2016 оны 01 сарын 14

Улс бүсийн наадамд дөрвөнтөө түрүүлж, нэг аман хүзүүдсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ААУ Думаажавын Батбаярын зоос бор хэмээх эрхэм сайхан хүлэгт зориулсан "Зоос борын дуулал" хэмээх нэгэн шинэ дуу мэндэлжээ. Тус дууны үгийг СГЗ Ш.Гүрбазар зохиосон бол СТА Б.Бат-Эрдэнэ аялгууг нь хийж дуучин А.Хосбаяр дуулан олны хүртээл болгосон байна.

Зоос борын угшил хийгээд эзэндээ ирсэн түүх, амжилт: Сүхбаатар зүгийн гаралтай зоос борын угшил гарвалыг хэд хэдэн янзаар ярьдаг. Ямартаа ч даагандаа сумандаа баян ходоод болж, шүдлэндээ мөн л олигтой сайн давхиагүй бор үрээг хязааланд нь одоогийн эзэн Д.Батбаярт галых нь хамт олон бэлэглэжээ. Хаврын нэгэн шороон шуургатай өдөр байсан учраас гэрийнхээ гадаа авчруулж хадаг уяад “салхинаас өөрийг толгойдоо битгий хүргээрэй” хэмээн ёсолсон ч яг үнэндээ ойшоогоогүй хэмээн тэр одоо дурсан ярьдаг. Д.Батбаярын хэмээн цоллогдох болсон бор үрээ сар гаруйн дараа дөрөвдүгээр сарын сүүлээр Төв аймгийн Эрдэнэ суманд болсон нэгэн уралдаанд түрүүлж, дахан дор эр, даахин дор хүлэг гээчийг баталжээ. Үүнийхээ дараа Амарбаясгалант хийдийн Дархан соовин Даваахүү ламтны 100 насны ойн наадамд мөн л түрүүлж, улсын баяр наадамд аман хүзүүдсэн юм. Энэ бол 2008 он. Давхар уяагаар Заамарын төвийн бүсэд түрүүлсэн. 2009 оны улсын наадмаар морин соёолонгийн гайхам хурдыг гайхуулан төрийн наадамд алтан жолоо өргүүлж, Очирвааны хурдад хол тасархай түрүүлэн үнэнхүү хурднаа баталсан. Хавчиг зургаан настай морь Амарбаясгалант хийдийн наадамд түрүүлээд дүнсэр долоон насандаа Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. Зоос борын уяа сойлгийг олон түмнээ "дааган" хэмээн хүндлэгдсэн МУМУ Ц.Цэнд-Аюуш тааруулдаг байсан ба хавчигт нь түүний шавь НАУ Батболд тааруулсан билээ.
 

Өлзий зурсан тоосон дундаас
Өнгөлж ирлээ хурдан буян минь
Танан хөлсөө цацлан
Тасарч л ирлээ хүлэг нь
Хийморь судалсан ташааг нь
Ханцуйгаараа арчия даа

      Ерөөл хэлэг ергөөтэй
      Хадаг шилгээх шиг хатираатай
      Давхил дундаа цэгцэрсэн
      Даяарын хурдан хүлэг минь
      Дээд нанжин шинжээрээ
      Дэлгэр наадмын чимэг ээ

Задгай алтан тоосон дундаас тодорч л ирсэн зоос бор минь
Зангирсан нулимсаа асган тосч л угтлаа эзэн нь
Сувдан цэнхэр хөлсийг нь духандаа хүргэе дээ

      Ерөөл хэлэг ергөөтэй
      Хадаг шилгээх шиг хатираатай
      Давхил дундаа цэгцэрсэн
      Даяарын хурдан хүлэг минь
      Дээд нанжин шинжээрээ
      Дэлгэр наадмын чимэг ээ

Мандал хайрханы авшигт салхиар үнсүүлж л ирлээ зоос бор минь
Мянган уухай дэвсэж хурайлж л угтлаа Монгол
Сайхан сэвшээ амьсгааг нь сүлдэндээ шингээе дээ

      Ерөөл хэлэг ергөөтэй
      Хадаг шилгээх шиг хатираатай
      Давхил дундаа цэгцэрсэн
      Даяарын хурдан хүлэг минь
      Дээд нанжин шинжээрээ
      Дэлгэр наадмын чимэг ээ

Сэтгэгдэл