2016 оны 01 сарын 14

Дундговь аймгийн Хулд сум. Сүүлийн жилүүдэд энэ нутгийн нэр Монгол наадмын тэнгэрт олонтоо цуурайтаж байгаа. Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор л гэхэд энэ нутгаас шүдлэн, хязаалангийн аман хүзүү тодорсон. Баруун бүсийн даншиг наадмын хязаалангийн түрүү мөн л Хулдынх. Говь нутагтаа бол манлайлж байгаа нь аргагүй үнэн. Чухамхүү унаган нутгийнхаа нэрийг гаргаж буй цөөхөн уяачдын нэг бол Хулд сумын ААУ Чоймболын Дэмчигцоодол, түүний хоёр хүү ААУ Д.Эрдэнэбулган, Д.Эрболд нар. Тэргүүн хонгор үрээгээ төрийн наадамд аман хүзүүдүүлж Засагтханы голомт нутаг Завхан аймгийн 90 жилийн ойд түрүүлгэсэн, энэ жил. Өмнөговь, Дундговьд бол айраггүй үлдсэн наадам үгүй. Ганцхан жилд л гэхэд том жижиг уралдаанаас 50, 60-аад айраг түрүү хүртэж, морь уях хурц торгон мэдрэмжээрээ говь нутгаасаа онцгойроод байгаа. Аав хүү гурван алдарт маань 2011 оноос хойш Засгийн газрын тогтоолтой улс, бүсийн наадмаас 4 түрүү, 3 айраг хүртээд байна. Томоохон ойнуудыг нь оруулбал Өмнөговийн 80 жилээс 2 айраг, Занабазарын даншиг наадмаас 1 түрүү, 1 айраг хүртсэн. Өнгөрсөн жил л гэхэд Дундговь аймагт зохиогдсон говийн бүсийн даншиг наадмаас тус нутгийн уяачид хоёр түрүү хүртсэн нь хоёулаа эднийх байлаа. Хязаалан цагаан үрээ нь түрүүлж, шүдлэнд Тэргүүн хонгор нь түрүүлснийг морь сонирхогчид маань тодхон санаж байгаа байх...

Шарангадын цэнхэр уулсаар нутагтай Чоймболын Дэмчигцоодолын нэрийг гаргасан олон хурдан хүлгүүд бий. 1988 онд Луус сумын Хөдөлмөр нэгдлийн 40 жилийн ойд шүдлэн түрүүлсэн хүрэн азарга, аймагт хоёр түрүүлсэн Аварга цэгээн, аймагт айрагдаж суманд олон түрүүлж айрагдсан Хадган цэгээн, мөн аймагт айрагдаж суманд олон түрүүлсэн хүрэн азарга, соёолондоо ес түрүүлсэн хулгар чихтэй хонгор халзан морь, суман олон түрүүлсэн хээр морь, суманд олон айрагдсан хонгор бүүдэн азарга гээд тоочоод байвал орон нутагтаа дархлагдсан олон түмэн эхүүдийг нэрлэж болно.

Алдартын "Аварга цэгээн" моринд зориулсан шинэхэн дуу Хулд сумын 90 жилийн ойгоор мэндэллээ. Тус сумын унаган хүү, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх үгийг нь зохиож Б.Пүрэвсүрэн аялгуу хийснээр дуучин Б.Цолмонбаяр дуулж олны хүртээл болгожээ. Уншигч та бүхэндээ "Аварга цэгээн" дууны клипийг хүргэе.

Тод: Аварга цэгээн морь нь 2007 онд Завадамдины 140 жилийн ой Дундговь аймгийн наадамд хязаалан түрүүлж, соёолондоо айрагдаад зургаан настай хавчиг морь хоёр дахиа түрүүлсэн. 2007 онд Говьшанхын хурдаад долоолсон. 2011 онд Өмнөговийн 80 жилд зургаалсан. Сумдын наадамд 20 гаран түрүүлж, айрагдсан.

Алтан шаргал говийн босоо төрсөн унага минь
Аранзал ухаа тоосноос сугарч зугтах аргамаг
Шарангадын цэнхэр уулсаа харж л давхидаг хүлэг минь
Шанхайт Хулдын нутагтаа магнай тоосгүй ажнай даа

    Ардын төрийн наадмын дэнждээ агсарч түрүүлэх хийморьтой
    Аавын хүүгийн аархал аварга цэгээн морь минь дээ

Хулдын уран зэрэглээнд тоглож өссөн унага минь
Хундан ухаа тоосноос тасран зугтах амргамаг
Шувуутайн цэнхэр уулсын шуурган давхилт хүлэг минь
Шуугисан олны аньсаганаас нулмис таслах ажнай даа

    Ардын төрийн наадмын дэнждээ агсарч түрүүлэх хийморьтой
    Аавын хүүгийн аархал аварга цэгээн морь минь дээ

Давхар давхар уяандаа ир нь ханасан хүлэг минь
Даншиг даншиг наадмын торгон жолоот аргамаг
Завадамдины даншгийн тод магнай хүлэг минь
Зангирч боссон тоосноосоо алсарч зугтах ажнай даа

    Ардын төрийн наадмын дэнждээ агсарч түрүүлэх хийморьтой
    Аавын хүүгийн аархал аварга цэгээн морь минь дээ

 

Сэтгэгдэл