2016 оны 01 сарын 14

Жаахан шарга хэмээх алдарт хүлэг будрын чулууг түшээд босоогоороо нөгцсөн гэдэг. Аргагүй шүү дээ, амьтны жамаар халиагүй энэ хүлэг бусдаас онцгой болоод л тэр байх. Сүүлнийхээ хялгасаар домгоо бичиж үлдээдэг, эрдэнийн дээд молор эрдэнэ гэж адуун сүргээ монголчууд дээдлэн шүтдэг. Хэдүй ном шашдирын хуудаснаа бичиглэн үлдэх, ард түмний сэтгэлийн гүнээ дурсагдан хуучлагдах түүхээ өөрөө л бүтээдэг адуун сүрэг гэдэг гайхамшигтай, тэнгэрлэг, эгэлгүй амьтад билээ. Түүх эдгэрч, домог бүдгэрсэн ч хүний сэтгэлийн зөн билиг өөрөө мартагдаж, элэгдсэн бүхнийг амирлууах хүч тамирыг агуулдаг гэдэг. Тэгвэл Монгол морьдын домгийг он цагийн өмнөөс тодруулан авчирч, нутгийн бүлээн хээлнээс наашлуулан уралдуулж, найр наадмын түрүүнд эрчүүд нулимсаа барилгүй алдаж унагадаг, шандас, хурд, гүйдлээрээ халхын эрсийн нөхөр болж, хийморь, цог золбоогоороо бусдад гайхагдсан адуу хэмээх эгэлгүй амьтан, тэр дундаасаа морьдын тухай дуулж явах ховорхон хувь тавиланг МУГЖ Ж.Нансалмаа, түүний шавь МУСТА Л.Нарантуяа нарт илгээжээ. Морины хэмээн овоглогдсон энэ дуучдын урын сангаас уншигч та бүхэндээ хүргэж байна.

Сүлдэнд мөнхөрсөн морьд

Хотол дэлхийг уухайлж туулсан
Хорин зууны буурал тоостой
Аргамаг хүлгэнд соёмбо унуулж
Алтан төрийнхөө сүлдэнд мөнхрөх
Заяа нь дэлгэрсэн Монгол түмэн
Жаргалын нарны өөдөөс давхина аа
Орон улсуудын цээнд хүрэхээр
Од хийморь золбоогоо бадрааж явна аа

Уудам нутагтаа таран бэлчсэн
Удамт таван эрдэнийн манлай
Төрийн наадмын түрүү магнайг
Түвшин баярынхаа тэнгэрт тахиад
Заяа нь дэлгэрсэн Монгол түмэн
Жаргалын нарны өөдөөс давхина аа
Орон улсуудын цээнд хүрэхээр
Од хийморь золбоогоо бадрааж явна аа

Атаатны өөдөөс аянга шиг цахилсан
Адууны ааг нь айрганд шингээстэй
Үлгэрийн хүлгэнд соёмбо унуулж
Үнэнч хорвоод алдараа өргөх
Заяа нь дэлгэрсэн Монгол түмэн
Жаргалын нарны өөдөөс давхина аа
Орон улсуудын цээнд хүрэхээр
Од хийморь золбоогоо бадрааж явна аа

Сэтгэгдэл