2016 оны 01 сарын 16

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум гэхээр хамгийн түрүүнд морь сонирхогчдод Д.Хишигбатын алдарт хонгор морь бодогдох нь лав. 1991 оны Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор алдарт хонгор морь улсын баяр наадамд ирж түрүүлсэн ч морь будилдаг муу зуршилын уршгаар түүхэн цуваанд үлдээгүй нь харамсалтай. Тухайн үед Яармагийн дэнж байтугай монгол даяар Хөвсгөлийн хонгор морины тухай шуугиж байсан гэлцдэг. Онгоцоор буцсан, Завханы ойд гайхалтай уралдсан, даагаа нэхэж улсад уралдсан, олон сайн уяачдад хурдан сайн гэж үнэлүүлсэн гээд Дашнямын Хишигбат, хонгор морь хоёрт домог түүх арвин билээ. Том наадамд явж уралдаагүй ч И.Санжаагийн хулгар хээр гэж энэ нутгийн зартай хурдан морь байсан гэлцдэг.

Түүх сөхвөл 2000 оны Тэсийн даншигт тус сумын Сампилын Түмэндэмбэрэлийн хурдан хар азарга айрагдаж нутгийн нэр гаргаж байсан удаатай.

Харин өнгөрсөн зун Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд Цэцэрлэг нутгийн хүү Гончигбатын Батболдын хурдан зээрд үрээ айргийн дөрөвт хурдалж дахин нэг нутгийн нэрийг хурдны голомт нутагт цуурайтуулсан юм.

Гончигбатын Батболд хэмээх энэ залуу моринд шаргуу орж шууд бүсийн айраг авсан хийморьтой эр. Нэгэн сайн танил нь надад "Данкан, Далантай хоёр байхад болно гэдэг хүн дээ. Энэ хоёрын улаан фен..." хэмээж байсан удаатай. Бөхийн талаар ч зэгсэн мэдлэгтэйн дээр төрсөн дүү Бат-Орших нь Хөвсгөл аймгийн начин цолтой бөх бий.

Түүний хурдан зээрд үрээ Халзангийн Доржготов багшийн унаган адуу. Эцэг нь бага насандаа сумандаа айрагдаж түрүүлж байсан хурдан ажнай бий. Зээрд үрээ шүдлэндээ Жавхлант шаргад гуравт, Дорноговь аймгийн Дэлгэрэх , Уулбаян сумдын 90 жилийн ойд мөн аман хүзүүдсэн. Дэндэв тайж, Галсанбанди адууны голомт, улсад уралддаг хурдтай Уулбаян сумдад аман хүзүүднэ гэдэг жир хэрэг биш юм. Хязааландаа Дорнод аймгийн аварга хүлэг шалгаруулах Сан бэйсийн унага уралдаанд дөрөвт хурдалж, Сүхбаатар аймгийн Жавхлант шарга уралдаанд түрүүлж, Түмэнцогт суманд түрүүлээд Баруун-Урт хотноо болсон улсын чанартай бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхижээ. Халхын их уяач, морь шинжээч Хардэлжанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит “Сэцэнханы хурд 2010” зүүн бүсийн хурдан морины уралдаанд бор морио түрүүлгэж явсан Мөнххааны Нямсүрэнгийн Гэрэлт-Од зээрд үрээний уяа сойлгыг тааруулж байгаа юм.

Хоймор нутгийн хийморилог уяачийн зээрд үрээ эзнийхээ нэрийг том наадамд олонтаа гаргах биз ээ.

Сэтгэгдэл