2016 оны 01 сарын 14

Монгол наадмын түүхэнд үр удмаараа хурдалсан олон сайхан хурдууд байдаг билээ. Хурдан адуу холын удмаа татаж төрдөг гэдэг, удам сайтай азарганаас, удам сайтай гүүнээс хурд гарах нь ойлгомжтой.  Манай сайт эрхэм уншигч та бүхэндээ эдгээр нэг эхийн болоод нэг эцгийн удамт хурдан хүлгүүдийн талаар цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул МУАУяач Ц.Жамбалсүрэнгийн Хандгай хүрэн азарга төлүүд болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ААУяач Д.Цогтбаярын буурал, Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хүрэн, Завхан аймгийн Улиастай сумын уугуул Л.Цандэлэгийн соёмбо хүрэн, МУАУяач Ц.Жамбалсүрэнгийн өөрийнх нь сүлд хүрэн азаргануудын талаар хүргэж байна.
МУАУяач Ц.Жамбалсүрэн Хандгай хүрэн азаргаа 1997 онд хязаалан үрээ  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул Бажаахүүгээс /Байжийгаас/ худалдан авч хойтон жил нь 1998 онд Баянцагаан суманд болсон төвийн бүсийн "зууны манлай хүлэг" наадамд соёолон аман хүзүүдэж, 1999 онд хавчиг зургаан настай азарга Говь шанхын хурд анхдугаар уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж түмэн олноо баясгасан бөгөөд 2001 онд эртний нийслэл Хархорум хотноо болсон  Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах "Их хурд" анхдугаар уралдаанд наймд хурдалсан хурдан буян билээ. Хандгай хүрэн өөрөө хурдан байгаад зогсохгүй үр төлүүд нь эцгийн шийрийг хатааж төрийн болоод бүсийн хэмжээний томоохон наадмуудад айраг түрүү олныг хүртээд байгаа билээ.
Тухайлбал 2003 онд Төв аймгийн 80 жилийн ойн наадмын шүдлэнгийн уралдаанд аман хүзүүдэж, 2005 онд соёолон азарга Өндөргэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойн наадамд аман хүзүүдэж, хойтон жил нь буюу 2006 онд хавчиг соёолон азарга Эрдэнэтийн 30 жилийн ойн наадамд аман хүзүү,  Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг тоглохын талд болсон “Тамирын хурд” хангайн бүсийн уралдаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон “Хөдөө арлын их баяр цэнгэл” наадмуудад тус тус түрүүлж, 2007 онд АХ-ын 86 жилийн ой Үндэсний их баяр наадамд долоод хурдалж, “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд түрүүлж, Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах “ИХ ХУРД - 4” уралдаанд айргийн дөрөвт хурдалж, 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд зохиогдсон “Их мандал 2008” говийн бүсийн уралдаанд айргийн гуравт орж, 2009 онд “Сэлэнгэ 2009” хангайн бүсийн хаврын уралдаанд айргийн гурав, Завхан аймгийн Тэлмэн суманд зохиогдсон “Очирвааний хурд” баруун бүсийн уралдааны түрүү, Архангай аймгийн Цахир суманд зохиогдсон Монгол улсын даян аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер, олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян агсны мэндэлсний 110 жилийн ойд аман хүзүүдээд байгаа энэ цагийн цуут хурдан буян болох Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Шим группын ерөнхийлөгч, МУМУяач Л.Цандэлэгийн соёмбо хүрэн азарга нь Хандгай хүрний төл билээ.
Мөн Хандгай хүрэн азарганы төл, Л.Цандэлэгийн соёмбо хүрэн азарганы төрсөн ах Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул МУ-ын хөдөлмөрийн баатар Дагва агсаны хүү ААУяач, Улсын сайн малчин Д.Цогтбаярын хурдан буурал азарга шүдлэндээ Эрдэнэдалай сум, Дундговь аймгийн наадамд тус тус түрүүлж, хязаалан насандаа Дунговь аймгийн 60 жилийн ойн наадамд айрагдаж, Эрдэнэдалай сумын 80 жилийн ойн наадамд 3-т давхиж, Сайхан-Овоо сумын наадамд түрүүлсэн. Хавчиг соёолон азарга Сайнцагаан сумын 60 жилийн ойн наадамд түрүүлж. 7 настай азарга Занабазарын 8 суварганы нээлтийн наадамд аман хүзүүлж, 2006 онд Төв аймгийн наадамд 3-т давхиж, Эрдэнэдалай сумын наадамд түрүүлж, Таван толгойн уурхайн 40 жилийн ойн наадамд аман хүзүүлж, 2007 онд Говь-Шанхын хурд бүсийн наадамд аман хүзүүлээд байгаа бөгөөд мөн Хандгай хүрэн азарганы төл Дундговь аймгийн Хулд сумын уугуул олноо "саятан" хэмээн алдаршисан ААУяач Б.Баярсайханы хүрэн азарга 2003 онд "Говь шанх 2" уралдаанд хязаалан түрүүлж,  2007 онд Дундговь аймгийн 65 жилийн ой, Завадамдины 140 жилийн ойн баяр наадам аман хүзүүдэж тэр жилээ "Говь шанх 3" говийн бүсийн уралдаанд түрүүлж улмаар говийн бүсийн даншигт дараалан хоёр түрүүлээд байгаа хурдан буян билээ.
Нэгэн тодотгол дурсамж өгүүлэхэд: 2007 онд Жамбалсүрэнгийн Хандгай хүрэн азарганы төл гурван азарга улс бүсийн болоод шигшмэл хурдан морьдын уралдаанаас 2 түрүү, 1 аман хүзүү, 1 айраг авсан нь тэр айлын адуу ямаршуухан сайн болохын тод илрэл бөгөөд Говь-шанхын хурд уралдаанд Баярсайханы хүрэн азарга, Цогтбаярын буурал азарга хоёр түрүү аман хүзүүнд зуузай холбон зурхайд орсоныг морины хорхойтнууд маань тодхон санаж байгаа биз ээ. Нэг айлын хоёр адуу бүсийн наадмын түрүү аман хүзүүнд хурдлана гэдэг үнэхээр гайхам  сайхан амжилт. Тэр жил 2007 онд Цандэлэгийн “Соёмбо хүрэн” Хотгойдын хурдад түрүүлж, Их хурдад айрагдсан билээ. Ингээд бодоход 2007 онд Жамбагийн унаган  болоод Хандгай хүрэн азарганы төл азарганууд аргагүй л дийлж уралдсан нь тодхон харагдах буй за.
Л.Цандэлэгийн соёмбо хүрэн, Д.Цогтбаярын буурал, Б.Баярсайханы хүрэн азаргануудаас гадна Хандгай хүрэн азарганы бас нэг төл болох хүрэн азарга энэ жил Хотгойдын хурдад айрагдсан билээ. Тэр нь МУАУяач Ц.Жамбалсүрэнгийн өөрийнх нь сүлд хүрэн азарга юм. Эцгийн шийрийг хатаасан эрдэнэт хурдан хүлгүүд нь даншиг наадмуудад босоо хурдан байсан бөгөөд өдгөө Сүлд хүрэн азарга энэ цагт тодрон гарч ирээд байна. 
Эдгээр дөрвөн азарга дөрвүүлээ Хандгай хүрний төл бөгөөд буурал, соёмбо, сүлд гурав нэг эхийн унаганууд билээ. Өөрөөр хэлбэо энэ гурван азарга нэг эцгийн, нэг эхийн үр төл болох төрсөн ах дүү хүлгүүд юм. Төрийн наадамд хараахан айрагдаж чадаагүй эцгийнхээ болоод ах нарынхаа дутууг гүйцээж СҮЛД хүрэн азарга төрийн наадмын асрын өмнө нэг л өдөр торгон жолоо өргүүлэх биз ээ.....
Удамт хурдан хүлгүүдийн минь
Удмын шандаст туурай нь хурц байж
Уралдсан наадам бүрдээ тод магнай торгон жолоо өргүүлж байх болтугай

www.mongolnaadam.mn Б.Ганпүрэв

Сэтгэгдэл