2016 оны 01 сарын 14

1956 оны Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор Хэнтий аймгийн Галшар сумын нэрт уяач Донойн Цэгмид агсан бөгөн хул тэргүүтэй хэдэн морь уяж буянт ухаад эрээн майхнаа босгон эрдэнэт хүлгүүдээ барьж сойгоод их наадмын тухай элдвийг бодон суужээ. Тэгээд би өнчнөөн жил хусуур сойз бүсэндээ хавчуулж газар газрын их бага наадамд морь уяж уралдуулж явсаных наадамд түрүүлэх шандаст хурдан хүлгийг гадарлавал гадарлахаар л болсон байлтай. Ер нь өөрийгөө хэр шинжээч вэ гэдгийг сорьж үзие гэж сэтгэлдээ шивнээд наадмын урд өдөр хавь ойрын олон уяан дээгүүр орж уяа сойлго нь жигдэрч уяан дээрээ дүүхэлзэх олон сайхан хүлгийг харж нүд баясган явжээ.

Өөрийн сумын уяаны их насны морьдын уяаны дунд энэ наадамд түрүүлчихээр морь харагдсангүй. Энэ наадмын азарганы уралдаанд Д.Цэвэгмид гуайн бөгөн хул азарга түрүүлэн ирсэн ч будлиантай болж дахин уралдахад бөгөн хул дөрөвт хурдалсан билээ.

Их насны морь мордож байхад наадмын талбайд ирчихээд байсан хэсэг морьдын дунд сүүлээ боолгоод баруун хойш салхи сөрөн зогсож байсан бэсрэгхэн биетэй сартай хүрэн морь Д.Цэгмид гуайн нүдэнд тусаад иржээ. Өвгөн уяачд энэ хүрэн морь л өнөөдөр яах аргагүй түрүүлэх юм шиг санагдаж морьдын дэргэд зогсох хэдэн залуу уяачдаас "энэ сартай хүрэн морь хэний морь вэ" гэж асуувал нэг залуу их л тоомжиргүй янзтай хялам хийн харснаа "энэ чинь эзэнгүй морь" гэж их л хэгжүүрхэнгүй хэлээд инээж зогсоно гэнэ. Д.Цэгмид уяач толгой сэгсрэн тэдэнд дөхөж очоод "Хүүхдүүд ээ.. та нар намайг хүний хурдан моринд нүдний хор оруулдаг өөдгүй хүн гэж бодоо юу? Ах нь нэртэй хүний зүстэй хүн шүү" гэвэл нөгөө залуучууд өвгөн уяачийг таньсан бололтой "Галшарын нөгөө алдарт бөгөн хул азарганы эзэн байна шүү дээ. Азарганы эхний уралдаанд мөн ч сайхан түрүүлсэн шүү" хэмээн шивэр авир ярилцах сонсогджээ.

Тэгээд тэд өвгөн уяачд хандан "энэ сартай хүрэн морь Төв аймгийн Нялга сумын Доноодойн Галын хүрэн морь" гэж хэлжээ. Д.Цэгмид гуайгаас тэд "наад  сартай хүрэн морь чинь өнөөдрийн наадамд яаж давхихнуу" гэж асуухад Д.Цэгмид гуай "Халхын довон дээр наадхын чинь өмнө орох морь алга аа. Олом жирмийг нь сайн чангалаарай" гэж хэлчихээд яваад өгч гэнэ. 800 гаруй их насны морь уралдсан энэ наадамд Д.Галын хүрэн морь Д.Цэгмид гуайн хэлснээр хол тасархай түрүүлж олон наадамчдыг баярлуулсан гэдэг.

Галын  хүрэн морь  Ардын хувьсгалын 35 жилийн ойд түрүүлж, 36 жилийн ойгоор аман хүзүүдэж, 37, 38 жилийн ойн наадмуудад дараалан түрүүлсэн алдартай хүлэг билээ.

Хэнтий аймгийн Галшар сумын нэрт уяач Донойн Цэгмид гэгч улсын алдарт уяач энэ хүн түрүүлэх морийг хараад мэддэг увьдастай морь шинжээч нэрт уяач байсан төдийгүй төрсөн дүү Даваажанцтай хамтарч  уяачид хурдан морь сонирхогчдын гарын авалга болсон "Морин эрдэнэ" гэдэг номыг бичиж 1994 онд хэвлүүлж байсан буянтай буурал байсан билээ.

Сэтгэгдэл