2016 оны 01 сарын 14

Домогт Арвай хээр морины тухай олон домог яриа байдаг билээ. Арвай хээрийн тухай сүүлийн үеийн судалгаа буюу Онгийн хүрээний /Дундговь аймгийн Сайхан-Овоо сум/ Барь лам номч мэргэн гүүш Дамцагдоржийн бичсэн "Сайн хувьтны хүслийг хангагч сайхан Галибирваа мод" зохиол Арвай хээр нь үлгэр домгийн хүлэг биш бодит үнэн болохыг нотолжээ. Түүнд: "Түшээт хааны тавнан Бааньжавын хөвгүүн Лувсанбанчинбалбарыг /1705-1788/ таван настайд нь Эрдэнэбандид хутагт ламын гэгээний  II дүрд тодруулан арслан ширээнд өргөмжилсөний Бат-Оршил өргөх даншиг наадам Онгийн голын Пур ширээ гэдэг газар 1709 оны Шарагчин үхэр жил болжээ. Тэр даншиг наадмын их насны морины уралдаанд 1000 гаран хурдан хүлэг уралдсанаас Арвай хээр хэмээх морь онцгой хурдлан түрүүлсэний дурсгал болгож, уралдаан болсон газрыг хурдан хээрийн нэрээр Арвай хээр хэмээн нэрлэх болов" гэжээ. Арвай хээр морь тэр цагаас хойш хотол хошууныхаа их, бага наадамд тогтмол түрүүлдэг байжээ.

Арван засгийн наадмыг
Алтан тоосоороо мялаасан
Арвагар хээр морийг минь
Аясын салхи ч гүйцээгүй ээ

       Агуу Монголдоо зартай
       Арвагар хээр морь мину
       Алтан туурайных нь чимээ нь
       Алтай хангайг дамжин цуурайтна аа

Арвай хээрийн талыг
Алтан туурайгаараа тамгалсан
Арвагар хээр морийг минь
Алтан хараацай ч гүйцээгүй ээ

       Агуу Монголдоо зартай
       Арвагар хээр морь мину
       Алтан туурайных нь чимээ нь
       Алтай хангайг дамжин цуурайтна аа

Ар халхын хөндийг
Алдлан алдлан туулсан
Арвагар хээр морь минь
Алдараа дуурсгасан хүлэг ээ

       Агуу Монголдоо зартай
       Арвагар хээр морь мину
       Алтан туурайных нь чимээ нь
       Алтай хангайг дамжин цуурайтна аа

Хөдөө талаа чимэглээд
Хөшөөнд амьлан дүүхэлзсэн
Арвагар хээр морь минь
Амьдын домогтой хүлэг ээ

       Агуу Монголдоо зартай
       Арвагар хээр морь мину
       Алтан туурайных нь чимээ нь
       Алтай хангайг дамжин цуурайтна аа

                Агуу Монголдоо зартай
                Арвагар хээр морь мину
                Алтан туурайных нь чимээ нь
                Алтай хангайг дамжин цуурайтна аа

Сэтгэгдэл