2016 оны 01 сарын 14

Тэр нэгэн жил долоон хошуу даншиг наадамд манжийн хаан морилон ирэх болж гэнэ. Хаад ноёд манжийн хаанд нүүр тал засах гэж даншиг наадамд манжийн хааны морийг түрүүлүүлэх талаар богдын Лүндэнг гаргуулжээ. Харин зэргэлдээх нутагтай Цэцэн хаан эрийн 3 наадмын гол болсон морины түрүүг харийн хаанд хүчээр өгч байдаг нь юу билээ гэж дургүйцэн бодож хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг түшмэлд 30 лан мөнгө өгч наадамд түрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ.

Шинжээч түшмэлд хурдан морь олон дайралдсан боловч санаанд нь нэг л таарахгүй байж. Түшмэл хааны нутгаар явж байтал хонь хариулсан өвгөнтэй тааралдав. Өвгөний унасан хээр морь юунд ч гүйцэгдэшгүй хурдны шинж бүрдсэн морь байв гэнэ. Өвгөнд өөрийн учрыг хэлж худалдахыг гуйхад

-Би баян айлын хонь хариулдаг ядуу хүн. Энэ морь бол эзний өгсөн 3 дахь унаа, урдах 2 нь дараалан зөнөж үхсэн. Би хөгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагүй. Худалдах эсэхийг мэдэхгүй, эзэн өөрөө мэдэх буйзаа гэжээ.

Түшмэл морины эзнийд очиж худалдахыг гуйхад:
-Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн үнэмших вэ? Би үүнийг худалдах нь битгий хэл хүнд зүгээр өгөхөөсөө ичиж байна гэв.

Түшмэл мөнгөө ширээн дээр нь тавьж
-Энэ мөнгө эзэн танд өлзий болог, хээр морь надад хурдан болог гэж хэлээд хээр морио хөтлөн буцав.

Гэтэл Цэцэн хаан учиргүй уурлаж:
-Халх монголын адуун сүргийн хурдан нь барагдаж гэж бодоод энэ адуу нэртэй алхан толгойтой юмыг авчирч миний толгой эргүүлэх гэж бодоо юу үүнийгээ аваад зайл гэж хөөжээ. Түшмэл морио хөтөлж Төр хурахын аманд ирж, бараан өнгийн даавуугаар битүү нэмнэн халхавч хийж ус, идший нь тааруулан болох гэж байгаа төрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв. Нэгэн өдөр уяж байгаа бүх морьдыг Хүйн ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв.

Шинжээч нарын дотроос бөгтөр нуруутай хөх өвгөн
-Ээ хө, таны морь ёстой хурдан морь юм. Гэвч энэ наадамд түрүү булааж чадахгүй нь. Богдын ордны саравчинд алтан мөнгөт нөмрөгтэй, буйрын унага манжийн хааны хурдан бор гэдэг газар гишгэх "улаан хөлт амьтныг" урдаа оруулдаггүй хурдан морь бий. Түүний дараа л таны хээр морь ирнэ гэж хэлэхэд

Түшмэл
-Yгүй ер, халх монголчууд наадмынхаа мориныхоо түрүүг харь манж нарт алдах гэж үү гэж бодоод

-Өвгөн гуай миний хээр морь тэр бор морины өмнө орох арга байхгүй ю? гэхэд өвгөн
-Манжийн хааны тэр моринд согогтой юм ажиглагдсан. Нэг удаагийн нууц үсэргээнд олон хүн шуугиж хүүхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сүрдэж байсан. Бодвол үрээ даага байхдаа худагт юм уу усанд унасан юм байна гэж бодсон гэж ярьжээ.

Ингээд наадам болж морьд гарах болоход түшмэл цовоо сэргэлэн хүү олж морио унуулаад:
-За хүү минь манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор. Морь барих хүмүүсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгиран гуугалаарай гэж захижээ. Манжийн хааны бор морь, түшмэлийн хээр 2 тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хүү хэд чанга хашгиран давирахад манжийн хааны хурдан борыг орхин "хонины хээр" гэдэг хочтой хурдан хээр наадмын түрүүг булаасан юм гэдэг. Энэ үеэс "Даахин доор морь, дахан дор эр" гэдэг яриа үүсчээ.

Сэтгэгдэл