2016 оны 01 сарын 14

Өмнөговь аймгийн Цогтцөций сумын уугуул МУАУяач Д.Бат-Эрдэнийн хулан хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын МУАУяач Д.Сугарын зэгэл, Төв аймгийн Сэргэлэн сумын МУТМУяач Д.Ононгийн янзага зээрд, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ц.Энхбаярын хамар цагаан зээрд зэргийг хурдан морь сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ. Эдгээр хурдан хүлгүүд нь бүгд нэг эхийн хэвлийгээс унасан ах дүү удамт хурдан хүлгүүд юм. Тодруулбал эдгээр хурдан хүлгүүдийн эх нь морин тойруулгийн цавьдар халзан азарганы төл, тойруулга талаасаа гурав дахь үеийн ухаа гүү юм.
МУАУяач Д.Бат-Эрдэнийн хулан хээр: Монгол улсын манлай уяач Б.Жанчивын унаган адуу бөгөөд эх нь дээр дурьдсан ухаа гүү, эцэг нь тойруулга гаралтай сохор ухаа хэмээх азарга байсан. Хулан хээр 1999 онд шүдлэн насандаа  Онон мөх хавын нэрэмжит "Боржигон - 99" наадамд айргийн гуравт, 2000 онд хязааландаа Архангайн Тамирын хурд наадамд түрүүлж,  Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадам айргийн гуравт давхисан. 2001 онд соёолондоо АХ-ын 80 жилийн ойн улсын их баяр наадамд  айргийн тавд. хурдалж, 2002 онд хавчиг соёолон азарга Дунговь аймгийн 60 жилийн ойн наадамд айргийн  гурав, 2003 онд  долоон настай азарга төрийн их баяр наадамд айргийн тавд тус тус хурдалж улмаар бага наснаасаа эхлэх тогтмол амжилттай хурдалсан довтой хурдан буян билээ.
МУАУяач Д.Сугарын зэгэл азарга: Эх нь дээр дурьдсан ухаа гүү бөгөөд эцэг нь Сэргэлэн сумын МУМУяач Д.Даш агсаны Хэнтий аймгийн Баянхутаг гаралтай хурдан хонгор азарганы төл МУТМУяач Д.Ононгийн 1994 оны Ардын хувьсгалын 73 жилийн ой Үндэсний их баяр наадамд 16 настайдаа айргийн дөрөвт хурдалж байсан хурдан саарал азарга билээ. Зэгэл азарга 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадамд хязаалан насандаа айргийн тавд хурдалж байсан бөгөөд өвөл хаврын болоод бусад наадмуудад олон удаа түрүүлж айрагдсан хурдан буян билээ. Зэгэл азарга нь ямар ч наадамд хэдэн ч азарга уралдсан тархинд гардаг гараа сайтай азарга юм. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмаар Л.Цандэлэгийн соёмбо хүрэн азаргатай хамт тасарч уралдаад цагаан хөтөл өнгөрөөд харамсалтай нь хоёулаа хадуураад уралдаж чадаагүйг манай уншигчид тодхон санаж байгаа биз ээ.
Ц.Энхбаярын хамар цагаан зээрд:  Эх нь ухаа гүү, эцэг нь зээрд халзан азарга. Энэ халзан азарганы ах МУТМУяач Д.Ононгийн Төв аймгийн Баянзүрх сумын уугуул Лонжидын унаган зээрд халзан морь улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр удаа 6-д давхисан юм. Зээрд халзан азарганы үр Баянцагааны Бавуушийн адуунаас гаралтай цавьдар гүүний төл хоёр хүрэн үрээг төмөр замын Ц.Бямбадорж улсын наадамд айрагдуулсан байдаг. Хамар цагаан зээрд нь 2003 оны Ардын хувьсгалын 82 жилийн ой Үндэсний их баяр наадамд шүдлэн аман хүзүүдэж, 2004 онд хязааландаа АХ-ын 83 жилийн ой Үндэсний их баяр наадам болон төрийн тахилгат Алтан дарь овооны наадамд тус тус түрүүлсэн хурдан хүлэг билээ.
МУТМУяач Д.Ононгийн янзага зээрд: эцэг нь морин тойруулгийн цавьдар халзан азарганы эр талын 4 дэхь үеийн төл шонхор зээрд азарга, эх нь цавьдар халзангийн охин талын гурав дахь үеийн төл ухаа гүү хоорондоо нийлж янзага зээрд гарсан байна. Өөрөөр хэлбэл Морин тойруулгын “Их салхин” хүрэн халзан азарганы эр охин төлүүд хоёр тийш салбарлаж байгаад эцгийн 4 дэхь үе, эхийн 3 дахь үеийн төлүүд нийлж гарсан адуу юм. Янзага зээрд 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын наадам болон Эрдэнэт хотын 30 жилийн ойд аман хүзүүлж, 2007 онд хязаалан Говь-Шанхын хурд болон Завхан аймгийн Яруу суманд болсон  түмний эх Нагааранзын халзан морины нэрэмжит уралдаанд  тус тус түрүүлж, Өвөрхангай аймагт болсон морины их шүтээний тахилгийн наадамд соёолонтой уралдаж түрүүлж байсан аргагүй удамт хурдан хүлэг билээ.

www.mongolnaadam.mn Б.Ганпүрэв

Сэтгэгдэл