2016 оны 01 сарын 14

Цомбон цомбон дөрвөн туурайндаа
Цоргилсон тоостой эргэхдээ
Цойлоод цойлоод бусад нь
Урд нь гараагүй ажнай даа

Лустай газрын үзэсгэлэн
Түмэн агтны манлай даа
Луутай тэнгэрийг баясуулсан
Төрийн наадмын магнай даа

Цог золыг бадруулсан
Цолмон халтар ажнай минь ээ... Энэ хүлгийн тухай дуулаагүй, сонсоогүй морь сонирхогч нэгээхэн ч үгүй байх. Цолмон халтар азарга 1993 оны улсын наадамд аман хүзүүдэж, 1994 онд Д.Гарамжавын өсгий цагаан харыг дийлж түрүүлсэн. Улмаар 2001 оны шигшмэл морьдын Их хурд уралдаанд хүүхэдгүй түрүүлж байсан цуут ажнай. Удам угшлынх нь тухай "Зуун дамжсан зургаан үеийн хурд" нийтлэлээрээ уншигч та бүхэнд хүргэсэн тул энэ удаад дахин нурших нь илүүц биз ээ. Харин ийм нэгэн яриа байдаг:

- Даваахүү манлайн нэг найз нь яармагт гэртэй аж. Тэр хүн шинэ "москвич" машинтай болжээ. Тухайн үед машинтай болно гэдэг ховор үйл явдал байлаа. Тэр үед Даваахүү найзынхаа шинэ машиныг мялааж аавынхаа ажнай хүрэний хүүхдээс нэг эр даага өгөхөөр болжээ. Хойтон жил нь хүрэн азарганы долоон эр даага байлаа. Түүн дотор нэг даахитай халтар даага байсныг барьж өгчээ. Бэлгийн юм болохоор мэдээж хэрэг шилж өгөөгүй нь ойлгомжтой. Тэгсэн нөгөө найз нь "Би ямар малтай биш ганц даагаар яахав. Наадмаар уралдуулчихаад адуунд нь явуулж байя" гэсэнд Даваахүү "Үгүй, хүнд өгсөн л бол өгсөн. Чи энийгээ яахаа өөрөө мэд" хэмээн барьж өгчихөөд адуугаа хөөгөөд яваад өгчээ. Нөгөө хүн ганц ноостой даагаа Партизаны сангийн аж ахуйн нэг танилынхаа адуунд тавьжээ. Адууны эзэн хязааланд нь улсын наадамд уяад ирсэн байна. Халтар үрээ тарган, няцаргаатай, дөрвөн сагаг нь тасарчихсан уралдаад 9-д орж байх юм. Үрээний эзэн алдарт уяачдын майханд ирж "нөгөө халтар даага чинь шүү дээ, авахгүй юм уу" гэж. Данзанням, Даваахүүгийн аль нь ч дуугарсангүй. Хойтон жил нь мөн няцаргаатай, дөрвөн сагаг нь тасархайтай 14-т давхилаа. Эзэн нь дахиад л "нөгөө халтар даага чинь шүү дээ" гэсээр иржээ. Энэ үед Данзанням гуай "Энэ ер нь авалгүй болохоо байсан адуу юмаа гэж" дуугарчээ. Ингээд 1992 онд хавчиг соёолонд нь 25 мянган төгрөгөөр буцаан авсан  байна. Ийнхүү унаган эзэндээ эргэж ирсэн халтар азарга халх даяар алдартай "ЦОЛМОН ХАЛТАР" болсон түүхтэй.

Халтар азаргыг буцааж авсан тухай Д.Даваагийн "Монголын хурдан морины домог, түүх" номонд арай өөрөөр бичсэн байдаг. Данзанням гуай өөрий нь унаган буйлан тамгатай халтар үрээ Буянт ухаад уралдаж байхыг харчихаад наадмын дараа Монгол телевиз дээр очиж бичлэг үзжээ. Яах аргагүй мөн байна гэнэ. /Цолмон халтарыг хүү нь найздаа бэлэглэсэн гэдгийг өвгөн уяач мэдээгүй байсан хэрэг/ Тэгээд өвгөн хүүдээ уурлаж "За, тамгатай адуугаа Данзанням гуай нь мэдье. Даваахүү гуай та тэр бэлэг сэлтээ мэд. Явж тэр азарга олж ир" гээд халтар азаргаа буцаан авсан гэдэг.

1994 онд түрүүлэхдээ Гарамжавын өсгий цагаан харын зөв талаар нь дайраад хошуу өлгөж түрүүлсэн байдаг. Ингэж түрүүлэхэд нь Данзанням гуайн зээ охин Цэцэгмаа унасан бөгөөд Д.Даваахүү манлай "Хол түрүүлэх азаргыг цухалдуулж түрүүлгэлээ" гээд унаач хүүхдээ зэмлэж байсан гэдэг. Харин унаач хүүхэд нь энэ тухайгаа ярихдаа "Азарга маань Айцын өөд өгсөндөө бөглөрчих гээд байхаар нь амыг нь татаж зөнгөөр нь гаргаад Айцын ар уруу оруулж байж амыг нь тавьсан юм. Барианд орохын өмнө буруу талаар нь дайруулах гэсэн боловч амжихгүй юм шиг болохоор нь өсгий цагааны араар суулгаж, зөв талаар нь дайруулсан" гэжээ. Бас л адтай унаач байсан гэдэг нь түүхэн бичлэгээс тодорхой харагддаг билээ.

Цолмон халтар азаргыг яруу найрагч, СГЗ Ц.Чимэддорж ийнхүү шүлэглэсэн байдаг:

Аймаг алгасан дэрлэсэн "ЗОГСООЛ" газар
Адуу адууны зогсоол халтар хомоолтой газар
Үүрийн цолмон дор элбэг гүүн унагалвай
Үүлэн сүүдэр шилгээж эр унаган босоо.

Болжмор шувуу зөв чихэнд нь жиргэвэй
Бор газар алтан туур нь шаргавай
Хан хан ууландаа буга эврээ гээвэй
Харгал хиргэл аарагтаа аргаль угалз дүүлвэй

"Цоорхой" адууг хээр өвсөөр амгайвчилж
"Цолмон" гэж үүрийн одоор мялаавай
Айцын даваатай "их хүрэн" янзгааж
Аварга Мөнхбат тэнгэрт дүүлвэй.

Эрхэм уншигч та бүхэндээ МУТМУяач Данзаннямын Даваахүүгийн алдарт ЦОЛМОН ХАЛТАР азарганд зориулсан дууны клипийг хүргэе. Энэхүү клипийг "Yndag film" студид бүтээжээ.

Сэтгэгдэл