2016 оны 01 сарын 14

ТЭНГЭРИЙН БУУРАЛ ЗАРЛИГААР "Тэрэгтийн тал" хаяарсан "Нялга" уул болмооно адууны хишиг уул бүлгээ.  Энэ уулын өөдөөс өдөр бүр мянган адуу харж байдаг гэнэм. Эзэн Чингисийн адууны бэлчээр ч гэлцэх нь бий. Боржгиуд овгийн их гал манасан Боржигон нутаг гэдэг нь зайлбаргүй болоод хөдөлбөргүй. Энэхэн газрын нэгэн тод бараа Бумбат бор ухаад бөгтрөгтэй хээр гүүнээс нэгэн магнайдаа сарт, туурайдаа галт хүрэн унага төрөв гэнэ.

Юмны наад цаад аа гэж...
Идшинд хөтлөгдөж ирсэн хээр байдсыг төхөөрөх болоход яагаад ч юм Галбадрахын ижий амийг нь гуйн хазаары нь мултлуулсан гэх.

Хээр гүү олон жил сувайран хааяа унагалах боловч төл нь үл тогтох. Тэгж тэгж эр хүрэн унага гарсан нь халхад цуутай "Галын хүрэн" ажу.

Хүрэн морь нэг муу хөхөрсөн үрээ байсан тул соёолондоо л уяа үзэж. Төв аймагт есөлдөгийм. Хавчигт нь өнжөөчихлөө. Наймтайдаа сумандаа тасархай ирлээ. Аравтайдаа "Айц"-ыг давсан хэрэг.

Аяахан их Галын хүрэн Айцыг өгсөж таван жил уралдахдаа гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн бөлгөө. 56 оны наадмаар Дугарын хулын духан дээр салхи орхин түрүүлж, 57 онд Батсүхийн алагийн буруу талд баригдаж, 58 онд мөнөөх хурдан алагаас даагаа нэхэн ааглаж, 59 онд их насны морьд тасарч эргэхэд зурхайдаа хамгийн эхэнд хүрч, барианд хамгийн түрүүнд ирсэн бөлгөө. Аяахан их ажнай 60 оны наадмаар Хонгор морьтын Цэндийн зээрдтэй үзэлцэнхэн магнайлж ирэхийн завагт туурайн хээтэй Буянт-Ухаадаа үүрд хөрвөөсөн гэх хүрэн дууль бий.

Галын хүрэн хэмээх цуут ажнайг унаж уралдаж байсан эдүгээ эцгийнхээ нэрийг өргөж, хүлгийнх нь "шийрийг хатааж" яваа Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Галбадрахын хүү Баттөмөр ингэж хэлдгийм "Аавын минь хүрэн морь гойд адуу байв. Манайхны удам дамжсан түвд МА тамгатай, их омголон, дүрэлзсэн хүрэн нүдтэй, ганган алхаатай, энд тэнд гишгэлсэн дэлхийг олж ядаж байна уу гэмээр. Их уулгалж хөдөлнө. Сүүлээ нэг шидээд гарахаараа арилж өгнө. Их том биш, дунд хэрийн л биетэй адуу. Толгой уран. Чих гэж чих. Уяа магад орохоороо зөв талынх нь суганд их гүн хонхорхойтой, урд олом татчихаад байхад дөрвөн хуруу орохоор шахуу тийм гүн хонхорхойтой байдаг байсан. Ер нь эхлээд л гараад зугтаана. Мөн ч их хөдөлнө шүү дээ. Айцын даваагаар хөтлөөд л гараад ирдэг байсан..." хэмээн хуучлах.

Аяа хөөрхий... Галын хүрэн гэмээнэ галт их магнай ажу. Энэ хүлгийн тухай би вээр "Малчин" шүлэгтээ:
Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтоосон
Алтан гуутай зурганд нь Галын хүрэн янцгаасан хэмээн хоёрын зэрэг шадыг шигтгэсэн бүлгээ. Эдүгээ тэр маань "Галын хүрэн" хэмээх шүлэг болон янцгааж авай.

ГАЛЫН ХҮРЭН

Тасын өд шиг чихэнд нь
Өвс нуугдаж хонов
Талын нуур шиг саранд нь
Ангир ганганаж хонов
Айлын дайтай газраас гөрөөс бараадаж хонов
Амгайн чимээтэй газраас
"Дөмөн" бараадаж хонов
Гал галын майхан
Утаа тавьж хонов
Галын хүрэн ганцаараа
Хазаар дээрээ хонов
Түвд ма тамга нь
Дөрөө харж хонов
Түрүүлэхийн ад-од
Магнайд нь хярж хонов
Зүүн суганы нь эргүүлгэнд
Гуурс ургаж хонов
Зүг зүгийн наадамчид
Зөн татаж хонов
Морь морины дээгүүр
Алгасаж харав, Галын хүрэн
Морь морины салхин дээр
Асаж гарав, Галын хүрэн
Сүүлээ хойш нь шидэв, Галын хүрэн
Сүүдрээ төөртөл тасрав, Галын хүрэн
Унасан хүүхдийнх нь гарын алга
Улаан нялга
Уясан эзнийх нь
Хийморь уул адуун Нялга
Иртэй  догшин уулстай
Ханарч давхив
Элбэг уст Хэрлэнтэй уулгалж давхив
Их цэнхэр нуурыг зайлж давхив
Эрдэнийн соёмбоны загастай
Наадаж давхив
Хэдхэн л харайвал түрүү
Галын хүрэн, Галын хүрэн
Хэлж ирэх нь сайхан
Дөрвөн түрүү, Дөрвөн түрүү
Түмэнэ эх ухасхийлээ, уналаа
Хайран, хайран
Түрүү морин дээр биш
Галын хүрэн дээр шавлаа, Монгол
Эй, их хүрэн гал
Эй, их хүрэн соёмбо
Амьсгалаа хуур шиг татаж... хөөрхий
Айцын давааг мундаа шигээ санаж... хаархий
Гал ус хоёр харшив
Гал гуай хулгана жилтэй харшив
Галын хүрэн мэт үүлэн гарч шилгээв
Газар хагартал тэнгэр дуугарав.


СГЗ, яруу найрагч Цэндийн ЧИМЭДДОРЖ /Тэнгэрийн наадам номноос/

Сэтгэгдэл