2016 оны 01 сарын 14

Төв аймгийн Баянцогт сумын уугуул, "Унаган хурд" галын Монгол улсын Манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн Туулай хээр хэмээх жижигхэн хээр азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй үр төлүүд нь үеийн үедээ хурдалж, Монгол түмнээ баясгасаар байна. Туулай хээр азарга  1998 оны Их хурд анхдугаар уралдаанд 30-д хурдалсан ба давхар уяагаар Төв аймгийн Баянцагаан суманд болсон "Зууны манлай хүлэг" шалгаруулах бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж байсан түүхтэй. Энэхүү хурдан түмэн эх Туулай хээр азарганы төл, эр охин төл, төлийн төлөөс гарсан 11 хурдан хүлэг улс бүсийн наадмаас 9 түрүү, 14 айраг хүртээд байгааг зураг, амжилтын хамтаар хүргэе.

Удамт хурдан Туулай хээр азарганд зориулж яруу найрагч А.Лхагва "Туулай хээр" хэмээх шүлэг тэрлэж, Г.Төвшинтөр аялгуу хийснийг дуучин Д.Наранхүү дуулж олны хүртээл болгоод байгааг хийморь.мн сайт моринд хайртай Монгол түмэндээ хүргэж байна.

ТУУЛАЙ ХЭЭР

Сонор хайрханы энгэртээ
Сойлго нь ханасан хүлэг минь
Хоёр төхмөөс ундаалсан
Ховорхон төрсөн ажнай мину зээ

        Цацалсан хээр давхилтай нь Туулай хээр ээ
        Цалгилсан их домогтой Монголын тал хээр ээ
        Бумбалсан алтан тоостой
        Унаган хурдын хурд аа
        Буян хишгийн даллагатай
        Дуун хадагтай хээр ээ

Удам удмаараа хурдалсан
Олон айраг түрүү минь ээ
Уул усаараа овоглосон
Од хийморийн тэнгэр минь ээ

Туулай хээрийн алтан удмын
Тунамал хурдан хүлгүүд минь ээ
Хаан бугуйвч тамгатай
Хас эрдэнэ адуу минь ээ

        Цацалсан хээр давхилтай нь Туулай хээр ээ
        Цалгилсан их домогтой Монголын тал хээр ээ
        Бумбалсан алтан тоостой
        Унаган хурдын хурд аа
        Буян хишгийн даллагатай
        Дуун хадагтай хээр ээ

Уулаа түшсэн аавын минь
Унаган хүлэг морьд минь ээ
Ус нутгаа тахиж шүтсэн
Удмын алтан жудаг минь ээ

        Цацалсан хээр давхилтай нь Туулай хээр ээ
        Цалгилсан их домогтой Монголын тал хээр ээ
        Бумбалсан алтан тоостой
        Унаган хурдын хурд аа
        Баянцогтын Гэрлээгийн
        Дуун хадагтай хээр ээ

Сэтгэгдэл