвар мэднэ. Ер нь яг тааруулах гэдэг хэцүү, үүнийг бүх уяачид маань зөвшөөрөх биз дээ.

Буруу уяатай морины засал
Таргадсан морины хүчийг буулгах гэж ажлыг ширүүдүүлснээс зүдэргээ авдаг. Дулаан өдөр тарган морины хүчийг буулгахдаа өглөө нарнаас өмнө нэмнэж хөлс авч болно. Мөн бороо орсны дараа юмуу үгүй бол зориуд усаар сайн угаагаад үсийг хатахлаар нэмнэж сайн хөлс авбал ядаргаа зүдэргээ бага, хүч нь амархан буудаг. Их дулаан өдөр хөлс авч үсийг хатсаны дараа хүйтэн усаар шавшиж чичиргэж болно. Хөдөлгөөн муутай морийг үдшийн бүрэнхийд нэмнэж хөлслөнө. Хөлсөлсний дараа зөөлөн хөдөлгөж байгаад адууг нь холдуулан ганцааранг нь сул тавь.

Буруу уясан морины үсний өнгө нь буурч хөлс нь гарахгүй болдог. Үүнийг салхин хий цохих гэнэ. Хий цохиулсан морийг нартай дулаахан өдөр дөрвөн туурайг нь сэтэртэл хөлс авч том майханд  оруулж хөлсийг даацалдуулж хусна. Гэхдээ төрөлхийн задгай биш хөлстэй адуу байдгийг анхаарууштай. Ийм адууг их оролдох хэрэггүй. Зүдэргээ авч үс нь унаж эхлэх үед  нь 3-5 өдөр дараалан ойролцоо уруу газар тарлавал тохирно.

Олон хоног уягдсан морь ажилдаа хэт давтагдаж хоол нь хэвийн байвч давхил нь саарч болзошгүй байдаг. Үүнийг засахдаа хоёр хар цагааны харагдах газар ганцаарчлан үдшийн бүрэнхийд давхиулж үсэргэнэ. Унасан хүүхдээр нь амы нь сайн татуулж, сайн гүүглүүлэхэд бие болон сэтгэл нь цочирч давхил нь идэвхждэг. Уяаны сүүл хэрд гэдэс нь хэт хатуурч хөвөө суусан морийг гэдсээр нь их дулаалан уяж хоноод маргааш өглөө нь уяа тойруулж ергүүлж баалгаад нэг цаг орчим идүүл. Дараа нь услаад уяж байгаад үдээс хойш хоёр удаа баалгаж байгаад 1 км орчим газар тарлаж хөвөөг  гарга. Ингэснээр бие болоод гэдэс нь чангарна. Ийм морийг адуундаа 5-7 хоног тавих юмуу ажил хийлгүй уяан дээр зогсоож амраагаад 1-2 өдөр зөөлөн ажил хийж уралдуулж болно.

Морины хөлс эрдсийн дутагдлаас болж гарахгүй болдог. Үүнийг зөв оношилбол хоёр өдөр дараалан хужирласны эцэст нартай дулаан үед хөлслөвөл хөлс нь гарч зөвдөнө. Зунтай үеэс гантай үеийн морины хүч их бөхөжсөн байдаг. Мөн гантай үед морио уяж байгаа газарт нь ус асгаж байвал уяандаа сайн.

Уяа нь таарсан морины шинж
Гал махбодит хүлэг бие нь чанга, 4 хөл дээрээ тэгш өвчүүний бүдэрхий урагш илүү булцайж зогсоно. Өөрөөр хэлбэл, бээрсэн ямааны шинжтэй адил зогсохыг хэлнэ, унтахдаа босоогоороо унтана. үүнийг гал мах бодит хүлэг гэж үзнэ.

Суниахдаа урагш өндийж хойд хоёр хөлөө ээлжилэн хойш нь жийж, суниана. Нүдний сормуус нь ээдрээгүй дээшээ дэрвийж алсыг тотоож харамтгай тайван цочих, сэрвэлзэх зангүй болно. Ирэлсэн морины хондлойн үс нь босож ирдэг.

Мөн амнаас нь унжралдсан гашуун шүлс гарна, азарганы зүс сайхан гялгар болно. Мөн ямар ажил хийсэн ч зооны хөөнгөө хөөхгүй хэрэгтэй нэг юмуу хоёр ажлыг тохируулан хийнэ. Жишээлбэл, дутуу онгойсон морийг онгойлохын тулд дахин сунгаж болно, хөлслөж болно. Яг таарсан гэж үзсэн морийг зөвхөн хөшөөгий нь гаргахын тулд үсэргээ (торгон тар) хийнэ, мөн амрааж болно. Үүнд:

Усан махбодит хүлэг  -  Эм хатны туурайн ширхэгний зай ойр биш,

Гал махбодит хүлэг   -  Эр хатны туурайн ширхэг нь нарийн нягт,

Хий мах бодит хүлэг - Саармаг хатны туурайн ширхэг нь ойр биш, их нягт биш

гэж гурав ангилна. Ямарч адуу энэ 3 махбодиос өөр хаана ч зөрдөггүй. Тийм учир олон язгууртны шинжийн хурдан морьдын уяа засал нь 3 янзаар байна. Тйим учраас ирэлсэн морь гурван янз, тэгэхээр өөрийнхөө мах бодит чанараар уяа сойлгоны ажлыг даах, даахгүй хоол бага хэрэглэх, хоол их хэрэглэх дундач хэрэглэх цаг агаарын байдлын ямар нөхцөлд хурдлахыг байгалийн хуулиар хамаарагдаж явагдана. Тэр шинжинд хүч тарга тамир нь яаж уягдаж таарахыг мэдэж уяах нь чухал юм.

1. Усан махбодит хүлэг нь унтаж  амрахдаа  босоо биш хэвтэж амрах их дуртай, унтаж байхдаа их янцаглана.

2. Хий махбодит хүлэг нь босоогоороо голцуу унтана. Харин хойд хоёр хөл, урд хоёр хөлөө хооронд нь алдалж унтах дуртай, мөн хойд хоёр хөлөө ээлжлэн сойж унтдаг.

Сэтгэгдэлүүд
  • Лхагварагчаа IP:202.70.46.212 2017 оны 04 сарын 26

    Сайхан зөвлөгөө байна.Шүдлэн насны адууг уяах арга онцлогын талаар хариулт өгнө үү
  • сүхбат IP:202.70.46.212 2017 оны 11 сарын 09

    даагыг хэд хоног уяаж сойх вэ мөн наадмаас өмнөх шөнө хэдэн цаг идүүлэх вэ ямар өвс идүүлэх вэ хэлж өгөөч
Сэтгэгдэл