2016 оны 01 сарын 14

Монгол улсын тод манлай уяач Цэвээнжавын ДУЛАМСҮРЭН: Өнөөгийн үед өвөл нь уралдахгүй, намар, зун, хаврын улиралд байнга уралдаж байна. Морины уралдаан бол олон байх ёстой гэж би үздэг. Уралдаан олон байж бэлтгэл сайн байна.

Би 20-иод жилийн өмнө Төв аймгийн Баянцагаан сумын тожид хэмээх өвгөнтэй уулзаж морины уяа заслын талаар ярьж байхад “зун уралдуулах морины хорыг нь гаргаагүй, усыг нь гадагшлуулаагүй, мөн 30 эмээллээгүй морийг ханасан уяагаар уяж том наадамд уралдуулна гэж байдаггүй” гэж сонсож байсан.

Бид морио уралдуулна гэхээр намар тавьчаад, гүйцэт тамир суугаад ирэнгүүт нь анхны цас орсон буюу газар товууцсан байх үед адуун дээрээ очоод уях морио барьж аваад адуугаа тал тойроод тавина. Маргааш нь өнжөөд адууг бүтэн тойрох буюу хамрын цагаан хөөс гаргана. Ингэснээр өөхийг зөв хайлуулж хар маханд нь шингээнэ гэсэн үг. Ингэж бага багаар унаж эдэлгээнд оруулах нь зүйтэй юм.

Жишээ нь хүн дээр авч үзэхэд ажил хийхгүй байж байгаад гэнэт хүнд ажил хийвэл бие нь булраад маргааш нь бүх бие нь хөндүүр авдаг. Морь ч гэсэн үүнтэй адил байдаг. Ингэж байга багаар эмээллэнэ гэдэг нь биений илүүдэл усыг хөлсөөр нь гадагшлуулж байгаа юм. Морь уралдахаас өмнө нь махан тарга бүрэн авхуулж өөхөн таргыг дуусгасан байх ёстой.

Ингэж эхлээд 12 сар гархад тэжээл өгөх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл өнөө үед хуучин шиг өвс ургамал сайн ургахаа байсан цаг. Дор хаяж уях морь 45 хоног тэжээл идэж бага багаар ажил  хийж  зогсоосон байх ёстой. Тэжээлдээ улаан буудай, хивэг, овъёос, гэх мэт зүйл байдаг. Адуунд зориулагдсан тэжээлийн чанартай нь овъёос юм. Үүнийг орой нь дэвтэйгээд өглөө нь өгнө, өглөө нь дэвтээснээ орой нь өгвөл тохиромжтой. Өгөх үедээ 2-3 кг ийг 500гр хивэгтэй хольж өгвөл зүгээр. Зарим уяач нар хивэг огт өгдөгүй тохиолдол ч байдаг.

Морины 3 биений хөндүүрийг гаргах нь маш чухал юм. Энэ нь “биений, гэдэсний, тавагны” гэсэн  3 зүйлийн хөндүүр байдаг. Биений хөндүүрийг гаргахын тулд дээр дурьдсан бага багаар 30 эмээллэж хөндүүрийг нь авах нь зүйтэй. Мөн гэдэсний хөндүүрийг анхны цас орсон үед буюу цасаар ундаалж эхэлсэн үед хоолыг нь солих хэрэгтэй. Тэгэх юм бол гэдэсны хөндүүргүй болдог.

Тавагны хөндүүр гэдэг нь уяан дээр бага багаар зогсоож уяж хөндүүрийг нь авна. Эдгээр гурван хөндүүрийг зөв авсан тохиолдолд морь уяхад дөхөм болж байга юм.
 

Эх сурвалж: ММСУХ

Сэтгэгдэл