2016 оны 01 сарын 14

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул ААУ Ш.Пүрэвжавыг Монголын морь сонирхогч ард түмэн "Бураа" гэдэг нэрээр нь андахгүй сайн мэдэх билээ. Тэрээр Монгол наадмын түүхэнд нэгэн зуунд ч гандахааргүй амьд хөшөө босгосон нэгэн. Учир нь Бураа Пүрэвжавын унаган адуунууд 1999 оноос хойш төрийн болоод бүсийн наадам, ИХ ХУРД уралдаануудад олон айраг түрүү хүртэж, улмаар моринд хайртай олон аавын хүүгийн од хийморийг хөглөж халх даяар нэр алдрыг нь цуурайтуулсаар байгаа билээ. Тухайлбал 1999 оны АХ-ын 78 жилийн ой Үндэсний их баяр наадамд Ш.Пүрэвжавын унаган Доржпүрэвийн хүрэн халзан хязаалан аман хүзүүдэж, Намжилдоржийн хул хязаалан айргийн тавд хурдалж улмаар айргийн таван адууны хоёр нь нэг айлынх буюу мөнөөх Бураа Пүрэвжавын унаган адуу байлаа. Хойтон жил нь буюу 2000 оны АХ-ын 79 жилийн ойгоор мөн Бураа Пүрэвжавын унаган Дарамренчингийн алаг соёолон аман хүзүүдэж, 2001 оны АХ-ын 80 жилийн ойгоор хавчиг зургаан настай азарга төрийн их баяр наадамд түрүүлж түмний эх болсон бол 2002 онд Дундговь аймгийн 60 жилд аман хүзүүдэж, 2003 онд Хэнтий аймгийн 80 жилд дахин аман хүзүүдсэн байна.
2005 онд Бураа Пүрэвжавын унаган Т.Энхбатын наран шарга азарга "Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ой" төвийн бүсийн даншигт айргийн тавд хурдалж, "Дорнод Монголын хурд" зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан бол 2006 онд "Дүнжингаравын хурд" хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан байна.
2007 онд Бураа Пүрэвжавын унаган Д.Ганбатын Босоо дэлт хүрэн азарга Боржигон бүсийн хаврын уралдаанд түрүүлүүлж, Нийслэлийн магнай хурд наадамд айргийн гуравт хурдалж, төрийн их баяр наадам болоод шигшмэл морьдын "Их хурд - 4 " уралдаануудад тус тус айргийн гуравт хурдалсан ба мөн 2007 оны төрийн их баяр наадамд Б.Эрдэнэгэрэлийн хонгор соёолон түрүүлж, "Боржигон 2007" төвийн бүсийн даншиг, "Говь шанхын хурд" говийн бүсийн даншиг наадамд тус тус айргийн дөрвөөр хурдалж улмаар 2007 онд Бураа Пүрэвжавын унаган адуунууд төрийн наадмаас нэг түрүү, нэг айраг, ИХ ХУРД уралдаанаас нэг айраг, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн байна.
2008 онд Бураа Пүрэвжавын унаган адуунууд төрийн их баяр наадмаас хоёр айраг хүртсэн нь Д.Ганбатын Босоо дэлт хүрэн азарга улсын наадамд аман хүзүүдэж, Г.Баттөмөрийн халиун алаг соёолон айргийн тавд хурдалсан явдал байлаа. 
Өнөө жил Бураа Пүрэвжавын унага Ж.Довдонбалжирийн хонгор соёолон АХ-ын 89 жилийн ой Үндэсний их баяр наадамд айман хүзүүдсэн бол Хэнтий аймагт зохиогдсон Өвгөн ноён харпэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит "Сэцэнханы хурд 2010" зүүн бүсийн уралдаанд Гантулгийн зээрд азарга аман хүзүүдэж, Орхон аймагт зохиогдсон "Эрдэнэт их хурд 2010" төвийн бүсийн уралдаанд Нямжавын зандан хүрэн соёолон аман хүзүүджээ.
Ийнхүү 1999 оноос хойш Бураа Пүрэвжавын унаган адуунууд улс бүсийн наадмаас 2 түрүү 17 айраг хүртээд байна. Энэ бол зөвхөн миний мэдэх цуваа. Үүнээс гадна олон хурдан хүлгүүд гадагшаа гарч олон наадамд айрагдаж түрүүлсэн гэдэг. Тухайлбал тэдний унаган Д.Ганбатын Дүүлэн зээрд соёолон 2006 онд Багануур-Бага Хэнтийн Нүүрэнтэйн хурд уралдаан, Д.Түвдэн манлайн нэрэмжит уралдаанд тус тус  айргийн гуравт хурдалж, Батсүмбэрийн наадамд аман хүзүүлж, Багахангайн наадамд айргийн дөрөвт хурдалсан байдаг бол өнөө жил Агт-Эрдэнэ галын нэрэмжит уралдаанд айрагдсан Ж.Довдонбалжирийн хүрэн морь мөн л тэдний унаган адуу. 
Тэрээр аймаг сум орон нутгийнхаа наадмаас 60 гаран түрүү, 70 гаран айраг хүртсэн "Аймгийн алдарт" уяач хэдийч түүний гаргасан гавъяаг үнэлж барашгүй юм. Хэдийгээр өөрийн нэртэй адуу улс бүсийн наадамд айрагдуулж түрүүлгээгүй ч ард түмнийхээ дунд бол малгайгүй манлай уяач болсон тэр хүний адууны төлөө насаараа зүтгэсэн алдар гавъяаг нь үнэлж "Улсын алдарт" уяач цол хүртээхэд барьцах эрхэм нэгээхэн ч үгүй биз ээ.........

www.mongolnaadam.mn Б.Ганпүрэв

Сэтгэгдэл