2016 оны 01 сарын 15

Хулдын хурдан хар хэмээн Дундговьчуудад цоллогдож явсан өдгөө хорин нэг хүрч яваа өвгөн түмэн эхийн тухай өгүүлье. Хурдан морины тухай ярина гэдэг эхлээд эзнийх нь тухай ярина гэсэн үг.

Хурдан харын унаган эзэн, энэ хүлгийг наадмын дэвжээнд анхлан тодруулсан Бирозана уяач бол Эрдэнэдалайн гаралтай хүн. Насаараа Хулд суманд багшилсан нэртэй сайн багш билээ. Биро багшийн аав Лхамсүрэн болон авга ах Осоржин нар нь хуучны их уяачид бөгөөд Лхамсүрэн гуайн олон түрүүлсэн сайн хар морь байсан гэдэг.
Биро багш бол морь сайн уядаг уяач, сайн таньдаг шинжээч юм.  90 ээд оны эхээр манлай уяач Содномпил гуайтай явж авчирсан Галшарын унаган зээрд азарга нь сумандаа түрүүлээгүй боловч Хулдад дөрөв аман хүзүүдэж хоёр удаа дөрөвт давхижээ.

1993 оны хавар адууны ханиад гарч бараг орон нутгийн бүх адуу ханиасан байлаа. Тэр зун Хулд сумын түүхт 70 жилий ой болж Биро багш сумынхаа наадамд хурдан зээрд азаргаа, төл исгэл цэгээн, сөнгө хар даага хоёр уяж ирсэн байв. Луус сум тэр жил наадам хийгээгүй тул Хулдтай хамт хийж хоёр сумын уяачид зургаан насны түрүүг тэнцүү хувааж авав. Эхний өдрийн уралдаануудад Луусын гэзэг хэмээгч Ганбаатарын зээрд азарга түрүүлж, Биро багшийн зээрд аман хүзүүдэж их нас соёолонгийн түрүүг Энэбиш уяач авав. Харин хоёрдахь өдрийн орой даага уралдахад Биро багшийн хоёр даага нь дараагаараа ирж цэгээн нь түрүүлж, хар нь аман хүзүүдсэн юм. Аман хүзүүнд ирсэн энэ хар даага хожмоо аргамагийн магнайд олон жил цоллуулсан ажнай хурдан азарга болж орон нутагтаа домог болон хүндлэгдсэн түүхтэй. Шүдлэнд нь  Хулд наадам хийгээгүй тул Лууст уяж цэгээнийгээ дийлэн түрүүлжээ. Ер нь энэ цагаас хойш Харын дийлдсэн нь тун цөөн. Хязааланд нь цэгээн үрээг нь нутгийн Лувангончигийн Цэвэг-Очир худалдан авч, хар үрээ Биро багшид үлдлээ. Тэр жилийн 7-р сарын 20-диор Луус Хулд хоёр сум зэрэг наадмаа хийв. Цэвэг-Очир гуай Нураачид үсэргээн хийж байгаад цэгээн үрээ нь яагаад ч харыг дийлэхгүйг мэдээд шууд Луусын наадамд явсан байна. Цэгээн үрээ Лууст аман хүзүүдээд эндсэн юм. Харин хар Хулдад зантай хол түрүүлэв. Хэдхэн хоногийн дараа Эрдэнэдалай сумын наадамд бараг 2 км хол түрүүлэн гайхуулсан гэдэг.

Хойтон жил нь Хулдынхаа Түмэн адууны баяр наадамд азарган соёолон тамир дутаж тавд хурдлав. 1997 онд Биро багш Хулдынхаа наадамд уялгүй Луусын Түмэн адууны баярт дан уяатай очжээ. Буянтын Дашдаваагийн хээр түрүүлж, хар аман хүзүүнд ирээд барианы адагт хүүхдээ унагаж айргийн дөрөвт баригдсан байна.

Харин хойтон жил нь Хулддаа дахин аман хүзүүдлээ. Бизнесийхэн морь руу хошуурч эхлэх энэ цагт “Саятан” хэмээгдэгч Б.Баярсайханд зарагдаж Биро багш уяж ирж айрагдуулсан юм. Үүнээс хойш харын дараагийн амжилтын хуудас нээгдэж, Баярсайханы нэр дээр цоллогдох болж олон ч удаа очсон эзнийхээ алдрыг дуудуулсан даа. Хар өөрөө хурдлаад зогсохгүй булган сүүлтэй байж, дараа дараагийн хурдуудыг дагуулжээ.

1999 оны зун Өмнөговь аймагт “Говь Шанхын хурд –I” говийн бүсийн уралдаан болж газар газрын олон сайн азарга ирж уралдахад Баярын хар гарсан цагаасаа Тод манлай уяач Д.Даваахүүгийн Өндөр зултай (1997 оны улсын наадмын түрүү) уралдсаар сууж 6-д явсаар үзүүр дээрээ 2 азарганд дайруулж 8-рт оржээ. Тэр наадамд Баярсайханы хүү өдгөөгийн аймгийн алдарт уяач Лхагва-Очир (Обогоо) унаж байв.
2001 онд Өмнөговь аймгийн түүхт 70 жилийн ой тохиож Хулдынхан очиж тун ч хавтай сайхан наадав. Айргийн таван азарга нь бүгд Хулдынх байсан бөгөөд Баярын хар ч хурднаа батлан түрүүлэхэд, түүнтэй эцэг нэгтэй Дашдоржийн хонгор аман хүзүүдэж байжээ.

Түүний хойтон жил Дундговь аймгийн 60 жилийн ой говийн бүсийн даншигт 420 шахам азарганаас 10-т давхисан байна. Тэр наадмын эхний аравт Дундговиос Өндөршилийн гурван цагаан азарга орж (Ухнан Зандансүрэнгийн загал, Ганбын бор хоёр айрагдсан), аймгийнхаа дөрөв дэх азарга нь Саятангийн хар байсан юм. 2003 оны зун урьд өмнө байгаагүй их муу байсан бөгөөд морин жилийн ширүүн зуданд их ч зүтгэж орсон байв. Гэхдээ тэр жил Говь Шанхын хурд II уралдаанд 19-д хурдалжээ.

2004 оны хавар Энэбишийн улсын алдарт цолны мялаалга наадамд Хулдын Болор-Эрдэнийн хүрэнтэй онь холбож ирэхэд аман хүзүүнд барьжээ. 2006 онд хөгшин хар азарга Хулд суман дээрээ дэвжээгээ эзэгнэн дахин хол түрүүлж, хэдхэн хоногийн дараа давхар уяагаар Манлай суманд очиж мөн түрүүлсэн түүхтэй.

2007 арван зургаатайдаа Д.Батхуягийн хадагт наадамд аман хүзүүдэж, Таван толгой Трансын уламжлалт уралдаанд тавд зун нь Цогт-Овоо, Цогтцэций сумдад угсран түрүүлж, Өмнөговь аймгийн наадамд аман хүзүүдсэн (энд бараг түрүүлсэн, Гантөмөрийн ногоонтой ханилж ирээд маргаан гарч байсан), тэр жилээ Говь Шанхын даншигт бүртгүүлж ёсолж мордуулаад зодог тайлсан байна. Хурдан хар арван таван жил уралдахдаа Өмнөговийн гурав, Дундговийн гурван суманд тус тус түрүүлж нийтдээ 9 түрүүлж 5 аман хүзүүдэж 4 айрагджээ. Биро багшид байхдаа тарган уягдаж байсан бол Баярсайхан уяач сүүлийн наадмуудад нь их эцээж уяж байсан юм.

Хар азаргыг Говь Шанхын даншигт хоёр түрүүлсэн хурдан хүрэн азаргатайгаа цуг үсэргээ сунгаанд явуулахад өмнө нь л ирдэг байв. Зориг ихтэй, бариа харагдахад чихээ хатгаад л дайрдаг,  хажуудаа яваа адууны заавал урд нь гишгэж, дийлж байж салдаг аргагүй уралдахын төлөө төрсөн буян юм. Харин хар зодог тайлж, хүрэн хөл нь муудсан энэ хэдэн жилд Баярсайханы бор халзан азарга өвөл зуны наадамд олон түрүүллээ. Баярсайхан уяач шинээр хийгдсэн Бүх Цэргийн Хар сүлдэнд хар азарганыхаа дэл гөхөлнөөс нь  өгч азаргандаа зориулж шүлэг бичиж, наадам хийгээд онголж сүрэгт нь тавьжээ. Өнгөрсөн жил тэжээлгүй онд орсон бол энэ жил эзэн нь тэжээх санаатай байгаа гэнэ.

Хорин настай өвгөн түмэн эхийн төлүүд энэ цагт ид тодрон гялалзаж байна.  2007 оны Говь шанхын их даншигт айрагдаж, сумдад олон удаа айраг түрүүнд багтсан “Согоо хээр” бол эцгийн шийр хатаасан сайн хүлэг юм. Нутгийн Саадоржид зарагддаг халтар азарга, Бор халзантай эх нэгтэй шарга азарга, Эрдэнэтөгсийн бага хар гээд орон нутагт айрагдаж түрүүлсэн хүлгүүд бол олон бий. 

Ер нь харын эр төл болгон нь урагшаа хөлтэй төрдөг, гойд төлөрхөг чанартай адуу. Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуунаас гурван сайн гүү авч хард хураалгажээ. Энэ гурвын хонгор халзан гүүнээс согоо хээр, ах дүү хоёр хурдан зээрд үрээ гарсан. Загал гүүнээс сайн саарал үрээ гарч багадаа их хурдлаад Цогтцэцийн Батсайханд очсон. Харин алаг гүүний байдас алагаас нь даагандаа Өмнөговьд түрүүлдэг саарал алаг, даагандаа Дундговьд аман хүзүүддэг хар  үрээ хоёр гарчээ.

2010 онд хүү Лхагва-Очир нь аймгийн наадамд харын төл ах зээрд үрээ, хар даага хоёртой ирээд зээрд үрээ нь гарсан цагаас Хулдын Батхуягийн зээрдтэй өнгөлсөөр үзүүр дээрээ ойрхон ирээд үзэгчид рүү ханараад айрагдаж чадаагүй, харин хар даага нь аман хүзүүджээ. Баярсайхан дүү Гөөгөөтэй (Эрдэнэтөгс) хамт Өмнөговь аймгийн наадамд явж хүрэнгийн төл хээр шүдлэн түрүүлж хүрэн даага аман хүзүүдэж, Бор халзангаа түрүүлгэсэн байна. Ингэж хоёр хурдан азарганыхаа төлөөр хоёр аймагт наадаж өнгөрсөн өвөл Обогоо Гөөгөө хоёр аймгийн алдарт уяач цолыг хоёр аймгийн уяачдын холбооноос хүртсэн юм.

Хурдан харын унаган эзэн Лхамсүрэнгийн Бирозана өдгөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдарч хурдан хүлэг морьдоо сойсоор явна. Өнгөрсөн зун хар шүдлэнгээ Өмнөговийн 80 жилийн ойд айрагдуулжээ.

Холоос хол түрүүлсэн
Хосгүй амжилтууд Бирогийн харынх
Эцгийн шийр хатаасан
Энэ цагийн хурдууд Саятангийн харынх

Сэтгэгдэл