2016 оны 01 сарын 15

Нэг эхийн болоод нэг эцгийн удамт хурдан хүлгүүдийн талаар хүргэдэг "Ах дүү алдарт хүлгүүд" цувралынхаа дөрөв дахь дугаарт Төв аймгийн Баянцогт сумын МУМУяач С.Ганхуягийн ногоон үрээ, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул "Алтай констракшн"-ын захирал Х.Бат-Эрдэнийн халтар үрээ, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул "Эрдэнэс МГЛ" компанийн захирал Г.Тэмүүлэнгийн хар үрээ гурвын талаар хүргэх гэж байна.

2007 оны АХ-ын 86 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, "Боржигон 2007" төвийн бүсийн наадамд түрүүлж, "Говь-Шанхын хурд" говийн бүсийн  наадамд айргийн дөрөвт давхиж, 2008 онд төрийн их баяр наадам болон Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд тус тус түрүүлж, 2009 онд хязаалан насандаа улсын наадам болон "Дорнод 2009" Зүүн бүсийн наадмуудад тус тус айргийн тавд хурдласан Төв аймгийн Баянцогт сумын уугуул, 2009 оны шилдэг уяач, МУМУ С.Ганхуягийн алдарт ногоон үрээ болон өнгөрсөн жил 2009 онд "Дорнод 2009" Зүүн бүсийн наадамд аман хүзүүдэж, өнөө жил Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, АХ-ын 89 жилийн ой Үндэсний их баяр наадамд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж улмаар улсын наадмын дараагаар Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн даншигт дахин түрүүлж үнэнхүү хурдан хүлэг болохоо батлаад байгаа Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул "Алтай констракшн"-ын захирал Х.Бат-Эрдэнийн халтар үрээ, мөн өнгөрсөн жил төрийн их баяр наадмын хурдан дааганы уралдаанд айргийн тавд хурдалж, эх орны наран мандах зүүн хязгаар Дорнод аймагт зохиогдсон "Дорнод 2009" Зүүн бүсийн наадамд түрүүлж, өнөө жил төрийнхөө их баяр наадамд амжилтаа бататган аман хүзүүнд хурдалж, Орхон аймагт зохиогдсон "Эрдэнэт их хурд 2010" төвийн бүсийн даншигт түрүүлэн ирж түмэн олноо баясган улмаар энэ цагт тодроод буй идэрхэн хурдан хүлэг болохоо харуулаад буй Архангай аймгийн Ихтамир сумын уугуул "Эрдэнэс МГЛ" компанийн захирал Г.Тэмүүлэнгийн хар үрээ гурав нэг эцгийн төлүүд юм. Тодруулбал Манлай уяач С.Ганхуягийн "Станбул" хэмээх Англи Кадердин үүлдрийн азарганы төлүүд юм.

Эх талаас нь авч үзвэл Бандгаагийн ногоон үрээний эх нь өөрийнх нь унаган шарга гүү байдаг ба Х.Бат-Эрдэнийн халтар үрээний эх нь 1993 оны улсын наадамд хязаалан үрээ айрагдаж байсан Бандгаагийн хээр азарга болон Төв аймгийн Баянцогт сумын гаралтай зэгэл гүү хоёрын дундаас гарсан хонгор гүү байдаг бөгөөд халтар үрээг дааганд нь Төв аймгийн Сэргэлэн сумын Ган-Очир гэдэг залуу авсан бөгөөд өнөө жил төрийн наадмын өмнөхөн Х.Бат-Эрдэнэ уяачийн нэрээр овоглох болсон билээ. Г.Тэмүүлэнгийн хар үрээний хувьд эх нь Төв аймгийн Жаргалантын угшиотай гүү байдаг. Хар үрээг манлай уяач Бандгаа /Ганхуяг/ дааганд нь Г.Тэмүүлэнд бэлэглэсэн гэдэг.

Нэгэн зүйл: өнгөрсөн жил төрийн их баяр наадамд ногоон үрээ /хязаалан/ айргийн тавд хурдалж, хар үрээ /даага/ айргийн тавд хурдалж ах дүү хоёр төрийн наадмын айргийг хүртсэн бол түүний дараагаар Дорнод аймагт зохиогдсон зүүн бүсийн уралдаанд ах дүү гурван хүлэг гурвуулаа нэг наадмын довноо түрүү, аман хүзүү, айргийн хүртсэн билээ. /хар даага түрүүлж, халтар шүдлэн аман хүзүүдэж, ногоон хязаалан айргийн тавд хурдалсан/. Тэгвэл өнөө жил төрийн их баяр наадамд мөн л ах дүү хүлгүүд түрүү аман хүзүүг нь /хар шүдлэн аман хүзүүдэж, халтар хязаалан түрүүлсэн/ хүртсэн бол дараагаар нь төвийн болоод баруун бүсийн даншиг наадмын хязаалан болон шүдлэн насны түрүүнд мөнөөх л ах дүү хүлгүүд маань асарын өмнө амыг татуулан цоллуулсан билээ.

Эндээс харахад энэ цагт тодорсон эдгээр хурдан хүлгүүд маань аргагүй л ах дүү удамт хурдан хүлгүүд болохоо дахин дахин нотолж төрийн болоод бүсийн наадмын айраг түрүүг хүртсээр байна. Харамсалтай нь манлай уяач Бандгаагийн ногоон үрээ монгол наадмын тэнгэрт дахин тоосоо өргөхгүй болсон билээ. Гэсэнхэдийч төрийн их баяр наадамд бага гурван насандаа айраг алдаагүй алдарт хүлэг маань дүү нарынхаа давхилыг тэнгэрээс харж, тэнгэрийн Монгол наадамд тоосоо өргөж байгаа биз ээ.
 

Сэтгэгдэл