2016 оны 01 сарын 14

Хандгай хүрэн гэж хачин сайхан морь байх. Энэ хүлэг 1991 оны ардын хувьсгалын 70 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж, 1993 онд Төв аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд мөн гуравт хурдлаад хойтон жил нь буюу 94 оны ардын хувьсгалын 73 жилээр алдар суу нь нэгэнт түгсэн Даян түмний эх Доржсүрэнгийн хээр морины өмнө гишгэж айргийн дөрөвт хурдалсан түүхтэй. Тэр жил Морин тойруулгын хээр халзан морь түрүүлж, Улсын алдарт уяач Д.Батчулууны хээр морь Буянт-Ухаагийн дэнжид анх удаа ирээд аман хүзүүдсэн юм. Айргийн гуравт Сэлэнгээс ирсэн сартай зээрд морь /С.Бямбажавын/ морь орж байлаа.

Улсын их баяр наадамд хоёр айрагдсан Хандгай хүрэн морь бол Зуун мод сумын ААУ Ц.Цэрэнжамцын хурдан ажнай. Харамсалтай нь 1998 оны Баянцагааны даншиг наадамд уралдаж ирээд хулгайд алдагдчихсан гэдэг. Энэ хүлгийг хазаарыг мялааж Болор цомын 2 удаагийн эзэн, Монгол улсын СГЗ, яруу найрагч Ц.Чимэддорж найргийн хэлээр ийнхүү урласан байдаг...

ЦЭРЭНЖАМЦЫН ХҮРЭН

Биш гээд байгаа юм шиг
"Мөн" тамгатай
Монхор хүрэн.
Битгий гээд байгаа юм шиг
Цээжний хэдтэй уралцах
Цэрэнжамцын хүрэн
Анзаарсан хүнд
"Айц" өгсөхдөө цавидар болдог
Агсага давхил дундаа
Аагандаа гал зээрд болдог
Хөх тэнгэр.

Алтан газрын хайланд
Хөлсөө хусуулж зогсохдоо л
Хүрэн байдаг
Дуранд өртөлгүй торж өнгөрөх
Дуулианы мананг урж өнгөрөх
Дуртгалын цагаан хаяаг шууж өнгөрөх
Дутуу орхисон дууг гүйцээж өнгөрөх
Хасаанд буусан зандан шагай
Халтар бүргэдийн салхин жигүүр
Цэрэнжамцын хүрэн
Цэрэнжамц хүрэн.

Даян хүлэгтэй үзэлцэж асах
Давхил дундаа томорч харагдах
Зүрх чанга, цөс ихт хүрэн
Зөв талаар нь салхилж дайрахад
Хулмайн зүтгэх морьд
Хуур эмээллэсэн мэт сульдана
Морьдын хамар дээр мөрөө цацаж
Монхор хүрэн өөртэйгээ уралдана
Цэрэнжамцын хүрнийг түрүүлэхгүй бол
Цэрэнжамцын хүрэн түрүүлнэ.

Сэтгэгдэлүүд
  • tsedendash IP:124.158.94.41 2016 оны 01 сарын 18

    manai huren mori chin ene deer bichsenees gadna ulsad 2 udaa 6d 1 udaa 7d hurdalsan hurdan ajnai shuu
Сэтгэгдэл