2016 оны 01 сарын 15

Азарганы хурд хавчигтаа гэдэг. Үнэхээр ч хавчиг зургаатай идэрхэн азарганууд өнгөрсөн жилийн наадмын өнгийг тодорхойлсон билээ. Тэдгээр хурдуудын нэг нь Төв аймгийн Баян сумын уугуул, "Агт-Эрдэнэ" галын уяач Долцонгийн Мөнхцогийн Цоглог зээрд билээ. Зээрд азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Далантай гуайн унаган буян. Цоглог зээрд 2009 оны хавраас эхлэн МУМУяач дархан Д.Оюунбилэг дээр уягдах болсон бөгөөд урьд өмнө нь наадамд уралдах нь битгий хэл сүүлээ тоотой хэдхэн таранд боолгож үзсэн  битүү үрээ "Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаан"-д анх удаа тоосоо өргөж 80 гаран үрээнээс айргийн дөрөвт хурдлан амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. Түүний дараагаар "Агт-Эрдэнэ" галын нэрэмжит уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлсэнээр хурдан гэдэг нь нэгэнт танигдсан гэдэг. Өвлийн уяа нь зөв эхэлсэн Цоглог зээрд төрийн их баяр наадмыг л хүлээх үлдсэн байлаа. Их Монгол Улс байгуулагдсаны 803, АХ-ын 88 жилийн ой, Монгол төрийн их баяр наадам хаяанд ирсэн зуны дэлгэр сайхан цаг. Агт-Эрдэнэ гал уяаныхан Эртний домогт Хүй долоон худаг, Цагаан хөлийн ар хөндийд хурдан хурц хүлэг морьдынхоо уяа сойлгийг тааруулан байлаа. Наадмын өнгө тодорхойлох бага, дунд, их сунгаануудад тэдний уяаны морьд тунчиг сайхан өнгөтэй байлаа. Азарганд Б.Баасанбазарын Сувдан зээрд, Я.Батсуурийн хүрэн халзан, их насанд Ц.Дэлгэрдалайн халтар халзан, Ш.Батжаргалын халтар, Соёолонд Д.Мөнхцогийн Цоглог зээрд гээд унсан хүүхдийн урам, уясан эзний найдвар олон хүлгүүд байлаа. Төрийн их баяр наадмын хоёрдахь өдөр буюу 7-р сарын 11-ны өглөө азарга мордоход тэдний уяаны Баасанбазарын Сувдан зээрд азарга айргийн дөрөвт хурдалж улмаар Баасанбазар уяач болоод Д.Оюунбилэг уяач хоёр нэг дор, нэг цаг мөчид төрийн их баяр наадмын анхны айргаа хүртсэн юм. Их насанд тэдний галын Ц.Дэлгэрдалайн халтар халзан наадмын өмнөх сунгаанд тун сайн байсан ч үзүүр дээрээ унжаад долоод хурдалчихлаа. Харин наадмын хамгийн иртэй, хамгийн одтой соёолонгийн уралдаанд мөнөөх Д.Мөнхцогийн Цоглог зээрд Д.Батбаярын Зоос бор, Б.Цэндбаатарын Тугал ухаа, Н.Лутбаярын шарга гээд дош үзсэн довтой хурдан хүгүүдтэй хурд хуваан уралдсаар барианы үзүүр дээр ялимгүй суугаад зургаад хурдалчихлаа.

Наадмын дараа Д.Оюунбилэг уяач "Уг нь би халтар халзангаа айрагдчих болов уу гэж горьдож байсан юм. Айргаас мултрахад жаахан харамссан. Зээрд үрээгээ зургаалахад харин баярласан шүү. Энэ маань битүү, адуу болсон цагаасаа хойш сунгаанд 10-аадхан км-ээс илүү уралдаж үзээгүй амьтан. Өнгөрсөн тавдугаар сард манайд ирж уягдсан, миний найзын морь. Нийслэлийн хурдад анх уралдаад л  айрагдсан.   Үргэлж урагшаа цойлж уралдах заяатай  адуу манай найзад таарах шиг боллоо. Харин  уях боломж надад тохиолоо. Гараанаас гараад  40 орчмоор эргэсэн. Хязаалангийн тавил хүрэхэд 10 руу орж,  Цагаан хөтөл өгсөөд  цээжинд гарсан даа. Хамт уралдаж буй адуунууд нь үнэхээр  агуу амьтад. Урьд нь улс, бүсийн наадмуудад түрүүлж, айрагдаж байсан хүлгүүдтэй цээжинд уралдаж ийм амжилт үзүүлсэнд их баяртай байгаа. Зээрд үрээ маань шалгалтаа онц өглөө. Цаашдаа сайн давхина байх гэж бодож байна" хэмээн ярьсан байдаг.
 
Үнэхээр ч Цоглог зээрд уяач болоод эзнийхээ, унасан хүүхдийнхээ урмыг хугалсангүй улсын наадмаас гуравхан хоногийн дараа болсон Төв аймгийн Баянцогт сумын түүхт 80 жилийн ойд түрүүлж, түүний дараагаар Баянхонгор аймаг, Дуурсахын цэнхэр хөндийд зохиогдсон "Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой, Хангайн бүсийн их хурд"-д очиж тоосоо өргөсөн бөгөөд соёолон эргэхэд мөнөөх төрийн наадмын зургаа Цоглог зээрд маань тархинд битгий хэл эхний 100 дотор бүр 200 дотор ч алга. Тэрхэн зуур эзний дотор муу зүйл зурс хийн өнгөрөх хооронд Цоглог зээрд маань 200 нэлээн гаран дээр урагшилж явна.  Гараан дээр төхөөрөмж гацсанаас болоод тийнхүү гараа алдсан байж. Газар болоогүй найдвар тасраагүй. Уралдааны зам дундаа орох үед цээжний 50 үрээрүү орж байна гэнэ. Ийнхүү төөлсөөр төөлсөөр цагаан шугам дээр гишгэхэд айргийн гуравт баригджээ. Гараа алдаагүйсэн бол ч бас л .

Баянхонгорын даншигийн дараа сайхан амрааж байгаад Багахангай дүүргийн 20 жилийн ойд уралдуулахад Шадар сайд М.Энхболдын эрлийз хүрэн үрээг /Өнгөрсөн жил Дүнжингаравт түрүүлдэг/ дийлж түрүүллээ. Энэ уралдааны дараагаар Шадар сайд М.Энхболд төрийн их баяр наадамд шүдлэн, хязааландаа аман хүзүүдсэн хээр үрээнийхээ мялаалгийн наадмыг төрөлх нутаг Баян сумандаа зохиоход Цоглог зээрд мөн л холхон түрүүллээ. Ийнхүү Сүхбаатар нутгийн битүү хурд нийслэлд ирж тэр жилээ 7 уралдаж дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдэж үнэнхүү хурдан хүлэг болохоо харуулсан юм.

Уяачдын ярьдагаар аргагүй л хаана ч очсон айхааргүй, үзүүрийн таван азарганд харахаар ёстой л дамжиггүй азарга гарж ирэх нь нэгэнт тодорхой болсон байлаа. 2010 он гарсаар Орхон аймагт зохиогдсон хаврын уралдаанд Сувдан зээрдтэй хамт түрүү аман хүзүүнд хурдалсан ч   гарааны зурхайд бүрэн хүрсэн хэдийч  төхөөрөмжинд ороогүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Түүний дараагаар "Дүнжингарав 2010" хаврын бүсийн уралдаанд 300 гаран азарганаас 12-т хурдалж түүнээс хойш уралдалгүй байсаар Их Монгол Улс байгуулагдсаны 804, АХ-ын 89 жилийн ой Үндэсний их баяр наадамдаа тоосоо өргөж айргийн дөрөвт хурдалсан билээ. Үнэхээр л хурдан гэдгээ дархан баталлаа даа. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд Агт-Эрдэнэ галын Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азарга түрүүлж, Д.Мөнхцогийн Цоглог зээрд азарга айргийн дөрөвт хурдалсан юм.

Улсын наадмаас хэдхэн хоногийн дараагаар болсон Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах шигшмэл морьдын Их Хурд уралдаанд Сүмбэн зээрд айрагдаж, Цоглог зээрд 8-д хурдалсан юм. Өнөө жилийн хувьд "Дүнжингарав 2011" хаврын бүсийн уралдаанд наймаар хурдалж "Нүүрэнтэйн их хурд 2011" уралдаанд арван хоёр хурдлаад байна. Д.Мөнхцог уяач болон долоохон настай Цоглог зээрд хоёрыг дараа дараагийн олон наадмын хултай айраг асрын өмнөө хүлээн байгаа.

      Саран дэвсгэртэй гал тамга нь
      Сайхан бүхний билэгдэл юм
      Хүүхдийн хайралсан ЦОГЛОГ нэр нь
      Хүлэг хүлгийн түрүүнд цойлон хурдлахын билэгдэл юм

               Мөнхцогийн ЦОГЛОГ зээрд
               Монгол наадмын АЙРАГ зээрд
               Мөнхөд хурдлах АЖНАЙ зээрд
               Магад хурдан АРГАМАГ зээрд

Сэтгэгдэл