2016 оны 01 сарын 14

Мал эмнэлгийн шинжлэх ухаанд хөвөө гэж яг үүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт байхгүй. Хурдан морь уяж сойж байгаа хүн бүр л өөрсдийн ойлгож байгаагаар тайлбарлаж, өөр өөрийн арга барилаар эмчилдэг. Харин миний бие өөрийн хийсэн судалгаан дээр үндэслэн “хөвөө”-ний талаарх мэдлэгээсээ уншигч та бүхэнтд бага ч болтугай хүргэхийг зорилоо.   

Уяачид, малчид, зарим малын эмч нарын ихэнх хувь нь хөвөө гэхээр “умс хятай хоёрын зааг дээр үүссэн гадуураа салслаг бүрхүүлтэй хатуу болон зөөлөн хомоолыг хэлнэ” гэж ярьдаг. Дээр үеийн номыг уншиж байхад ч ингэж бичсэн нь харагдаж байдаг. Үүнийг хурдан морь хөлсөөр шингэн их алддаг, уяа сойлгын явцад гэдэс болон хоол тэжээлд өөрчлөлт орсноос үүсдэг гэх мэтээр тайлбарладаг. Судалгааны явцад хөвөө нь өөрөөсөө үүсэхээс гадна хоёрдогч хөвөө үүсч байгаа болох нь тогтоогдсон. Энэ нь  тэжээлийн бус зүйл идсэнээс олдмол хөвөө үүсэж байгаа тул  сонгомол, олдмол гэж хоёр ангилах нь зүйтэй юм.

1. Сонгомол хөвөө нь бидний их ярьдаг салслаг бүрхүүлтэй зөөлөн болон хатуу хомоол бөгөөд энэ бол төдийлөн хүндрэлтэй хөвөө биш. Тухайн адуу өөрөөсөө бий болгож буй сонгомол хөвөө учир гэдэсний агуулагдахуун багасах (уяж хоноод хоол солих үед) агшилт болон гүрвэлзэх хөдөлгөөнөөр гадагшилдаг. Харин бид бүхэнд ад үзэгдээд байгаа тэр салст бүрхүүл ходоод гэдэсний хана хамгаалах, шим тэжээлийн бодисоо шимэгдүүлэх үүрэг бүхий зүйл. Ер нь хатуурсан хомоол ихэнхдээ л нимгэн салст бүрхүүлээр хучигдсан байдалтай гардаг. Иймээс бас салслаг бүрхүүлтэй болгоныг хөвөө гэж үзэх нь утаггүй байх. Ямарч уяач морио барьсан өдрөөс эхлэн 1-2 удаа уяж хонон хоолыг сольдог учир сонгомол хөвөө байх магдлал бага байдаг. Сонгомол хөвөө нь хоёр хоног дарааллан уяж хоноход бүрэн гарах боломжтой.  Гэхдээ олон уралдсан морио засал сайн хийж уяа хариулалгүй адуунд тавибал сонгомол хөвөө нь олдмол хөвөө болох магдлалтай тул санаа амар  байж болохгүйг анхаарах нь зүйтэй. Сонгомол хөвөөний талаар доктор Г.Төмөрхадуур өөрийн гаргасан “Хурдан хүлгүүдийн биологийн ухааны судар” номондоо маш сайн тайлбарлаж бичсэн байдаг. 

2. Олдмол хөвөө гэдэг нь арчиллагаа маллагааны явцад өвс тэжээлтэй хамт шороо, өвсний мяндас, дэл сүүл зэрэг тэжээлийн бус зүйл идэж, эдгээр нь бие махбодоос гадагшлахгүй удсанаар эмгэг үүсгэж байгаа юм. (судалгааны явцад эдгээр гурван зүйлээр үүсгэгдсэн хөвөө илэрсэн). Үүнээс өөр зүйлээр ч олдмол хөвөө үүсдэг байхыг үгүйсгэх араггүй юм.

    ► Шороотой хомоол их  хүнд байдаг тул умсны хананд даралт өгч, хэсэг газрын мэдрэл дарагдаж, тэнд өвдөлт үүсэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг. Ингэж удаан хугацаагар явбал хэсэг газарт хаван үүсэж, маш их эмзэглэлийг бий болгоно. Хөвөөтөй адууны гэдэс их царгар болоод холхихгүй байдгын  ихэнх хувь нь үүнтэй холбоотой байж болох юм.
    ►Мөн өвсний мяндас болон дэл сүүл идсэн адууны хөвөө бас их хүндрэл үүсгэдэг. Мяндас, дэл сүүл нь хоёр болон түүнээс дээш хомоолыг хооронд нь бэхлэж орооцолддог учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр гадагшилдаггүй. Хурдан морь нь уяаны явцад шингэнээ их алддаг тул бүдүүн гэдэсний агуулагдахуунд өтгөрөлт их явагддаг тул гадны зүйлтэй барьцалдах нөхцөл бүрддэг.  Ийм зүйлийн хөвөө нь хамгийн хүнд бөгөөд болгоомжтой хандахгүй бол түгжрэлийг бий болгох ч магдлалтай.

Шинж тэмдэг:
1.    Амьсгаа ихтэй, тогтворгүй болно.
2.    Гэдэс царгар, холхилт бага явагдана.
3.    Давхилын үед 4-5 км яваад л суулт ирдэг.
4.    Баастай хамт бага багаар шороо, сүүл, мяндас зэрэг гарна.
5.    Өнгө зүс муутай, тарга тэвээрэг муу авна.
6.    Мөн удсан хөвөөтөй адуу хэвлийн цагаан зураагаа дагаад аймхай мөгөөрсний архан талд хэдхэн үс өрвийж боссон байдал ажиглагдана. Бусад үс нь хойшоо налуу байдаг. (Энэ нь зуны адуунд ажиглагдана)
7.    Гэдсийг өргөж үзэхэд эмзэглэл илэрнэ.
8.    Үе үе хөрвөөх үйлдэл ажиглагдана.

Эмчилгээ:
1.    Сонгомол хөвөөг 1-2 хоног уяж хоноод хөлөргөх, голын өлөн, зүлэг, хивэг  зэргийг  идүүлэн үнээний түүхий сүү, ургамлын тос зэрэг зөөлөн туулгалтуудаар туулгаж болно.
2.    Олдмол хөвөө нь тэр бүр амрахан гардаггүй учраас 2-4 хоног заавал уяж хонон бүдүүн гэдсэн дэхь агуулагдахуун нилээдгүй багссаны дараа туулгалтууд хийгдэнэ. Иймээс олдмол хөвөөг  уяаны явцад  авах хэцүү. Учир нь олон хоног уяж хонодог, туулгалтаар тамир тэнхээ их алддаг тул зүдэргээ их сууж сульддаг. Энэ засал хавар, намар хоёрт хийгдэх ёстой ба намар хийвэл тарга тэвээргээ сайн авч, онд тамир тэнхээтэй орж, ирэх жилийн уяанд бэлэн болно.
3.    Олдмол хөвөөг туулгахдаа тосон туулгалт, давсан туулгалт, айраг, магнизмийн бэлдмэлүүд, халгайн ханд (250 гр халгайн дээр 1 литр ус хийгээд 800 мл болтол битүү тагтай саванд зөөлөн гал дээр буцалгаж хандална.)
4.    Анхны цаснаар хоёр хоног уяаад дотуураа цан их цохидог хөндий ургамлуудаар  хооллох явдал чухал.
5.    Гүн клизм тавих.
6.    Шороотой томорсон хөвөө нь үүссэн газраа хаван, шархлаа, үрэвсэл үүсгэдэг учраас ийм зүйл гарвал аргаах, бүрхээх, шингээх, үрэвслийн эсрэг антибиотик, өвдөлт намдаах тариа, зэрэг эм бэлдмэл хэрэглэхгүй бол тухайн хавантай, эмзэглэлтэй, өвчтөй газар дахин тэжээлийн зүйлээр хөндүүрлэгдээд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг тул дахин хөвөө үүсч болох талтай.
7.    Уяач бүр л өөрсдийн гэсэн хөвөөг гаргах аргатай тул бидний энэ аргуудаас илүү аргатай хүн байхыг үгүйсгэхгүй билээ.

Урьдчилан сэргийлэлт:
1.    Морьдын тэжээллэгт сайтар анхаарч, өвс тэжээлтэй холилдсон тэжээлийн бус зүйлийг ялгах.
2.    Адуу модон хашаанд сүүлээ үрэх явцад модны сэртгэрүүдэд сүүл тасран үлддэг тул тэдгээрийг өвс тэжээлтэй холилдохоос сэргийлэх.
3.    Уяа сойлгын явцад морийг сайн услаж шингэний дутагдалд оруулахгүй байх.

Анхаарах зүйлс:
1.    Морийг хоёроос дээш хоног уяаж хоносон үед нэг дор хэт их хооллож болохгүй ба ойрхон тасалдалтай бага багаар хооллох нь зүйтэй.
2.    Огцом их хооллосноос түгжрэл болон колик (дэлүүтэх) өвчин үүсч болох талтай.
3.    Төрөл бүрийн эмийн бодисууд ашиглах шаардлага гарвал малын эмчээс заавар зөвлөгөө авах нь зүйтэй.

Сэтгэгдэл