2016 оны 01 сарын 14

Баянхутаг сумын Даасын Мундаг (Дамдингийн Доржпалам) гэгч хүн Мандал сум гэж байхад иржээ. Түүний хар морь хурдан гэж хавь ойрдоо шагшигдаж байв. Их насны морьд мордож асарт цуглах үес хүмүүс Мундагийн хар морийг үз гэжээ. Даасын Мундаг хүүхдээ мордуулчихсан, өөрөө хийморийн дарцаг өндөр ишинд хийсгэж дөрөөвчлөн бариад өмнө нь алхуулж, хар морийг бас хоёр морьтой хүн дагалдсаар сүрийг бадруулан наашлан явна. Өөдөөс нь тосч явсан Оном-мөр тулж үзэлгүй огцом хажуу тийш эргээд явчихав. Өвгөний араас дагаж явсан хүмүүс дотроос хүргэн Өлзийдоо нь "Манай хадам өвгөн Даасын Мундагаас айв уу! Яав? Морий нь үзсэнгүй гэжээ".

Дараа нь Мундагийн хар морь ямар байна вэ? хэмээн асуусанд: "За даа хар морь ганцаараа хол тасраад гараад ирэх байх. Салхи нь энэ янзаараа байвал энүүхэнд зам тохойрч салхи эрслэх хавьд хэдхэн харайгаад ойчоод өгөх байхдаа гэжээ. Үнэхээр Мундагийн хар морь тасарч яваад нарийн зөргөөр зам салаад салхи эрслээд ирэх үед унасан гэдэг. Мундагийн хар морь ойчсон ч буцаж сэхсэн гэнэлээ. Хожим Оном-мөрөөс, Мундагийн хар морь яагаад ойчсон юм бэ гэхэд "Хар морийг унтуулж биеийг нь амраасангүй хоол идшийг нь багадуулсан учир салхи эгцэрч хамрын хоёр нүхээр зэрэг салхи орохоор өлөн морь ойчиж байгаа юм" гэжээ. Сүүлд сонсвол Мундаг хар морио үүр цүүрээр барьж, хүүхэд унуулан хийморь хийсгэж, уяа эргүүлсээр өглөө болгосныг олон хүмүүс харсан байжээ.

Сэтгэгдэл