2016 оны 01 сарын 14

Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1998 оны зун, миний бие амралтаараа очсон юмаа. Нутгийнхан морьдоо барьчихсан. Уяачдын хувьд  ажлын ид үе байлаа. Уяа сонирхонгоо, хуучцуултай энээ тэрээ ярилцан суухуй нас наяын босго тулсан Иш хэмээх тэнхлүүн өвгөн тамхилгангаа:-Хүү аль нутгийн хүн байна даа, одоо нутаг хаанав гэж намайг лавлахад хэд гурван үг сольё гэсэн байртай асуулаа. Би:- Алс баруун Ховдынхон, одоо ойролцоо “Түргэний гол”-д нутаглаж байна гэхэд минь.
-  За хүү минь танай голоор голдуу нутагладаг, уг нь хаанахынх  болохыг нь мэдэхгүй л дээ алдрыг нь “дээлт” Осор гэдэг шиг санагдана. Бодвол сонсож таараа байлгүй гэв. Ингэж бид хоёрын дунд яриа эхэлэв. Иш гуай - Туранхай нь дэндсэн, ясан хэдрэг шиг хэрзийсэн бор морьтой хүн манай наадамд ирж уралдаад түрүү аваад буцаж билээ. Ээ дээ мөн ч хийморьтой сэргэлэн хүн дээ. Би ч үнэндээ тэр холоос ийм ч юм хөтөлж ирэх ч гэж дээ гэсэн шүү юм бодож байснаа нуух  юун. Тэгсэн чинь тэр нь ёстой л  Хаянхярваа бурханы хүлэг, тэнгэрийн амьтан байсан юм билээ гэв.

Намаржаанаас голын  айлууд сууриндаа нүүлээ. Өвгөнийх, манай хоёр хамар хашаанд Осор гуайг таних, танихгүй цөм л “Өвгөн гуай” л гэх. Осор гуай хашааныхан үүдэн мод толгойгоо нэрж суухтай нь таарч: - Осор гуай, би хөдөө амраад ирлээ. Танд дуулгах сонин хачин ихээ, та манайд орооч гээд өвгөнийг урин, бид хоёр ганц шил юмны бөглөө мултлав. Би ч "Таны нэг бор морины тухай Цагаандэлгэрийн хөгшчүүд саяхан болсон наадам мэт их тод санаж, шагшин ярьцгаах юм. Та тэр тухайгаа хуучлаач" гэхэд Өвгөн: -Аа тэгж байна уу? гээд чухам л гал нь буурсан нүдэнд нь залуугийнх нь  цог заль гэрэлтэж, сэтгэл нь сэргээд, тэр нэг наадмын тухай ийн хуучлав.

Туулай жилийн зуны сүүл сар. Би борыгоо улсын наадмаар наймд давхиулчихаад нэг л дутуу санагдаад, одоо өөр хаана наадам байдаг бол гээд чих тавьж суусан цаг. Тэгтэл Төв аймгийн Алтанбулагийнх юм даа, Амгалан нэг өдөр манайхаар бууж: “Дундговийн Цагаандэлгэр наадамтай гэнэ, надад баттай хэл ирлээ. Хоёулаа ханилаад явья” гэдэг юм байна. Наадам хайж байсныг хэлэх үү, ёстой загатнасан газар маажив гэгчийн юм болохгүй юу. Ямар одооных шиг хаа сайгүй наадам болж, ачаад буулгачихдаг байсан биш. Явалгүй яахав гээд тохирлоо. Хоног байна, бор морио хоёр хоног тавилаа.Тэгээд барьж уяагаараа л хөтөллөө дөө. 8 хоноод хүрлээ. Шуудхан явбал хоёрхон хоногийн л газар шүү дээ. Зуншлага жаахан муухан талдаа, хөрс нь хатуувтар, харгана бутаргана ихтэй л нутаг байх юм. Амгалангийн маань хадам талынх нь нэг айлын уяаг зайчлаад морьдоо уячихлаа. Нөгөөдөр нь наадам эхлэнэ. Урьд өдөр нь сайхан амраагаад, наадмын өглөөний үүрээс өмнөхөн ойрхон газар задгай, зөөлөн хөлс авчихлаа. Өнгө ч хачин, гялталзаад л. Хүмүүс бужигнаад морьд гарлаа. Морины даамал бололтой нэг хүү - Бүртгэл өчигдөр дууссан. Гэхдээ яахав. Холоос зорьж ирсэн юм байна. Хүлгийн хйиморь харьчиж магад.... гээд л их хэвлүүн, хүндэтгэлтэй хандаад бүртгэлээ. Гэтэл тугчин нь: Үгүй ер нь хараажаар яасан туранхай, тамир тэнхээ нь хаана байдаг юм бол гэх шиг гоочлох янзтай. Морио нийлүүлчихээд л буусан майхандаа ирээд аяга юм уугаад сууж байтал: - Ааваа гэх хүүгийн минь дуу гардаг юм байна. Энэ чинь юу билээ гээд гартал хүү минь уйлчихсан: Нэг дарга ах “наад морь чинь эргэж ирэхгүй,тавиландаа ч хүрэхгүй юм байна, одоо буц” гээд явуулсангүй гэдэг. Миний цөс ч жаахан хөөрч  байнаа янз нь. Олон таван үггүй шууд мордоод л хүүхдээ хөтлөөд манаргачихлаа. Нэлээн цогиж байж гүйцдэг юм байна. Морь туугчид  “түрүүн буцаачихсан шүү дээ. Та яасан ойлгодоггүй юм бэ гээд уурлах янзтай”. Би "Та нар сонсож айлд. Би хүлэг, хүү хоёроо мэднээ,та нарт ажил удахгүй, харин миний морийг  зогсоох газрыг  та нар мэдэхгүй. Зөвхөн морь бариач л зогсоох  байх. Тэр гээд наадмын талбайн зүг заалаа". “Харж л байя. Явуулчих” гэдэг юм байна. Би ч буцлаа, дотор хүнтэйгээ ярилаа. “Хөлс нь гялталзаад бие нь хөнгөрч, хөл нь газар хүрч алдаад. Уяаны хувьд мадаг байхгүй. Давхар уяан дээрээ өнөөдөр л давхих шиг болох вий” гэж бодоод л шууд л талбай  дээр буулаа.  Би залуудаа аатай ч, амтай ч явлаа. Түүндээ хүрдэг ч байсан. Хөгшнийхөө хийсэн дээлээр бас их гоёно оо. Ямартаа л “дээлт” нэртэй өвгөрхөв. Хөгшнийхөө буянд мөн ч олон дээлээр гоёсондоо.

Морьдын түрүүч нэг бор толгойг ороогоод гараад ирлээ. Дурангаа гаргалаа. Миний бор морь, миний бор морь гээд хашгирчихмаар санагдлаа. Арын морьд холоо хол. Шогсшод орсон ч гүйцэгдэхгүй, ёстой нэг түрүүлэх шиг боллоо. Хүмүүс ер нь сонин зантай шүү. Тэр мөчөөс эхлээд л намайг чинь – “Осор гуай манай майхнаар морилоорой, та дээшээ дээшээ болоод таних танихгүй хүмүүс шавчихаж байгаа юм даа.”  Нөгөө уур уцаартай байсан даамлууд ичсэн биз. Ээдээ миний бор л ховор заяах эрдэнэ байсан  даа хөө. Ингэж л хурдан хүлгийн буянд түмэнтэй танилцаж,  газар үзэж, нүд тайлж явлаадаа хэмээв. 
Би ч "Иш гуай яг л таны ярьсаныг надад хэлсэн. Танд мэнд уламжлаарай гэсэн шүү" гэхэд "нас дээр гарчихлаа, жаахан танагтайсан бол ганц хоёр адуу хөтлөөд ахиад нэг очихсон.  Хүний сүлд хийморь тэтгэсэн сайхан нутагдаа" хэмээн сэтгэлдээ залбирч тэр нутгийн зүг  ерөөл өргөж билээ.  Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул ”дээлт” Осор хэмээх өвгөн, залуу зандан насандаа чухам  л оодон хормойтой халбагар нударгатай, торго хамбаар гангарч явсан  аатай ч, амтай ч  харсан хүлгээ санаснаараа уяж давхиулахаа ч мэддэг “ясны уяач” явсныг нутаг нугынхан нь  андахгүй.

Хүнд  даан ч тусархаг, хөгшин залуу гэж ялгахгүй ярьж хөөрнө. Өвгөний шавь Монгол улсын манлай уяач Б.Чанчив : “Би өвгөнтэй даан ч хожуу учирлаа. Хорин жил ч богинохон байв даа. Бид хоёр их юм дуулгах  байсан даа” хэмээж байхад, нэрт уаяч Г.Лхамсүрэн: “ -Уяачийн  эрдмээс нь өвөлж, уг  сургаалийг нь сонсох хугацааг бурхан надад даан ч богинохон олгожээ. Одоо ч өвгөнтэй сэтгэлдээ ярьж шийдвэрээ гаргаж  л явдаг юм даа” гэж билээ. Ингэж хайрлан дурсаж үгүйлж явдаг хүмүүс Бөхөг, Түргэний  сав газраар олон. Өвгөн олон сайхан хүүхдүүдтэй. Тэд бүгд л эр, эмгүй адууны тэнгэртэй. Аргагүй дээ, айраг сэнгэнэсэн адууны зэлэн дээр өссөн юм хойно. Хүү Очирбатын хээр, Оросоогийн хүрэн, хүргэн Болдын хар, Дээмээгийн халзан гээд олон хурдан буян улс, аймаг, сумын айраг түрүү авсаар одоо ид хурдалж байна. Сайн эцгийнхээ их эрдмийн хишгээс өөрийн хэрээр өвлөн авсан үр хүүхдүүдэд нь уясан бүхэн нь торгон жолоо өргүүж байхын ерөөл барьж дурсамж хүрнэлээ өндөрлөе. Адууны тэнгэр ивээх болтугай.  


Бор дээлт овгийн Д.Мандаа.

Сэтгэгдэл