2016 оны 01 сарын 14

Тэнүүн говийн Тэргүүн хонгор ажнай хэмээх энэ цагийн идэрхэн хурдан хүлэгт зориулсан "Тэргүүн хонгор" дуу мэндэлжээ. Яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Билэгтийн аялгуу болох энэ сайхан дууг МУСТА Эрдэнэсүрэнгийн Төрмандах дуулж олны хүртээл болгоод байна. Говийн бүсийн даншиг, Өвөрхангайн Есөнзүйлийн даншиг, Завханы Донойн хөндийд болсон баруун бүсийн даншигт тус тус түрүүлж, АХ-ын 92 жилийн ойд аман хүзүүдээд байгаа Тэргүүн хонгор ажнай ийнхүү дуунд мөнхөрлөө. Их говийн нэрийг олон жил цуурайтуулах ижилгүй хурдан Тэргүүн хонгорын дууг уншигч та бүхэндээ хүргэе.

Тэргүүн хонгорын давхилд тэртээх уулс зэрэглээтнэ
Тэнүүл талын салхи нь гөхөл, сүүлэнд исгэрнэ
Ямар гүүний унага нь ийм л хурдан төрдгийм бэ
Яаж л уясан хүлэг нь түрүү магнайд ирдгийм бэ

       Тэнүүн говь, Арвайн тал, Донойн хөндийд
       Тэгшхэн хурдлах хүлэг Тэргүүн хонгор ажнай
       Улсын наадмын ногоон дэнж Хүй долоон худагтаа
       Унаган давхилаа гайхуулсан улам хурдлах хүлэг ээ

Цомбон дөрвөн туурайд нь цэцэгс шүргээд найгалзна
Цовоо чихээ хатгаад алсыг харан хурдална
Ямар угшлийн адуу ийм л хөнгөн давхина вэ
Яаж л тавьсан хүлэг нь түмний эхээр тодроно вэ
 

       Тэнүүн говь, Арвайн тал, Донойн хөндийд
       Тэгшхэн хурдлах хүлэг Тэргүүн хонгор ажнай
       Улсын наадмын ногоон дэнж Хүй долоон худагтаа
       Унаган давхилаа гайхуулсан улам хурдлах хүлэг ээ

Туурайн чимээ ойртоход тарлаад холдож харагдана
Туулсан замын тоос нь агаарт замхарч үзэгдэнэ
Ямар адтай нь адуу нь даншиг бүхэнд түрүүлнэ вэ
Яаж л давхих хүлэг нь түмний хайрыг татна вэ


       Тэнүүн говь, Арвайн тал, Донойн хөндийд
       Тэгшхэн хурдлах хүлэг Тэргүүн хонгор ажнай
       Улсын наадмын ногоон дэнж Хүй долоон худагтаа
       Унаган давхилаа гайхуулсан улам хурдлах хүлэг ээ

Сэтгэгдэл