2016 оны 01 сарын 14

Луу шинжит морь нь: Магнай овгор, нүд бүлтгэр, нуруу тэгш, гавал нь их, харцага нь өргөн, хавирга нь матаастай, хүзүү нь урт, чийг бороонд сайн гүйх буй...
 

"Эртний хүлгийг шинжлэх ба уяж засах судар оршив" судраас


Ерөнхий шинж: Луу язгуурт хүлэг нь гурван овоо тэгш, толгой элбэг том, нүд их, хамар самсаа дарвагар, монхор хоншоортой магнай өргөн, хөмсөг их, чихний уг бүдүүн, эрүү их, түүшингийн зай их, чахалзуур нарийн, аман хүзүү их бөгөөд шилний далангийн булчин нимгэн боловч өргөн, анжирга алгуур хотгор, хүзүү урт, сэрвээ их өндөр байна.

Нуруу шулуун урт, зоо бага зэрэг бөгтрөгөтэй, харгам овооо өндөр, хондлой огцом налуу, ташаа налуу бөгөөд ханхар, өгзөг дор боловч хоёр өгзөгний зай их, ташаа өгзөг хоёрын зай тавиу, хавирга матаас ихтэй, урт, сав элбэг. Мөн дал урт бөгөөд том, ташуу байрлалтай, өвчүү дор боловч төвгөр, өвчүүний арьс, булчин сул, суганы үе бага зэрэг хавчиг, бүх яс их, булчих их, бүх бие агуу.

Дөрвөн мөч, шилбэ өндөр, бүдүүн болоод налуу богино бэрэвхийтэй, бүдүүн шөрмөстэй, сагагны үс их, дэл сүүл дунд зэрэг байх.

Бас бүх бие элбэгийн учир харнигар харагдана. Мах булчингийн ховил сиймхий гүн. Арьс элбэг, дөрвөн мөч доогуур сунасхийж зогсоно.

Бүх язгуурын морьдоос луу язгуурт нь хамгийн их аварга ястай морь юм.  Эрхтэн бүхэндээ хурдан шинж бүрдвэл Луун язгуурт лугаа тэнцэх морь үгүй.

Толгой, хүзүү, цээжний шинж: Толгой өлгөр, толгойн бүх эрхтэн агуу, зай ихтэй, хоншоор урт, аман хүзүү айргийн хул хөмөрсөн мэт их, хүзүүний булчингууд хэц татсан мэт гүргэр, булчингийн ховил сиймхий нь зурайн харагдана. Сэрвээ нь хайнагийн сэрвээ мэт, дал асар том болоод ташуу, өвчүүний арьс элбэг, сугаараа хавчигдуу байна. Луу язгуурт морины элбэг их цээжин бие нь урд хоёр хөл дээр ачаа өгөхөөс суганы хавчсан үе цэгцэлж хамгаална. Хэрэв суга задгай бол цээж нь суганы их зайгаар доош унжсан морийг цээж хүндтэй гэдэг. Цээж хүнд морь нь давхилын үед суганы үеэр цуцалт их авна. Ер нь их ястай морьд нь булчин үе сул бол цуцалт их байна. Том ястай морьдод жижиг морьдоос хурдны шинж илүү их хэрэгтэй. Иймд луу язгуурт хүлэг маш ховор төрнө


Дөрвөн мөчний шинж: Дөрвөн мөч бүгд бүдүүн өндөр. Харьт, богтос, шилбэ өндөр буй. Дөрвөн шилбэ бүгд бүдүүн, өвдөгний үе урагш татуу мэт. Татуу өвдөг нь үе бүдүү, шөрмөс бүдүүн бөгөөд зөөлний шинж, Нарийн үет, нарийн шөрмөст нь хотгор өвдөгтэй, бүдүүн үет чанга шөрмөст нь цэх өвдөгтэй байдаг. Бэрэвхий налуун боловч богино, сагагны үс өтгөн, борвины үе маш бүдүүн, бүх бүлх шөрмөс нь шилбэний яснаас зайтай байна. Бүдүүн үет, зөөлөн бүдүүн шөрмөст нь богино сагагтай бол саарахгүй давхиач. Зөөлөн шөрмөст нь хат бага учир бороонд муу, наранд сайн, хатуу шөрмөст нь бороонд сайн, наранд муу байх.

Луу язгууртны бие их учир дөрвөн мөчний үе болон шөрмөс бүдүүн, бат бэх байх хэрэгтэй. Луу язгуурт хүлэг нь доогуур сунасхийн, гурван овоо тэгш, ширээ мэт зогсоно. Толгой дор, хүзүү, нуруу урт, зоо бөгтөр, дөрвөн мөч урт, бат бэх учир тавиухан харайж давхина.

Сэтгэгдэл