2016 оны 01 сарын 14

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум хэзээнээсээ хурдан хүлэг, эрдэмт уяачдаараа алдартай. Энэ нутгаас "хар" хэмээн олондоо алдаршисан Гүнширийн Дамба гэж Монгол улсын Манлай уяач төрөн гарсан байдаг. Дэлгэрэхийн Дэндэв тайж, Галсан банди адуу дэндүү хурдан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2009 оны улсын их баяр наадмын их насны түрүү энэ нутгаас тодорсон. Дэлгэрэх сумын уяач Готов өвгөний унаган Р.Баатархүүгийн Дэлгэр хээр морь түмний эхийн алтан жолоо өргүүлсэн бол Дэлгэрэхийн ААУяач Ш.энхтүвшингийн унаган Д.Мөнхдэлгэрийн халтар азарга Их хурдад айрагдаж, Өвгөн ноёны наадамд түрүүлсэн. Дэлгэрэхийн Ууганаагийн унаган Б.Отгоннасангийн далай хээр азарга 2010 оны баруун бүсийн даншигт түрүүлж, өнгөрсөн жилийн баруун бүсд дахин айрагдсан. Дэлгэрэх сум нь аймгийнхаа Өргөн сум, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр зэрэг хурдны өлгий сумдтай хил залгаа оршдог тул энэ нутгийн адуу хурдан байхаас ч аргагүй гэлтэй. Энэ сумын "Тайжийн хурд" МСУХ-ны хамт олон нутгийнхаа хурдан хүлгүүдийн тухай "Тайжийн хурд" хэмээх аялгуут сайхан дуутай болжээ. Тус дууны үгийг М.Ганбаатар зохиож, МУСТА Б.Ганболд аялгуу хийснээр дуучин Б.Энхбаатар ийнхүү олны хүртээл болгожээ.

ТАЙЖИЙН ХУРД

Соёмбот далбаа намирсан наадмын
Сүү өргөсөн торгон зурхайгаас
Цойлж гарсан цовоо адуу
Цонжын чулууны галтай цахиур аа

     Галсан бандийн хүлэг нь хө
     Газрын холдоо хурдтай яа хө
     Дэндэв тайжийн ажнай хүлэг нь хө
     Дэл сүүлэндээ салхитай яа хө

Есөн цагаан тугтай наадмын
Ерөөл өргөсөн дардан замдаа
Дийлж уралдсан дэлтэй адуу
Дэлгэрэх нутгийн сүлдэн хийморь

     Галсан бандийн хүлэг нь хө
     Газрын холдоо хурдтай яа хө
     Дэндэв тайжийн ажнай хүлэг нь хө
     Дэл сүүлэндээ салхитай яа хө

Төрийн сүлд заларсан наадмын
Түмэн хүрсэн алдарын бариандаа
Түрүүлж ирсэн тэр л адуу
Тайжын уяаны хурдтай хүлэг ээ

     Галсан бандийн хүлэг нь хө
     Газрын холдоо хурдтай яа хө
     Дэндэв тайжийн ажнай хүлэг нь хө
     Дэл сүүлэндээ салхитай яа хө

Сэтгэгдэлүүд
  • JAVHLAN IP:66.181.160.6 2018 оны 01 сарын 04

    TATAH
Сэтгэгдэл