2016 оны 01 сарын 14

Тэртээх 1995 онд Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадамд хязаалан насандаа аман хүзүүдэж, хойтон жил Хан уулын ар хатан туулын хөвөөнөө төрийн наадмын соёолонгийн түрүүгээр тодорж байсан түмэн эх бол МУТМУяач Ц.Хэнмэдэхийн хар морь билээ. Улмаар 2002 оны улсын наадамд айргийн дөрөвт хурдалж, 2003 онд "Говь шанхын хурд - II" говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, 2008 онд Алтан овооны төрийн тахилгийн зүүн бүсийн уралдаанд 18 настайдаа аман хүзүүдэж байсан аварга хүлэг. Энэхүү хурдан хүлэгт зориулсан яруу найрагч Ц.Жамбалсүрэнгийн "Унаган хар" шүлэгт МУУГЗ Г.Бямбабаяр аялгуу хийн МУГЖ С.Ганзориг дуулж олны хүртээл болгосон билээ.

Унаган хар

Уяа таарсан хүлгүүд амгай даран довтолно
Уртын дуу шиг уужимхан нь хэний унаган юм бэ хө
Боржигон боржигон түмний морьдыг хурдан хурдан гэлцэнэ ээ хө
Босоо төрсөн ажнай нь хэний унаган юм бэ хө

        Дуутай хууртай боржигон түмний минь цуутай хурдан ажнай
        Хурдан сайхан хүлэг Тод манлай Хэнмэдэхийн хар аа

Зартай агсан морьдууд зуузай холбон хурдлана
Талын салхи шиг дураараа нь хэний унаган юм бэ хө
Ижилгүй хурдан ажнайг түрүү магнай гэлцнэ ээ хө
Ийм л онцгой төрсөн нь хэний унаган юм бэ хө

        Дуутай хууртай боржигон түмний минь цуутай хурдан ажнай
        Хурдан сайхан хүлэг Тод манлай Хэнмэдэхийн хар аа

Зүрх догдолж уяачид дуран сунгаж харуулдана
Зүүд зөн шиг түрүүлэх нь хэний унаган юм бэ хө
Авдар баян уулын морин эрдэнэ гэлцэнэ ээ хө
Ардын наадмын түмэн эх хэний унаган юм бэ хө

       Дуутай хууртай боржигон түмний минь цуутай хурдан ажнай
       Хурдан сайхан хүлэг Тод манлай Хэнмэдэхийн хар аа

                Тод манлай Хэнмэдэхийн хар аа

Хар морь нь Ц.Хэнмэдэх манлайн хязааландаа Баянцагааны наадамд түрүүлж, азарга болсон хойноо улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр айрагдсан өвгөн цавьдар азарганы төлийн төл бөгөөд эх нь төрийн их баяр наадамд нэг түрүүлж зургаа айрагдсан О.Маарын хээр азарганы төрсөн эгч гүү байсан гэдэг.

Сэтгэгдэл