2016 оны 01 сарын 15

Монгол төрийн их баяр наадмын алтан шар зурхайд олон жил ноёлож, дахин давтахад хэцүүхэн бахдам сайхан амжилтыг үзүүлсэн олон хурдан хүлгүүд байдаг нь түүхийн шаргал хуудаснаа бичигдэн үлдсэн байдаг. Тухайлбал бага гурван насандаа улсын наадамд түрүүлсэн Жаргалантын Чойжамцын хээр, бага дөрвөн насандаа айраг түрүү алдаагүй Д.Түвдэн манлайн хар, Гарчууртын Болдбаатарын халтар хээр, Хан уулын ард завсаргүй таван жил ноёлосон Ц.Доржсүрэн манлайн дархан түмний эх хээр морь, Засаг төрийн зандан ширээ Ж.Шийтэрийн зээрд, Д.Галын хүрэн, Мөнх төрийн мөнгөн магнай З.Даваанэрэнгийн хүрэн халзан, М.Данзанямын Ажнай хүрэн гээд тоочоод байвал уртаас урт цуваа гарах нь дамжиггүй. Чухам энэ л түүхэн рекордуудын дунд бас нэгэн гайхамшигт рекорд байдгийг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй болов уу. Энэ бол Монгол төрийн наадмын найман медальтай гурван хүлэг юм. Эрхэм уншигч та бүхэндээ эдгээр эрхэм гурван ажнайн гэрэл зураг болон удам угшил, амжилтыг нь сийрүүлэн хүргэе.

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУМУяач Л.Дамдингийн хүрэн азарга. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сөөнөн Гомбын унаган адуу. 1959 онд Хэнтийн Жаргалтхааны Манал уяж улсын наадамд аман хүзүүдүүлсэн бөгөөд наадмын өмнөх их сунгаан дээрээс Баянбараатын улаан малгайт Лувсандорж худалдан авсан байдаг. Түүнээс найман настай азарга 1962 онд Л.Дамдин гуай 1500-гаар худалдан авч, улсын наадамд хоёр түрүүлгэж, тав айрагдуулсан. 1963 онд айрагдуулж, Төв аймгийн 40 жилийн ойгоор гуравт, 1965 онд түрүүлгэж, 1966 онд гуравт, 1967 онд түрүүлгэж, 68-70 онд завсаргүй айрагдуулсан байдаг. Хүрэн азарганы толгой дээшээ цогногор, гэдгэр маягтай, цээж өргөн, булчин сайтай, бэлхүүсээрээ өргөн тэг дөрвөлжйн адуу байв. Уяа ороод ирэхээрээ турсан оонорхуу харагддаг. Их турж байж давхидаг, номхон дөлгөөн зантай, зоригтой, уяаны илүү дутуу алдааг тоодоггүй гүжирмэг хүлэг байж. Харамсалтай нь 1970 онд буюу 13 настай улсад айрагдаад намар нь будаа идээд үхчихсэн гэдэг.

Төв аймгийн Баянцагаан сумын МУМУяач С.Банзрагчийн аварга ухаа морь. Богдхан уулын Зогсоол Жаргалантын хошуу буюу одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нэрт уяач Өвгөний Батбуянгийн унаган адуу. 1956 оны зун хязаалан насанд нь агтанд өгч тоогоор тамгалан явуулсан гэдэг. Аз болоход олон адуунд оосор дутахын зовлон тулгарч нилээд хэсгийг уясаны дараа зөв талын ташаан толгойндоо 99 тоо тамгатай хязаалан ухаа үрээ дээсэн ногтоо тасдуулаад Баянцагаан сумын баруун урд талын Дөрвөлжингийн уулыг даваад явчихаж. Амь гуйсан амьтны араас явдаггүй Монгол хүний чанар харагдаж тоо бөглөх өөр үрээ өгөөд орхисон аж. Өөрийнхөө амийг хэлтэлсэн энэхүү сартай ухаа үрээ монгол төрийн наадамд 3 түрүүлж, 5 айрагдсан монголын эрхэм хурдны нэгэн болсон юм. 1957 оны зун Ө Батбуянгаас Түгжих Тавхай гэдэг хүн худалдаж аваад сумын наадамд уяж ирхэд өртөгөө гүйцээж өгөөгүй гэсэн шалтгаанаар Ө.Батбуянгийн охин Б.Надмид хазаарыг нь мултлаад хөөжээ. Унаган эзэндээ ийнхүү буцаж ирээд ухаа морь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд уяагдаж битүү соёолон морь аман хүзүүнд хурдалсан түүхтэй. 1958 онд хавчиг морь сумын наадамд гуравт хурдлаад тар нь танигдаж, дүнсгэр долоон насанд нь өнжөөсөн байна. Есөн настай морь Хануулын ард ирж халхын хурднуутай шандас сорьж түрүүлснээр төрийн түмэн эх болон зард гарсан түүхтэй. Үүнээс хойш Ардын хувьсгалын 44, 45 жилийн ойн наадмуудад түрүүлсний зэрэгцээ АХ-ын 41, 47, 49 жилийн ойгоор айрагдсан юм. Мөн 1971 оны АХ-ын 50 жилийн ойд 19 насандаа айргийн гуравт хурдалж, улсын наадмын тэгш ойг дамнан 40 жилд түрүү, 50 жилд гуравт хурдалсан нь Монголын талд төрсөн онц хурдан хүлэг гэдгээ түмэн олонд дахин батлан харуулсан явдал болсон юм. Ийм амжилт гаргасан хоёр морь байдаг бөгөөд нөгөө хурдан буян нь ардын хувьсгалын 30 жилд хязаалан түрүүлээд 40 жилд 14 настайдаа аман хүзүүдсэн Баянцогтын Самдангийн халзан морь билээ. Энэхүү хурдан буян нь энэ наадмын дараа жил буюу 1972 оны улсын баяр наадмаар 20 насандаа аман хүзүүдсэнээр ард олноо өвгөн зээрд нэрийг хүртсэн юм. Ухаа морины амжилт үүгээр дууссангүй 1974 оны Баянцагаан сумын 50 жилийн ойгоор 22 насандаа аман хүзүүдсэнээр ясны хурдан ажнай гэдгээ дахин батлан харуулсан билээ

Амгалан төрийн ажнай шарга азарга. Морин тойруулгын Тогоруу халтар азарганы төлийн төл бөгөөд эх нь Хэнтий аймгийн Галшар сумын Доржийн унаган цагаан гүү. Шарга азарга нь 2000 оны АХ-ын 79 жилийн ойгоор шүдлэн насандаа Хан уулын ар хатан туулын хөвөөнөө төрийн наадмын түрүү хүлгээр тодорсон тэр цаг мөчөөс хойш улсын их баяр наадамд зургаантаа түрүүлж, хоёронтоо айрагдсан бол Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах шигшмэл морьдын ИХ ХУРД уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, ММСУХ-ны санал санаачлагын дагуу Засгийн газрын шийдвэрээр зохиогддог бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан агуу амжилтын эзэн болж, моринд хайртай Монгол түмнийхээ шүтээн нь болсон бурхнаас засан тэнгэрийн хүлэг юм.

Сэтгэгдэл