2016 оны 01 сарын 14

Сүүлийн үед олон сайхан морины дуунууд мэндэлж, моринд хайр Монгол түмнийхээ сонорыг мялааж байна. МУГЖ Г.Батбаяр, Ж.Нансалмаа, МУСТА Л.Нарантуяа зэрэг "морины" хэмээн овоглогдсон олон сайхан дуучид байдаг бол тэдгээрийн залгамж халааг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул МУСТА, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах энэ цагт өвлөн авч олон сайхан морины дууг амилуулж байна. Түүний дуулсан дуу болгон нь хит болж, тэр дундаа морины дуунууд нь нутаг нутгийн наадмын тэнгэрт "Толин хул" шиг эгшиглэх болсон. Мөн түүнчлэн МУСТА, яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн захиралтай "FACE" студын хамт олон түүний дуунуудыг гайхалтай сайхан дүрсжүүлж, олон түмний хүртээлж болгож байгаа. Гар нийлсэн уран бүтээлчид маань тун удахгүй "Тэнүүн говийн Тэргүүн хонгор" хэмээн түмэндээ танигдаад байгаа тэрхүү тэнгэрлэг хүлгийг дууг бүтээж моринд хайртай Монгол түмэндээ бэлэг барих сурагтай...

Эрхэм уншигч та бүхэндээ энэ удаад МУГЖ Г.Батбаяр, МУСТА Э.Төмрмандах нарын хамтран дуулсан "АМГАЛАН ХОНГОР" дууг хүргэе. Тус дууны үгийг МУСТА яруу найрагч Н.Баянмөнх зохиож, МУСТА дуучин А.Анхбаяр аялгууг нь хийжээ.

Хулжин тасран зугтах ажнай хонгор азарга
Хулан тахийн удамтай түрүү магнай хүлэг
Халхын зартай хүлгүүдийг хөтөлж уралдан шагшуулна
Хаан төрийн наадамдаа торгон жолоо өргүүлнэ

        Адуу адуунаас онцгой доо
        Амгалан хонгор азарга минь
        Ардын наадмын хийморьтой
        Аргамаг хонгор азарга минь

Салхи нь хурайлж давхих хурдан хонгор азарга
Самсаа шархирч уйлмаар эрдэнийн шандаст хүлэг
Говь шанхын даншигтаа цолоо дуудуулж тэмүүлнэ
Голт зүрхийг уяртал уяан дээр үүрсэнэ

        Адуу адуунаас онцгой доо
        Амгалан хонгор азарга минь
        Ардын наадмын хийморьтой
        Аргамаг хонгор азарга минь

Зэрэглээнд дүүлэн давхих наран хонгор азарга
Зээ татсан наадмын хийморь даллах хүлэг
Угшил ханасан хүлгүүдийг өнгөлж түрүүлээд гайхуулна
Уртын дуу шиг нутагтаа домог нь болж мөнхөрнө

        Адуу адуунаас онцгой доо
        Амгалан хонгор азарга минь
        Ардын наадмын хийморьтой
        Аргамаг хонгор азарга минь

Сэтгэгдэл