2016 оны 01 сарын 14

Үндэсний бөхийн тайлбарлагч Ц.Батнасан ах "Тэвшийн уурхайн хурдан хул азаргат Дашдоржийн утсыг олж өгнө. Сайнцагааны холбооны Дашдоржтой зарим материалд андуурагдаад явдаг юм" хэмээж байсан билээ. 

Дундговь аймгийн Сайнцагаан сум ерээд оны дундуур Дашдорж нэртэй хоёр сайн уяачтай байлаа. Холбооны хэмээн алдаршсан зүүн зүгээс олон хурдан адуу зөөсөн Дэлэгийн Дашдоржийг холбоо хээр азарганаас эхлээд олон удамт хурдан хүлгийг бий болгосон алдартан гэдгийг мэдэх билээ. Харин аймгийн баяр наадамд гурвантаа айрагдаж, 1997 оны Зава Дамдины даншиг их наадамд айрагдсан хурдан хул азарганы эзэн Лувсангончигийн Дашдоржийн амжилтыг Дэлэгийн Дашдоржтой хамтатган нэг хүн мэт оруулсан тохиолдол элбэг юм. 

Лувсангончигийн Дашдорж 1953 онд Дундговь аймгийн Луус сумын гуравдугаар багт мэндэлжээ. Тус аймгийн Хулд сумын бага сургуульд элсэж, Сайнцагаан сумын Тэвшийн уурхайд ажиллаж, хурдан морь уяж, өдгөө Хэнтий аймгийн Галшар суманд амьдарч байна. Түүний ойрын садан Лувсангончигийн Цэвэг-Очир гэж Хулдын цуутай уяач байлаа. Ж.Содномпилын унаган хурдан халиун азарга нь сумандаа хоёр ч түрүүлсэн. Тэрхүү Цэвэг-Очирын хүү нь өнөө цагийн хурдан хул морь Ганхүрэл юм.

Түүний хул азарга хадам Галшарын Дамдинжавын унаган адуу, хурдан хар азарганых нь удам. Даага шүдлэндээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын баяр наадамд дараалан түрүүлжээ. Хязааландаа 1990 оны зун Дундговь аймгийн баяр наадамд аравт хурдалж, овоо товогт айрагдав. 1991 онд Дундговь аймгийн 50 жилийн ойн баяр наадамд 200 гаруй соёолонгоос азарган үрээ гуравт хурдлав.

1992 онд хавчиг азарга Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, Л.Дашдоржийн хадам дүү Д.Ганхуягийн их нас, соёолон нь айрагдсан байна. Аймгийн баяр наадмын дараа Дэрэн суманд түрүүлэв. Мөн жилээ Хэнтий аймгийн Галшар суманд болсон Өвгөн ноёны анхны наадамд тавласан байна. 1993 онд Хэнтий аймгийн түүхт 70 жилийн ойн баяр наадамд 25-д давхижээ. Тус баярт Ц.Сандагдоржийн хар түрүүлж, толин хул айрагдаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Тэр өвлөө Хэнтийн Галшар, Баянхутаг дамжин гурав дараалан түрүүлж, 1994 онд Галшар сумын 70 жилийн ойд тавд, 1997 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын баяр наадамд дөрөвт тус тус хурдлав. 

1997 оны зун Дундговь аймагт болсон Зава Дамдины 130 жилийн ой говийн бүсийн даншиг наадам их өргөн болоход Л.Дашдоржийн хурдан хул азарга 11 настай очиж уралдан Ц.Цэрэнбалын хурдан хүрэн, С.Гомбо-Очирын саарал хэмээх халхад данстай хоёр аварга адуунд дийлдэж гуравт давхижээ. 1998 оны анхны Их хурдад очиж уралдаад 50 гаргаж хурдалжээ.

О.Наранбаатар

Сэтгэгдэл