2016 оны 01 сарын 14

Хоймор нутгийн хийморилог уяачдын нэг нь Мөрөн сумын МУАУяач Гомбожавын НАМСРАЙДОРЖ. 1986 онд Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд азарга, соёолон түрүүлгэж их нас, хязаалан, шүдлэн, даага айрагдуулж байсан түүхтэй. Зургаан насны адуугаа төв асарын өмнө цоллуулна гэдэг тэр бүх тохиогоод байхгүй ховорхон аз биз ээ. Үүнээс гадна Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд дөрвөн соёолон морио угсраагаар нь оруулж байсан бардам түүх ч түүнд бий. Тэрээр 2001 онд аймгийн наадмын 8 түрүү, 46 айргаар Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм алдарыг хүртсэн бол 2010 оны "Хотгойдын хурд" хангайн бүсийн даншиг наадамд халиун морио түрүүлгэж, Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмаас анхны хишгээ хүртсэн билээ. Түүний хурдан халиун морь нь аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан хурдан ажнай. Дээр өгүүлсэн дөрвөн соёолон /аймгийн наадамд угсраа ирсэн/-гийн нэг нь энэ халиун морь. Удам угшлийн тухайд Алдартын унаган адуу. Г.Намсрайжав гуайд аймагтаа гурав түрүүлж, арав гаран айрагдсан Сүхбаатар гаралтай хурдан хээр азарга байсан гэдэг. Халиун морь тэрхүү хурдан хээр азарганы төлийн төл.

Хотгойдын даншигт түрүүлсэн хурдан халиун моринд зориулж "ХОТГОЙД ХАЛИУН" шүлгийг МУСТА Я.Болдбаатар тэрлэснээр МУУГЗ Т.Сэр-Од аялгуу хийн МУСТА дуучин Б.Батболд дуулан олны хүртээл болгожээ. Эрхэм уншигч та бүхэндээ энэхүү дууны клипийг хүргэж байна.

Хандгай шинжтэй, буган зүстэй
Хийморийн гал шиг Хотгойд халиун
Хөх монголын хойморыг эзэлж
Хотгойд зоны наадамд түрүүллээ

       Ян сардиг уулсынх нь орой
       Ялгуун халиуны давхилд бүлээцнэ
       Дэлхий тээж мөнхрөн бидэртэх
       Дэлгэр мөрөн нь халгиж өндөлзөнө ......

Сэтгэгдэл