2016 оны 01 сарын 14

Дээр үеийн хуучцуул ярихдаа "Хан уулын ард зайдан морь түрүүлдэггүй" гэлцэнэ. Учир нь тухайн үед хурдны морийг одооных шиг зайдан унах явдал бага, дандаа эмээлтэй /хоёр бүүрэгтэй Монгол эмээл/ унадаг байсантай холбоотой биз ээ. Тэхдээ нутаг нутаг өөр өөр. Тухайлбал Булганхангайн уяачид дандаа зайдан унуулдаг байсан жишээтэй.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уяач Банзрагч зааны улаан гэж аймагтаа олон түрүүлсэн цуут хурдан хүлэг байв. Банзрагч заан улаан азарганыхаа үнэн хурдын үзэхээр Хан уулын ар Хатан туулын хөвөөнөө ирж, улсын наадамд уралдуулахдаа зайдан хүүхдээр унуулаад гаргажээ. Тэгэхэд гарааны зурхай руу хөдөлж буй азаргануудыг шинжин зогссон хоёр хөгшин "Энэ улаан азарга сайхан амьтан юм даа. Даанч зайдан гарч байх юм. Хан уулын ард эмээлгүй морь түрүүлж ирж байсан удаагүй, ядаж тохом зураад гаргачих юмсан" гэхэд түүнийг сонссон Банзрагч заан "Миний улаан азарга эмээлтэй ч түрүүлнэ, эмээлгүй ч түрүүлнэ" гэж аархуу хэлээд мордуулсан байна. Их наадмын азарга ч гараанаас эргэж Банзрагч зааны улаан азарга Айдасын даваа давтал өнгөлөөд сууж, улмаар арван хэдээр орсон гэдэг.

Сэтгэгдэл