2016 оны 01 сарын 16

Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд магнайдаа тоосгүй хурдалсан түмэн эх хурдан хүлэг бол Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугул Буян-Өлзийн Жаргалсайханы эрэмгий хээр буюу Монголын хурдан морь сонирхогчдын дунд "Даатгал хээр" нэрээрээ алдаршсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын угшилтай ар халхын цуут хурдан буян юм. Даатгал хээр азарга нь 2003 - 2006 оны хооронд улс бүс болоод шигшмэл морьдын уралдаанаас нийт 2 түрүү 5 айраг хүртсэн байдаг. 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдалж, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадамд түрүүлсэн бол 2004 онд Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах шигшмэл морьдын ИХ ХУРД уралдаан, Төрийн тахилгат Алтан дарь овооны наадамд тус тус аман хүзүүдэж 2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн гуравт, Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ойд аман хүзүүдэж 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд түрүүлэн ирж түмний эх болсон билээ. Хээр азаргийг уралдах хугацаанд нь Сүхбаатар аймгийн Асгат сумын МУАУяач Ганхүрэлийн Сэргэлэнбаатар уяж сойдог байсан билээ.

Шүлгийг: П.Бадарч
Аялгууг: Т.Сэр-Од
 

 ДААТГАЛ ХЭЭР
Ганга л нутгийн босоо унага
Ганзага сарвайх гараат салхин
Галтай цахиур туурай тачигнаж
Газар товчлон дүүлж ирсэн

Даяар түмний магнайн баясал
Даатгал хээр манлай ажнай, зээ хө
Туурайн тоосоороо тэнгэр хээлсэн
Тугтай түрүү - Түмэн эх ээ

Аргил бугых шиг зоогий нь илбэн
Айраг сүүгээр мялаан баясгахад
Амгай зуузай шигшин дүүхэлзэж
Алтан жолоо - алдраа дуудуулсан

Даяар түмний магнайн баясал
Даатгал хээр манлай ажнай, зээ хө
Туурайн тоосоороо тэнгэр хээлсэн
Тугтай түрүү - Түмэн эх ээ

Шанхан дэлээ агаарт сэвлээж
Шаргын уулнаа анхлан түрүүлэхдээ
Эрмэг шандаст хурдаа гайхуулж
Эзэн намайг хамт л цоллуулсан

Даяар түмний магнайн баясал
Даатгал хээр манлай ажнай, зээ хө
Туурайн тоосоороо тэнгэр хээлсэн
Тугтай түрүү - Түмэн эх ээ

Сэтгэгдэлүүд
  • mongol IP:202.179.6.186 2016 оны 01 сарын 19

    Saihan hudal zalah yumaa. Daatgal ch eh n halzan Ongonbor aduu etseg n mun halzangiin pyranlain budguain ah tsendjaviin hurdan bugan azarganii tul ongonii Sharavdorjiin heer azarga. Yalt ch ugui halzan aduu
Сэтгэгдэл