2016 оны 01 сарын 15

Монгол наадмын түүхэнд домог болон үлдсэн цуутай хүлгүүдийн бахдам амжилтууд олон байдаг бөгөөд тэдгээрийн дундаас чухам дахин давтахад хэцүүхэн тэр л гайхамшигт амжилтийг үзүүлсэн эрдэнэт хүлгүүдийн талаар Хийморь.мн сайт уншигч та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Түрүүчийн дугаартаа төрийн наадмын 8 медальтай 3 хүлгийг танилцуулсан бол энэ удаад бага дөрвөн насандаа улсын наадмаас айраг, түрүү алдаагүй аргамаг хүлгүүдийг танилцуулж байна. Ийм амжилт үзүүлсэн мөн л 3 эрхэм ажнай байдаг буюу.

Ховд аймгийн Дарви сумын уугуул МУМУяач Д.Түвдэн агсаны хилэн хар азарга. Дээд угшил нь Хэнтий аймгийн Галшар сумынх гэдэг. Галшарын унаган "бороохой" Готовын саарал азарганы угшилтай. 1984 оны АХ-ын 63 жилийн ойд даага тавлаад, шүдлэн хязааландаа тус тус айргийн дөрөвт хурдалж, 1987 онд азарган соёолон аман хүзүүдсэн XX зууны эрхэм хурдан ажнай юм. Түвдэн манлай хилэн хар азаргаа айргийн араар 10-ын дотор хэд хэдэн удаа оруулсан гэдэг. Нэрт хүлэгч Д.Түвдэн агсан хилэн хар азаргаа ийнхүү бага дөрвөн насанд нь улсад айрагдуулж түүхэн амжилт тогтоосноос гадна 1981 оны АХ-ын 60 жилийн ойгоор гурван түрүү хүртсэн нь Монгол наадмын түүхэнд өнөөг хүртэл давтагдаагүй байна. Харамсалтай нь хилэн хар азаргаа хулгайд алдчихаад уйлж суусан гэдэг.

Гачуурт дүүргийн уяач Надмидын Болдбаатарын халтар хээр. Энэ адууг бага гурван насандаа айрагдсан гэж түүхэн баримтуудад тэмдэглэсэн байдаг ч үнэн хэрэгтээ бага дөрвөн насандаа нэг түрүүлж, гурав айрагдсан цуут ажнай юм. 1989 оны АХ-ын 68 жилийн ойгоор даага гуравт хурдалсан бөгөөд энэ наадмын даага цуваа дутуу байдгаас ийнхүү амжилт нь дарагдсан байдаг. 89 онд ийнхүү даагандаа гуравлаад 90 онд шүдлэн үрээ мөн айргийн гуравт хурдалж, 91 оны улс хувьсгалын 70 жилийн ойгоор түрүүлсэн байдаг. Харин хойтон жил соёолон насандаа мөн айргийн гурваар хурдалсан билээ.

рхангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн дөлгөөн хар. ХХI зуун гарсаар бага дөрвөн насандаа орсон цор ганц адуу. Дөлгөөн хар 2009 онд дааганаа айргийн тавд хурдалж, шүдлэндээ аман хүзүүдсэн. Хязааландаа эрлийз дунд насанд түрүүлж, соёолондоо эрлийз дээд насанд түрүүлээд байна. Ийнхүү улсын их баяр наадамд бага дөрвөн насандаа 2 түрүүлж, 2 айрагдсанаас гадна бүсийн наадмын 2 түрүү Дөлгөөн харынх... Удам угшлийн хувьд Тод манлай уяач С.Ганхуягийн "Станбул" хэмээх Англи Кадердин үүлдрийн халтар азарганы төл билээ.

Сэтгэгдэл