2016 оны 01 сарын 15

Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу буюу одоогийн Булган аймгийн Могод сум бол хэзээнээс нааш хурдан хурц хүлэг морьдоороо алдартай нутаг. Могодын голын  тэр олон хурдны дундаас “Ширээ хүрэн” хэмээх Дэлэгийн хүү Доржзовдын хүрэн морийг онцгой төрсөн адуу хэмээн нутгийн ахмад уяачид нь одоо хүртэл дурсан сууна. Д.Доржзовдын хүрэн морь нь Могод сумын уяач Нацагийн бор азарганы төл бөгөөд 1956 онд хурдан хүлэг болохыг нь танин шинжиж, Могод сумын гуравдугаар багийн малчин Сэнгэ гэдэг хүнээс өндөр үнээр худалдан авч аймгийнхаа наадмыг зорьжээ. Тэр жил Булган аймгийн сумд наадмаа хийгээгүй тул аймгийн наадамд 161 их насны морьд тоосоо өргөж, Бөөрөлжүүт гэдэг газраас эргэсэн газар газрын алтан тууртын магнайд Доржзовдын хүрэн морь хурдалсаар Гангатын даваан дээгүүр ганцаараа гарч ирээд буруу замаар яваад өглөө. Хүрэн морийг унаж байсан “хулгар” хэмээх Дорж сэргэлэн хүүхэд байсан тул буцааж замд нь оруулаад уралдахад хол тасархай түрүүлэн ирж, тод магнай торгон жолоо өргүүлсэн түүхтэй. Тэр үеэс  эхлэн Доржзовдын хүрэн морь олонд танигдаж, улмаар хойтон жил нь Жаргалант баг сум болон өргөжиж наадам хийхэд хүрэн морь түрүүлж, давхар уяагаар Булган аймгийн наадамд дахин түрүүлсэн бөгөөд аймгийн наадмаас гурав хоногийн дараа дахин нэг наадам болоход мөн л түрүүлж, суу алдараа мандуулсан юм. Тэр наадамд Д.Доржзовд гуай хүрэн морио түрүүлгэснээс гадна сартай хар үрээгээ айрагдуулж, адуу таньдаг аргагүй сайн уяач гэдгээ харуулж байсан юм. Түүний хүрэн морийг ид хурдан байх үед Жагийн хээр, Амгаа Мижидын саарал, Баасанжалбын хүрэн зэрэг нэрт  хурдан хүлгүүд хурд хуваан уралддаг байсан ба тэдгээр морьдоос олон шинжээрээ онцгойрон ялгарах хүрэн морийг нутаг хошууны ахмад уяачид нь “аргагүй л түмэн эх дээ” хэмээн бишрэн шүтдэг байсан хэмээх учир мэдэх хүмүүс одоо ч гэсэн хуучилдаг юм.

Хүрэн морь нь биеэр жижигхэн мөртлөө их зузаан, голын бяр сайтай, арслан мэт цээжтэй,  бярлаг адуу байсан бөгөөд хүзүү урттай, бүрээний амсар мэт хамрын самсаатай, ахар сүүл, сагаг ихтэй, хавирганы матаас сайтай, дөрвөн туурай агуу зэрэг хурдан хүлгийн олон шинжийг өөртөө агуулсан ховорхон төрөх ажнай хүлэг байсан гэдэг. Гараа тийм сайн биш ч араасаа моринд гүйцэгдэлгүй урагшаа нэхсээр барианы үзүүр дээр ирэхэд өнгөний морьдыг дийлж түрүүлдэг онцлогтой адуу байсан ба газрын хол, морины олноос зүрхшээдэггүй, өөд газар илүү хурдалдаг,  зоригтой морь байжээ. 1958 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг  Хунт рашаантын наадамд гурван аймгийн 10 гаран сумдаас ирсэн олон газрын алтан туурт тоосоо өргөхөд Хайрхан сумын алаг морьтой зуузай холбон ирж, аман хүзүүдэхэд нутгийн ардууд “Зовдын хүрэн моринд тавилан нь арай ойртлоо доо. Бусдаар ч гарцаагүй түрүү морь байлаа” гэлцэж байсан гэдэг.

Хүрэн морины бас нэгэн онцлог нь уяа бараг шаарддаггүй бараг өөрөө өөрийгөө уячихдаг байсан ба хэр баргийн уяаны алдааг тоодоггүй тэгсэн хэрнээ наадмын өмнөх сунгаануудад түрүүлж, айрагдаад байх нь тун ховор. Айргийн архнаар арвын дотор л давхина. Яг наадам дээрээ бол айргаас хасагдах нь бараг үгүй. Хүн харахад хурдан морь гэж тоохооргүй хачин жижигхэн биетэй, зузаан бартагдуухан хийцтэй ч уралдаад ирсэн хойноо олны харааг булаам хачин гоёмсог болно. Аймгийнхаа наадамд гурав түрүүлж, сум орон нутгийн наадамд 10 гаран түрүүлж айрагдсан ийм нэгэн цуут хурдан хүлэг Могодын голынхон төдийгүй Булган хангайнхны дунд домог болон үлджээ.

Хүрэн морины эзэн Д.Доржзовд гуайн морь уях, морь танин эрдэмийг түүний хүү Д.Түмэнжаргал өвлөн авчээ. Тэрээр 2009 оны хангайн бүсийн даншиг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ойд цавьдар шүдлэнгээ айрагдуулж, том наадмын өм нээгдсэн бол тэр цагаас хойш өдгөө бүсийн наадмаас гурван айраг хүртэж аймаг, сум, бэсрэг уралдаануудаас 20 гаран айраг түрүү хүртээд байна. Өнгөрсөн жил “Булганхангай 2011” хангайн бүсийн хаврын уралдаанд Дэгдээхэй хээр үрээгээ айрагдуулж, Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншигт дахин айрагдуулсан нь удам дагасан уяачийн эрдэм гэлтэй. Бас нэгэн бахархах түүх нь гэвэл Могод сумын 80 жилийн ой өнгөрсөн онд тохиож, унаган нутгийнхаа түүхт ойн их баяр наадмаас нэг түрүү, нэг айраг хүртэж нутгийн зон олныхоо баярын магнайг тэнийлгэсэн билээ.

Сэтгэгдэлүүд
  • Ёлёё IP:202.9.43.125 2017 оны 10 сарын 10

    Сллслссл
Сэтгэгдэл