2016 оны 01 сарын 14

Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУМУяач Гончигжавын Алтангэрэлийн түмний эх хүрэн азарга 2002 онд  Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүүдэж 2003 онд түрүүлж төрийн түмэн эх болсон бөгөөд тэр жилээ их уяач Д.Галын нэрэмжит "Боржигон 2003" төвийн бүсийн наадамд түрүүлэн ирж түмэн олноо баясган үнэнхүү хурдан хүлэг болохоо харуулсан. Түүний дараагаар хойтон жил нь буюу 2004 оны АХ-ын 83 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдлан, 2005 онд аман хүзүүдэж улмаар уралдах хугацаандаа нийт улс, бүсийн наадамд 2 түрүүлж, 1 аман хүзүүлж, 2 айрагдсан халхын цуут хурдуудын нэг билээ.
Түмний эх хүрэн азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй түүний үр төлүүд ч гэсэн хурдан байж хүрэн азарганы төл Алтангэрэлийн "дунд хүрэн" 2005 оны АХ-ын 84 жилийн ойгоор эцгийгээ аман хүзүүдэхэд даага түрүүлж, хойтон жил нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор шүлдэн үрээ дахин түрүүлж эцгийн шийрийг хатаах эрхгүй хурдан буян тодорсон билээ. Дунд хүрэн 2006 онд төрийн наадамд түрүүлснийхээ дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө аралд зохиогдсон "Хөдөө арлын их баяр цэнгэл" наадамд түрүүлж 2007 онд хязааландаа улсын наадамд аман хүзүүдсэн билээ. Хүрэн үрээ хязаалангаасаа хойш улс бүсийн болоод томоохон уралдаануудад нэр гараагүй ч Монголын хурдан морины түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан /108 сая төгрөгөөр/ хоёрхон адууны /МУТМУяач Э.Эрдэнэчулууны бор халзан морь. Тагарваа хувилгаанд байсан/ нэг нь болсон гэдэг.
Дунд хүрэний төрсөн дүү, түмний эх хүрэн азарганы төл "бага хүрэн" 2007 оны АХ-ын 86 жилийн ойгоор /ахыгаа хязаалан аман хүзүүдэхэд/ даага аман хүзүүдэж Г.Алтангэрэл уяач нэг эцгийн, нэг эхийн хоёр хүрэн адуугаар төрийн наадмаас хоёр аман хүзүү хүртсэн түүх байдаг.
Сайн азарганаас сайн төл гарах нь дамжиггүй. Гэвч тэр азарганы удам угшил тасрахгүй үргэлжилнэ гэдэг үнэхээр сайхан. МУМУяач Г.Алтангэрэлийн түмний эх хүрэн азарганы төлийн төл буюу хүнээр бол хүрэн азарганы ач хүү нь  өнөө жилийн баруун бүсийн даншигт аман хүзүүджээ. Тухайлбал Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд "Дунд хүрэн" азарганы төл болох Ховд аймгийн Мөст сумын уугуул, "АНУ СЕРВИС ХХК"-ны захирал, "Унаган хурд" галын гишүүд Б.Буяннэмэхийн зээрд даага аман хүзүүдэж удамт хурдан хүлэг болохоо харуулжээ. Дашрамд дуулгахад Б.Буяннэмэх уяач өнөө жил улс бүсийн наадмаас гурван түрүү гурван айраг хүртэж одтой сайхан нааджээ.

www.mongolnaadam.mn Б.Ганпүрэв

Сэтгэгдэл