2016 оны 01 сарын 14

Онон-мөр хүргэн Өлзийдоогийн хамт Ар хонхор гэдэг газар өртөөний алба хийж байх үест Зараа буланд Баянжаргалан, Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан сумууд нийлж цагаан сарын наадам хийжээ.

Энэ наадамд Оном-мөр их охин Сарангэрэлийнхээ хонинд унадаг хээрийг уяна гэхээр хүргэн Өлзийдоо нь: - Та олон хурдан морьтой байж очиж очиж хонинд унадаг мориор яах юм бэ? гэхэд: - Зүгээр, чөдөрлөгөөнд гэдэс тогтож, зооны мах сулраад байгаа юм. Айрагдах биз, харин чи халзан морио уя гэжээ.

Үүнээс өмнө Хүнхэр талд Баянхутаг, Галшар, Мөрөн, Дархан сумд нийлж уралдахад түрүүлсэн Рагчаагийн бор морь давхар уяагаар Зараа буланд ирээд байв. Их насны морьд мордох үед Оном-мөр морьд үзье гээд явчихаж. Энэ үед Өлзийдоо, Рагчаагийн бор морь маш тайван унтаж, уяа эвтэй байна гэж боджээ.

Гэтэл Оном-мөр хүрч ирээд: - Хоёр чих хув, дэлтэй хээр морийг баруун хойт үзүүрт цагаан цэнхэр дээлтэй залуу хүн бариад зогсож байна. Тэр морь түрүүлэх байх. Чи хув хээрийн зөв талд халзан морио гаргаж уралдуулж чадвал манай морь түрүүлнэ гэжээ.

Өлзийдоо: - Рагчаа гуайн бор морь түрүүлэх юм биш үү гэхэд: - Рагчаагийн бор хүний хэлээр ярьдаг бол эзэн минь намайг аврах болов уу, алах болов уу хүн юмсан бол надад аяга шөл, аагтай цай хэрэгтэй байна гээд унтаж байна даа зайлуул. Ийм морь гуч дотор ч багтахгүй гэжээ.

Морь эргэхэд ихлээд л хув хээр гарч хойноос нь Өлзийдоогийн халзан нэхэж буруу талаар орж үргэлж зуузай холбон явав. Тэр наадамд хув хээр морь түрүүлж, буруу талд явсан халзан морь аман хүзүүлжээ. Дээрх уралдаанд Рагчаагийн морь 32-т давхижээ. Хув хээрийн эзэн залуу, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат Мөнгөний Лувсандорж байв. 1951 онд улс хувьсгалын 30 жилийн ойгоор улсын наадамд 584 хурдан хүлэг уралдахад түүний хар морь түрүүлсэн нь хурдан морины цуваанд тэмдэглэгдэж үлджээ.
 

Т.Буяндаш, У.Буяндэлгэр "Хүлэгч" номноос

Сэтгэгдэл