2016 оны 01 сарын 14

Морины багтраа, цусан хэлбээ
Морийг тарган цатгаланаар нь эвгүй эдлэж, ширүүн унагаснаас хамраас нь цус гарч амьсгаадан дэлбэрэх шахдаг. Энэ нь гол төлөв давхилт, уяа дутуу байхад нь уяа ханасан морьдтой уралдуулснаас болдог. Илрэх гадаад шинж нь морь амьсгаадан бөглөрч, уралдааны явцад хүч нь сулран хар хөлс нь цувах, давшилт дундаа бахардан хамар амнаас нь цагаан хөөс цахрах ба эцэст нь амаа ангайж гэнэт унах, унасны дараа амаа ангайлгаж хөдөлгөөнгүй хэвтэнэ. Мөн мах булчин нь чичэрч хамрын самсаа нь дотогш хумигдаж  амьсгал нь гүнзгий цөөн болох, нүдний салст бүрхүүл улайх, хамраас нь цус гоожих зэрэг ажиглагдана. Үүнийг тэр даруйд нь эмчилгээ хийнэ. Толгой цээжийг нь өндийлгөж сэгсрэх, өвчүүний толгойн эхээс хуруу дарам газар арьсыг огтолж умуу гаргана. Ингэвэл морь түргэн босно. Боссон хойно нь цээжийг нь сэгсэрч мориныхоо их багыг харгалзан 5-8 литр орчим давстай саам, ус өг. Дэл гөхлын урьд дор нь магнайн голд арьсийг босоо зүсэх чих рүү нь хүйтэн ус хийхэд тархины цус ихдэж цус харвалт намдана.

Өлөн таараг бөглөө
Хурдан морины уяаг тааруулаагүйгээс өлөн таараг болно. Мөн уяа нь тохирсон морины гэдсийг уралдуулахын өмнөх шөнийн хооллолтоос алдах, өглөөний усыг тохируулалгүй уралдаанд оролцуулснаас өлөн хэлбээ буюу өлөн таарга гэгч үүснэ. Ингэсэн морь уралдааны газарт ирээд амаа ангайж унах ба шил нь татаж дэлсэнэ. Гэдсэнд нь хатгааны шинж илэрч хойд хөлөөрөө гэдсээ хайрах, биеэ эргэж хазах, хөрвөөх шинж үзэгдэнэ. Мөн  хөх мах нь чичэрнэ. Энэ нь таргадсан морь өлдсөнөөс болж умсанд хий дүүрч умсны мухар үзүүр нь аарцагны яс руугаа орсноос болдог. Ийм нөхцөлд морь унаж хоосон умс нь хоорондоо хавирч шархлаа үүсгэн улмаар умсаар нь дамжин хэвлийн хөндийд цус ордог. Зарим үед умсанд хий хуралдсанаас өөр хоорондоо буюу бусад хэсэгтээ орооцолддог. Гол аюул нь гүйцэд агшаагүй умсан доторх жижигхэн хоргол баас нь нэг хэсгээс нөгөө рүүгээ шилжиж хий үүсгэнэ. Энэ бол хур баасыг хорьж бөглөө болно. Үүнийг эмчлэхдээ нуруу руу нь хүйтэн ус шавшин цацах, хошногоор нь тамхи хийх, өрөм шар тостой хольж утах, мөн өлдсөн адууг 5-8 литр орчим усаар услах, саам өгөх, тагнайг хатгаж цусыг залгиулах, их амрааж, бага хөдөлгөж байх нь зүйтэй. Өлдөж унасны дараа цавиар нь нарийн сураар оосорлож чангалж хойд тал руу нь гэдсийг оруулахгүйг анхаарч эмчилнэ. Мөн 300 грам архийг 200 грам устай хольж амаар нь өгнө.

Боргон бөглөө
Уядаг морины гэдсийг жилийн дөрвөн улиралд зөв тохируулаагүйгээс боргон бөглөө үүснэ. Энэ нь гэдэс нь их дүүрэнгэн ядарч сульдах, хэвтэж хөрвөөх зэргээр илэрнэ. Үүнийг эмчлэхдээ 3 литр орчим гүүний сааман дээр нэг литр хиртэй үхрийн чацга хольж амаар цутгаж өгөөд нилээн амрааж байгаад хөдөлгөвөл тэр морь байн байн дүлж байснаа баас гаргана. Ингэхэд муухай үнэртэй, хатуу, гадуур нь шар цагаан хальсан бүрхүүлтэй баасыг гаргана.

Гүентэх
Адууны хамрын доод хэсэгт 1-2 см орчим хэмжээтэй мөгөөрс мэт мах ургахыг гүентэх гэнэ. Хаврын улиралд уналга эдэлгээг хэтрүүлэн харшааж гундсан туранхай морь, урьд нь гүентэж байсан морь дахин гүентэх талтай. Мөн намар тарган морийг уяж хоноод ширүүн давхивал амархан гүентэнэ.

Гүентсэн адуу сүүлээ шарваж хэвтэж босох, хөлбөрч хөрвөөх, толгойгоороо савж унах, амьсгаадаж тийчлэх зэрэг шинж байдал үзүүлнэ. Хамраараа газар үрж хамар сарталуузлна. Заримдаа гүентсэн адууны амьсгал давхцаж голоо цохих, түгших, сүүлээ хавчих, дороо эргэлдэн хэвтэх байдал ажиглагдана. Бас өвс идэж ус уухгүй гөлийж зогсоно.

Гүентсэн адууг унагаж толгойг эгц өөд харуулж сайн хүлсний эцэст хамарт нь ургасан мөгөөрсийг огтлон авч хаяхад засарч эдгэнэ.

Налихдах
Адууны нүдний дотор талын өнцгөөс хар захтай мөгөөрсөн хальс гарч нүд халхлахыг налихдах гэдэг. Урьд таарч цуртаж байсан адуу налихдах нь олонтой. Хаврын цагт эцэж харшсан морь хялалзан гэнэт үсрэн унаж шилээ татна. Хамраас нь шар ус гоожно. Мөн амьсгаадаж тийчилнэ. Үүний зэрэгцээ бүх биений хар хөлс гарч салганана.

Нүдэнд нь хамрын тамхи цацаж хиншүү үнэртүүлнэ. Ингээд тус болохгүй бол нүдний зовхины дээд арьсыг гурвалжин хэлбэртэй огтлоно. Үүнийг гурвалжин цохтох гэнэ. Эдгээр засал тус болбоос адуу тэр дороо босч хэд хөрвөөнө.

Эрт цагаас эсгий туургат монголчууд мал сүргээ шинжин, сонгож үржүүлэх, арчлан маллах, эмчлэн засах "мал судлалын" үндсийг бий болгож ирсэн билээ.Эсгий туургатны мал адгуулсан эртний сургаалийг сөхөн үзвэл мал зүйн шинжлэлд хурдан морийг гадаад, дотоод, нууц шинж, бэлгээр таних, азарга,  гүүг тохируулан нийлүүлэх  уяа засал  мах бодийн харилцан шүтэлцээний учрыг зааж өгсөн байдаг байна. Морины шинжийн сударын дотор өвчин заслын хэсэг ямагт хавсрага болон бичигдэж ирсэн бөгөөд хожим хойно адуу малын эмнэл зүйн ардын арга, хануур, хатгуур , төөнүүрийн судар сургааль салан хөгжсөн юм.

Аранга: Адууны арааны урд буюу хааяа түүний хажуу талд ил шүд ургахыг арангатах гэнэ. Нарийхан төмрөөр илүү шүдэнд тулган сайтар бариад тэр төмрийн бөгсрүү алхаар огцом хүчтэй цохиж булгалдаг.

Налих: Адууны нүдний дотор талын анивчаас мөгөөрсөрхөг хальс ургаж цагаан нүдийг хаадаг. Энэ нь үнэндээ хальс ургаж байгаа бус, мэдрэлийн системийн ажиллагааны гажигаас болж гуравдахь зовхи нь татагдан гарч байгаа хэрэг. Налхидсан адууны дээд зовхины дээд талд арьсанд гурвалжин хагалгаа хийх эсхүл мөгөөрслөг хальсыг огтлон анагаадаг байна.

Гүен: Хамрын дотор талдаа 1-2см хиртэй хатуу мөгөөрс мэт мах ургахыг гүентэх гэнэ. Бүдүүн адуу унаганы гүенг цаг тухайд нь огтолж авахгүй бол үхэлд хүргэх аюултай. Хамрын нүхийг гэрэлд хандуулж ургасан махыг хурц хутгаар огтолж засал хийнэ.

Ханиадрах буюу тагнайрах: Ханиасан адууны амыг ангайлгаж харахад тагнай нь овойж үүдэн шүдтэйгээ зэрэгцсэн буюу түүнээс илүү овойсон байна. Тагнайн гурав дахь үений голд судсыг хатгаж засна.

Дэлүүтэх: Тэжээл эдэлгээний горим алдагдсанаас дэлүүтсэн адуунд хүчтэй цагаа, архи өгч болно. Гол эмчилгээ нь дэлүүг хатгах юм. Адууны зөв талын хойноос гуравдахь хавирганы урд нурууны ясны хажууд баруун гарын алгыг дээш харуулан тулгаж, дөрвөн хуруу хэмжих ба тэр байрнаас гараа салгахгүйгээр доош эргүүлж тавиад дунд ба долоовор хуруу хоёрын хооронд 4 хуруу 7см урттай 1мм үзүүртэй шөвгөөр ишинд нь тултал хатгана. Хэрэв хатгах цэгийг онож тэнд хүрсэн бол шөвөгний иш чичирхийлэн эргэх мэт хөдөлнө. Шөвгийг хэдэн минут байлгасны дараа сугалан аваад адууг хөлөртөл шогшуулан анагаана.

Гэдэс дүүрэх: Адууны умс хийгээр дүүрч амь тэмцэж суга орчимоор их хөлөрнө.Ийм адуунд цайны жижиг халбага хиртэй хөх дарь өгч ногооны хомоолоор утна. Хэрэв эмчилгээ тохирвол уг адуу унгас алдаж гэдэс нь сулардаг. Мөн давстай ус эсгэлэн тараг , шар ус цутгаж өгөх хэрэгтэй. Адууны өвчин засах арга нэрт сударт"....морь хий өвчнөөр унахад тосыг  ястай галд түлээд ут. Их бага хэмжээг тохируулан ут" гэжээ.

Жилбэн: Эдэлгээ, уяа сойлгоны гам алдаж согог олохыг малчин ардууд ерөнхийд нь жилбэн гэж нэрлэдэг. Жилбэнтсэн адуу гэдэс алдаж өнгөө гээхийн зэрэгцээгээ мундаа, ташаан толгой, бөөр хондлой, хонго сугаараа нэвчин идээ бээр гоождог. Жилбэнг шалтгаан, цаг агаарын байдалтай холбон хавар усан жилбэн, намар тосон жилбэн  эдэлгээ, уналга хэтэрсэнийг ташуурын жилбэн зуны хурц нар, намрын шар нарныхийг наран жилбэн гэж ялгаварладаг. Бас хийн жилбэн гэж бий. Жилбэнг дотор эмгэг хэмээн үзэж нэвчин цоорвол сайн гэдэг. Ийм учраас эмчлэхдээ хатгаж цус авах, хавдарыг задлах, эсвэл хорыг авах зорилгоор сайн хөлөргөн, гадагш нь хөхүүлэн нэвчүүлэх арга засал хийдэг. Адууны жилбэн  өвчинд хонь буюу зээрийн хатсан зулчийг аль болохоор олон ясны уулзвар үе хавьцалдуулан тавих тэгэндээ ужигласан бол ихдүүлж үл болох бага түрхэх хэрэгтэй. Ер нь туулайн арьс морины нуруу дайртаж улайх, морины дайр шарханд байванг усанд буцалгаад тэрийг хатахын цагт саванд наалдсан хөөсийг сайтар тараагаад малын шарх сорви бүхэнд түрхвэл тустай. Харин уналга эдэлгээнээс болоод салхи цохиулснаар хавдсан бол шанааны судасны доод адагт хана. Чийг хүйтэн даах  хөлөрсөн  даруйдаа хүйтэнд даарах зэргээс гарсан жилбэн өвчинд чононы цөс өгч анагаана.

Өлөг, соёнгтох, хөрвөх: Уналга эдэлгээнээс болоод цус хямрах өвс уснаас шалтгаалан шээс алдах идэш урван өөрчлөгдхийг (явандаа сульдах) өлөг гэнэ. Агталснаас болоод уураг гэмтэн цус хуран шархлахыг соёнгтох гэнэ.Цул сав (элэг , зүрх , уушиг , ходоод , гэдэс ) болох гэдэс урваснаас шалтгаалан , ус үл шингэх , гэдсээр хөлбөрөн унаж тусахыг хөрвөх өвчин гэх бөгөөд морийг хар байдгаар нь хурдлан давхиулж чавхадсанаас  болоод дэлсэх өвчин тусна. Баруун зүүн хамрын нүхний аль нэгэнд архи цутгаж анагаана.

Дайр, шарх: Морины дайртаж улайсан нуруу, чоно нохой зуусан шархыг худгийн хүйтэн ус, хужиртай усаар шавшин угаах тустай. Жишэн гармо нэрт говьд ургах зарааны үс адил өвсний түлсэн үнс малын шарх бүхэнд тустай.

Ям: Цээжин биений цус дээш богшиж, түрүүлдэн унаж, хамрын хоёр нүхнээс идээ бээр, шар ус гоожих нь адууны ям өвчин юм. Элэгний судасыг ханавал тустай, монгол орс дарь аль аль нь сайн. Адуу тэнхээ тамир сайтай бол эмийн тун дүүрэн, тамирдсан бол эмийг тэн хагаслаад эмээ цаасаар ороож утсаар боогоод хазаарын амгаанаас  зүүн, баруун талд нь хөрөөдүүлэн амсуулах байдлаар уяж өгөх буюу бас нунтаглаад хэлний үзүүрт түрхэж анагаана.

Халуун: Адууны халуун өвчинд 100 лан буюу 5 цэн хэмжээтэй арвайн гурилыг хүйтэн усаар зуурч тавих, энэ мэтээр 36 удаа идүүлнэ. Зээрийн янзаганы хатаасан зулчыг шөлтэй холиод эр адуу бол хамрын баруун нүхрүү, эм адуу бол хамрын зүүн нүхрүү хийхдээ нэг аяга дүүрэнг 3 хувааж өгнө.

Дайрлага: Адуу тэргүүнтэн гэнэт үхэтхийн унахыг дайрлага дайрах хэмээгээд хэлний торгон үзүүрийг 3 хуруу хэмжээд таслан авах буюу бас хэлний судасыг ханаж цус гоожуулвал тустай.

Хангайн бураа: Хангайн бураа (араанаас хойш ургах шүд) хэмээх судас нь овойсноор эхлэн ургахдаа идэш тэжээл идэхэд гэм зэмгүй, сүүлдээ ургасан хойно өвс идэхэд тэвхдэх учраас өвс ногоо ургах цагт идээшилснээс өлөн болвол хана.

Сэтгэгдэл