2016 оны 01 сарын 14

Монгол төрийн наадмын нэгэн үеийн чимэг болон хурдалж, Хан-Уулын ар Хатан туулын хөвөөнөө хурсан олныг цэнгүүлж явсан Морин тойруулгын хоёр халзан морийг танихгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. Гүрбазарын Батчулуун гэх Дуу хуурын өлгий нутгийн шавилхан бор залуу 1994 онд хээр халзан морио түрүүлгэж хойтон жил нь аман хүзүүдүүлэхдээ зээрд халзан морио түрүүлгэж байсан бахдам түүхтэй. Түүнээс хойш хээр халзан морийг Дугаа манлай уяж 1998 оны ИХ ХУРД анхдугаар уралдаанд аман хүзүүдүүлсэн түүхтэй. Морин тойруулгын энэхүү хоёр түмний эх тун удахгүй дуунд мөнхөрөх болотой. Уншигч та бүхэндээ яруу найрагч Д.Агвааны бичсэн "Хос халзан" шүлгийг хүргэж байна.

Улс түмнийг цэнгүүлэн наадсан
Урдаа хойноо орсон түрүү магнай
Урам хайрлан дахин түрүүлсэн дээ
Уулс өндөлзүүлэн баярлуусан хос хүлгүүд минь

         Зурвас зурвас халзан хүлгүүд минь
         Зул задрахад хөтөлсөн ажнай
         Зуузай холбон тасран холдсон доо
         Зуун зуунд дуурсгадах хос хүлгүүд минь дээ

Хотол түмнийг цэнгүүлэн наадсан
Хойноо өмнөө орсон түрүү магнай
Хойтон жилдээ ахин түрүүлсэн дээ
Ховорхон түүхийг бичсэн хос хүлгүүд минь

         Зурвас зурвас халзан хүлгүүд минь
         Зул задрахад хөтөлсөн ажнай
         Зуузай холбон тасран холдсон доо
         Зуун зуунд дуурсгадах хос хүлгүүд минь дээ

Дэнж хотойтол цэнгүүлэн наадсан
Дэрэнгийн хүүгийн нэрийг мандуулсан
Дэврүүн сэтгэлийг хөглөж чадсан даа
Дэлтэй ажнай хоёр халзан хос хүлгүүд минь

         Зурвас зурвас халзан хүлгүүд минь
         Зул задрахад хөтөлсөн ажнай
         Зуузай холбон тасран холдсон доо
         Зуун зуунд дуурсгадах хос хүлгүүд минь дээ

Сэтгэгдэл