2016 оны 01 сарын 14

1956 оны Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор Хэнтий аймгийн Галшар сумын нэрт уяач Донойн Цэгмид агсан Бөгөн хул тэргүүтэй хэдэн насны морьд уяж, Буянт ухаад эрээн майхнаа босгон эрдэнэт барьж сойгоод их наадмын тухай элдэвийг бодон суужээ.

Тэгээд "Би өчнөөн жил хусуур сойз бүсэндээ хавчуулж, газар газрын их бага наадамд морь уяж, уралдуулж явсаных наадамд түрүүлэх шандаст хурдан хүлгийг гадарлавал гадарлахаар л болсон байлтай. Ер нь өөрийгөө хэр сайн шинжээч вэ гэдгийг сорьж үзье" гэж сэтгэлдээ шивнээд наадмын урд өдөр хавь ойрын олон уяан дээгүүр орж, уяа сойлго тааран дүүхэлзэх олон сайхан морьдыг нүд баясган харж явжээ.

Өөрийн сумын уяаны их насны морьдын дунд энэ наадамд түрүүлчихээр морь харагдсангүй. Энэ наадмын азарганы уралдаанд Д.Цэгмид гуайн хул азарга түрүүлэн ирсэн ч будлиантай болж дахин уралдахад Бөгөн хул дөрөвт хурдалсан билээ. Тэгээд их насны морь мордож байхад наадмын талбайд ирчихээд байсан хэсэг морьдын дунд сүүлээ боолгоод баруун хойш салхи сөрөн зогсож байсан бэсрэгхэн биетэй хүрэн морь Д.Цэгмид гуайн нүдэнд тусаад иржээ. Өвгөн уяачд энэ хүрэн морь л яах аргагүй өнөөдрийн наадамд түрүүлэх юм шиг санагдаж морьдын хажууд зогсох хэдэн залуу уяачдаас "Энэ сартай хүрэн морь хэний морь вэ?" гэж асуувал нэг залуу их тоомжиргүй янзтай хяламхийн харснаа "Энэ чинь эзэнгүй морь" гээд их л хэгжүүрхэн хэлээд инээж зогсоно гэнэ. Тэхэд Д.Цэгмид толгой сэгсэрч тэдэнд дөхөж очоод "Хүүхдүүд ээ, та нар намайг хүний хурдан моринд нүдний хор оруулдаг өөдгүй хүн гэж бодоо юу. Ах нь нэртэй хүний зүстэй хүү шүү." гэвэл нөгөө залуучууд өвгөн уяачийг таньсан бололтой "Галшарын алдарт Бөгөн хул азарганы эзэн байна шүү дээ. Азарганы эхний уралдаанд мөн ч сайхан түрүүлсэн шүү" хэмээн шивэр авир ярилцах сонсогджээ.

Тэгээд тэд "Энэ хүрэн морь Төв аймгийн Нялга сумын Доноодоын Гал гэдэг хүний морь" гэж хэлжээ. Д.Цэгмид гуайгаас өнөөх залуучууд хүрэн морийг яаж давхих талаар асуухад "Халхын довон дээр наадхын чинь өмнө орох морь алга аа, олом жирмийг нь сайн чангалаарай" гэж хэлчихээд яваад өгч гэнэ. 800 гаруй их насны морь уралдсан энэ наадамд Д.Галын хүрэн морь Д.Цэгмид гуайн хэлснээр хол тасархай түрүүлж, олон наадамчдыг баярлуулсан гэдэг.

Энэ морь Ардын хувьсгалын 36 жилийн ойгоор аман хүзүү, 37, 38 жилийн ойн наадамд дараалан түрүүлсэн юм. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, улсын алдарт уяач Донойн Цэгмид гэгч энэ хүн түрүүлэх морийг хараад мэддэг увидастай морь шинжээч, нэрт уяач байсан төдийгүй төрсөн дүү Даваажамцтай хамтарч уяачид хурдан морь сонирхогчдын гарын авалга болсон "Морин эрдэнэ" гэдэг номыг бичиж, 1994 онд хэвлүүлж байсан буянтай буурал байсан юм.

Сэтгэгдэл