2016 оны 01 сарын 14

Нутаг усандаа "Ява" хээр хэмээн алдаршсан нэгэн содон морь янз бүрийн учир шалтгаанаар ид шидээ үзүүлж чадалгүй байсаар өнгөрсөн гэдэг. 1972 онд Хэнтий аймгийн Галшар сумын их адуун сүргээс бага насны хэсэг үрээ, байдас Бүрэнхааны модны үйлдвэрийн ажилчдын хүнсний хэрэгцээнд ирсэн байна. Адуун дотор нэгэн хээр үрээ байсныг залуу ажилчин идшиндээ хөтөлж ирсэн боловч нядлуулдгийн даваан дээр тангарч дайраад алдууран зугтаажээ. Эрмэг догшин хээр үрээ чадал заан зугтаж Бүрэнхааны сүрлэг уулсын модтой суга жалганд нуугдан, хангайн ивээлд орон эрлэгт өртөлгүй онд оржээ. Хойтон намар нь дахиад л туүнийг ажилчны хүнсэнд өгсөн байна. Хэдэн хүн адуун дээр очиж хоморго хийхээс наахнуур хөөцөлдөн байж барьж аваад хөтөлж явтал гэнэт эргэн тангаран алдуурч аваад зугтан алга болжээ.

Ингэж догшин хээр үрээ хоёр дахиа амь мултарсныг дуулсан Модны үйлдвэрийн дарга дуу алдаж:
-Их цовоо үрээ байна хө. Агталж морь болгоё. Идшинд хэрэглэх гээд яах вэ! Сайн морь болох шинжийн үрээ байна лээ. Сургаж эдэле гэсэн гэдэг. Хавар агтлах үеэр мөн л барьж чадалгүй хулжааж алдсан тул олон морьтой, мотоциклтэй хүмүүс өртөөлөн элдээд ч баралгүй морь малаа цуцааж, бензин тосоо баржээ. Тэр үеэс чехийн хурдан мотоциклийн нэрээр "ЯВА" хээр гэдэг цолыг хүртсэн тэр үрээ хангал догшин хэвээрээ үлдсэн байна. Нэгэн удаа "Ява" хээрийг барьж авахаар хэдэн залуус морь, мотоциклээр өртөөлөн хөөсөөр хээр талд бахардуулан унагаж, агталж орхиод "үхвэлч ч үхэг" гээд явжээ. Гэвч догшин хээр үхсэнгүй, амьд үлдэж сүрэгтээ нийлсэн байв. Тэр зунаас моринд эрэмгий залуус барьж аваад удаа дараа сургах гэж булгиулсан боловч номхорсонгүй. Хожим нь адуунд эрдүү нэг эр аргаар сургаж унаад яадгийг нь үзэх санаатай Бүрэнхаанаас эртлэн мордож Онон голыг өгсөж давхисаар Баян-Адарга сумын төв хүрчихээд эргэхдээ Шуусын боомоор зам мурийж Бүрэнхаанд ирэхэд бага үд болж байсан гэдэг. Энэ нь барагцаагаар 180 км орчим урт зам юм. Бас нэгэн удаа Бүрэнхаанаас өглөө мордоод Өндөрхаан хот хүрчихээд орой эргэж ирэх хооронд 400 гаруй км урт замыг нэг өдөр туулсан баримт бий.

Бүрэнхааны модны үйлдвэрийг 1980-аад оны дундуур татан буулгахад нөгөө хээр морьтой адуу Бэндэрийн ой агнуурын аж ахуйд шилжиж иржээ. Тэгэхэд хээр морь Батширээт сумын Бархын голын байгаль хамгаалагчийн унаа болсон байна. 1990 онд 21 нас хүрсэн "Ява" хээр морины нүд нь үрээ адууных шиг хурц сэргэлэн, эзнээсээ өөр хүнийг ойртуулах дургүй, бишүүрхүү, догшин ардаг зангаа хадгалсан хэвээрээ байсан гэдэг.

Галбир нь гэвэл хүзүү гурван уулзуур маш нягт, дэл сүүл өтгөн, жигд жижиг долгиотой, чихний уг бүдүүн, долоон сартай, монхор хамартай, духны эргүүлэг нь хоёр нүднээс доош, хүзүүний дунд хэр байрласан нар зөв эргүүлэг маш том, хөх мах нь том зузаан, хавирганы матаас ихтэй байсан гэдэг. "Ява" хээрийн нэгэн гаймамшигтай содон шинж нь эрхий хурууны өндөгний хэртэй молцог шиг зөөлхөн зүйл хоёр суганд нь байрласан байжээ. Тэрхүү хоёр молцог нь голоороо шүдэнзний хоёр мод шургуулахуйц нүхтэй бөгөөд түүнийг "Гуурс" хэмээн ярьдаг байжээ.

"Ява" хээр унахад хөнгөн, ам хатуу, морьтой хүнтэй дөрөө харшуулж явах тун дургүй. Морины заавал өмнө гарч явахаас нааш санаа нь амардаггүй. Адуунаас барьсны дараа мордоход булгидаг, гурав хоног өвс идэж ус уухгүй, уулын толгой харж чихээ хайчлан зогсдог. Уяа мориных шиг хатуу хомоол гаргах үедээ өвс идэж, ус ууж эхэлдэг сонин заншилтай адуу байсан байна.

Д.Даваа "Монголын хурдан морины домог, түүх" номноос

Сэтгэгдэл