2016 оны 01 сарын 15

Тэсийн голын сав нутгаас төрсөн онц хурдан хүлэг бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол улсын Алдарт уяач Д.Хишигбатын түмэн эх хонгор морь билээ. Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадоржийн үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Х.Алтантугийн аялгууг нь зохиосон “Хотгойдын хонгор хүлэг” гэсэн нэгэн сайхан дуу байдаг.

Тэсийн голын хөвөөний
Тэлгүүн шаргал элсэн дээр
Тэнцэж боссон унага аа

Тэнгэрийн ажнайн сүлдийг
Тэнүүн сартай магнайдаа
Тогтоож авсан хүлэг ээ

Хөвчийн цэнхэр уулсаас тасрахдаа
Хүрэн бүргэдийн гуурстай
Хөндийн цэлгэр талаар дэгдэхдээ
Хөх чонын харайлттай
Хурдан хонгор хүлэг ээ

Дэлгэр мөрний хөвөөний
Дэлгээ ногоон зүлгээрээ
Давхиж шивхэрсэн унага аа

Дэлхийн ажнайн хийморийг
Дэл, сойлгондоо хийсгэж
Дэндүү хурдалсан хүлэг ээ гэж тэр дуунд өгүүлдэг юм. “Түмэн эх хонгор морь бие том товир, ясархаг, янз загвар гоёмсог бус, хандгай сэрвээтэй, унаа эдэлгээнд нухлагдсан, Оросын хатирч, хөтөлгөөний үүлдрийн эрлийз цустай гэмээр бөгөөд галбир төрхийн хувьд Морин тойруулгын болон Сэлэнгийн эрлийз адуунаас эрс ялгаатай юм. Уг гарвал хэвшил нь дээд Енисейн адууны ангилалд хамаарагдах бөгөөд эхийн гарвал нь гарцаагүй Тува адуу (Монгол адууны нэг хэвшил)-тай холбогдож байгаа юм” хэмээн хурдан морь судлаач Д.Даваа “Төрийн билэгдэл төгс шинжит хүлэг” номондоо бичсэн байдаг. үнэхээр ч энэхүү цуут хүлэг Тувагийн адуун заводоос гаралтай гэгддэг бөгөөд Завханы Баянтэсээр дамжин Хөвсгөлд зарагдсан гэж тэр нутгийн олон хүн хуучлахыг зохиогч миний бие бас анирдан сонсож явсан билээ.

Харин энэхүү хонгор морины эзэн Д.Хишигбат 1995 онд “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа тэс өөр зүйлийг өгүүлсэн байдаг. “1980-аад онд би “Энх-Амьдрал нэгдлийн адуучин байлаа. Тэгэхэд Увсын нэгэн тууварчин манайхаар дайрч өнгөрсөн юм. Унасан азарга нь их ядарч сульдсан, нуруу нь цоорсон байлаа. Тэгээд надаас нутаг хүргэчих морь өг, оронд нь энэ азаргаа үлдээе гэсэн юм. Тэрхүү хөгшин азарга удалгүй тэнхэрсэн. Хойтон жил нь тэр азарганы хураасан саарал гүүнээс хонгор морь минь гарсан юм. Хурдан азарга байсан юм болов уу гэж би боддог. Миний саарал гүү ч бас хурдан удамтай байсан. Увсын тууварчны надад үлдээсэн азарганы удмыг би мэдэхгүй. Тоомсогны хольц бий эсэх нь ч бүү мэд. Гэхдээ яах аргагүй л Тэсийн голын унага” хэмээн тэрбээр ярьсан байлаа.

1990 оны 7-р сарын 11, улс орон даяар мянга мянган хүлгийн тоос босч, дэлхийг монгол морьдын төвөргөөнөөр бөмбөрдөж байлаа. Энэ өдөр Хөвсгөл аймгийн наадамд Түнэл сумын уяач Д.Зоригтын бор азарга долоо дахь удаагаа түрүүлж, их насны морь будилж хоёр дахин уралдахад Цэцэрлэг сумын уяач Д.Хишигбатын сойсон хонгор морь хоёр дахь удаагаа тасархай түрүүлж, наадамчин олныг баясгаж байв. Тэр наадамд Д.Хишигбат их насанд хонгор морио түрүүлгэн, шар хээр морио айрагдуулж, хээр соёолонгоо түрүүлгээд одтой сайхан наадаж нутгийн зүг буцав. Энэ өдрөөс эхлэн Д.Хишигбат улсын наадмыг санагалзах боллоо. Улсын наадмын дэвжээ, Улаанбаатар, Богд хан уулын ардхан хормойд хүрэхэд 1200 км чилийсэн урт зам байх. Хонгор мориныхоо үнэн хурдныг таньсан түүнд энэ зам туулж очоод уралдаж болмоор ч шиг, үгүй ч шиг санагдана.    1991 он гарлаа. Ардын хувьсгалын 70 жилийн ой гэж хөдөө хотгүй баярт бэлтгэж эхлэв. Төдөлгүй дөрвөн сар гарч хаврын хөх салхинд жаврын үзүүр эргэсэн ч Хөвсгөл нутагт цас ханзраагүй байв. Дөрвөн сарын тавны өдөр Хишигбат уяач Б.Пүрэвжавтай гал болж хонгор морио хэдэн хурдан морьтой хөтлөн улсын наадмыг зорив. Бүтэн сар гаруй явж аяншсан уяачид, морьд их наадамчдын нутаг Төв аймгийн нутагт орж ирлээ. Улсын наадмын их насны түрүүг авахаар шийдсэн уяачийг зон олон хүндэтгэн угтаж авсан юм. Зургаан сар дундаасаа өнгөрчээ. Д.Хишигбат, хонгор морь хоёрын тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэлээр хадны цуурай мэт давтан ярьж, эх орны өнцөг булан бүрт хүргэж байлаа. Хонгор морь давхил болгондоо түрүүлж цууд гарав. Ийм морьтой учирсан уяач зориг гаргаж зорилгодоо хүрэхээс яахав.

7-р сарын 7. Энэ өдөр их сунгаан болж хэний морь наадамд айраг түрүүнд ирж болохыг хэлж өгдөг цаг. Д.Хишигбат хонгор морио Түргэний голд сунгалаа. Их насны наяад морь гарав. Д.Хишигбат газар газрын уяачидтай танилцан тамхи зөрүүлэн суух зуурт морьд эргэжээ. Морьдын түрүүнд хонгор морь нь толгойгоо доош даран сэрвээ нь гүвс гүвсхийн тавиухан дүүлсээр орж ирэв. Наадмын өглөө Яармагийн дэнжид хүлэг морьд багшран наадамчдын эрээн майхан өнгө алаглан байна. Тэр дунд Хөвсгөл аймгийн нэгэн гал нэмэгдсэн нь наадмын гол дуулиан болж байв. Хоёр хүн таарч мэнд мэдээд л Хөвсгөлийн хонгор морины тухай яриа хөврүүлнэ. Морь мэддэг, мэддэггүй хэн ч хамаагүй хонгор морийг үзэж, харахыг хүсч байв. Нэгэн хэвтэрт орсон өвгөн хүүхдүүдээсээ: Миний хүү аав нь нэгэнт өнгөрсөн, та нар яавч тусыг үл авна. Харин нүд анихаасаа өмнө Хөвсгөлийн хонгор морийг нэг харъя гэжээ. Хүүхдүүд нь машиныхаа арын суудлыг авч аавыгаа хэвтүүлэн давхиж Д.Хишигбатын уяаны дэргэд ч ирж. Өвгөн машины онгорхой хаалгаар хонгор морийг удаан харж, "Аргагүй сайхан буян юмдаа хөөрхий" гэж санаа алдан аав нь одоо боллоо гэртээ харья хүүхдүүд минь гэсэн гэнэ лээ.

Тэр наадамд их насны 640 гаруй хурдан хүлэг мордов. Энгийн наадамчин бүү хэл уяачид Д.Хишигбатын хонгор морийг хүлээж байв. Тэгтэл цагаан хоолойгоор морьд эргэлээ гэж зарлав. Төдхөн энэ морьдыг барихгүй. Гарааны зурхайгаас зургаан км-ийн наанаас гурван зуугаад морь эргэсэн байна гэж дахин зарлав. Энэ мэдээ том бага ямар ч наадмын хамгийн таагүй мэдээ байдаг. Олон газрын гурван зуун уяачийн бүтэн жилийн хөдөлмөр гурван зуун хүлэг морины хүчийг барсан ажил ямар ч үр дүнгүй алга урвуулах төдийд хөсөр хаягдлаа гэсэн үг. Харамсалтай байгаа биз. Тэр дундаас Д.Хишигбатад бүр ч их харамсалтай байлаа. Д.Хишигбат хонгор морио Буянт ухаагаас эхлэн тасарлаа гэдгийг сонсож л байлаа. Гэвч яая гэхэв. Нэгэнт буцаах аргагүй болжээ. Хонгор морь нь түрүүлээд ирлээ. Наадамчид алга ташин түрхэрч угтав. Алдарт уяач Д.Даваахүүгийн зээрд халзан, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын С.Гийнаагийн шар хээр, Зуунмод хотын Г.Сундуйн зээрд, Гацууртын САА-н н.Гантулгын хээр алаг морьд айргийн тавд цулбуурдуулсангүй. Арван гурванд болдог уяачдын наадмаар Д.Хишигбат 25 настай жороо хар морио эмээллэж мордов. Тэр өдөр жороо морьдын уралдаанд 49 морь гарлаа. Энэ уралдаанд Д.Хишигбат хар морио уран ганган явдлаар нь тэлгүүлсээр түрүүлэв. Ингээд Улсын их баяр наадам өндөрлөлөө. Харин Хөвсгөл аймаг сумдынхаа наадмыг хийгээд аймгийн наадмаа хойшлуулж Д.Хишигбатыг хонгор морьтой нь хүлээж байв.

Арван долооны өдөр Д.Хишигбат хонгор морио аван ачааны онгоцоор нутгийн зүг нисэв. Тэр үед нутаг нуга довны үзэлтэй арчаагүй худалч хүмүүс ийм нэг хөгийн яриа гаргасан байв. Д.Хишигбатын хонгор морийг Төв аймгийнхан алах гээд болохгүй болохоор нь буутай цагдаа нараар мануулж байсан гэнэ. Тэгээд хонгор морийг хөтлөөд явж болохгүй болохоор нь тусгай хамгаалалттайгаар онгоцоор авч явлаа гээд л цуурч байж билээ. Тэр жилийн Хөвсгөл аймгийн наадам дуулиантай боллоо. Газрын хол усны уртад очиж уясан эзэн уугуул нутгийнхаа нэрийг гаргасан хүлэг хонгор морийг үзэх гэж аймаг даяар хошуурч байв. Тэр наадамд Д.Хишигбатын хонгор морь айрагдаж хурдан гэдгээ нотолж байлаа. Д.Хишигбат хонгор морио аймгийн наадамд хэд хэд түрүүлгэж, айрагдуулснаас гадна Завханы нутагт ч түрүүлгэж байсан юм. Хонгор морьтой Цэцэрлэг сумын Санжаагийн хулгар хээр, Түмэндэмбэрэлийн хар, Алаг-Эрдэнийн Ш.Дэмидийн хул морьд нэгэн үед өрсөлдөж байлаа.

Тэсийн голын сав нутгаас тодрон гарсан энэхүү цуут хурдан хүлэг дахин нэг удаа улсынхаа наадамд тоосоо өргөсөн юм. Тэр бол 1995 он. Гуравдугаар сарын 23-нд Д.Хишигбат дөрвөн их нас, хоёр соёолон, нэг хязаалан, хоёр шүдлэнтэй улсын наадмыг зорин гарчээ. Тэр жилийн наадмаар азарга будилсан. Харин 810 их насны морь гарааны зурхайд бүрэң хүрч эргэсэн юм. Гэвч хонгор морь айраг түрүүний алинд нь ч хурдалж чадаагүй.

100 гаруй морьдын дараа ирсэн. Угаас тэр жил Д.Хишигбат тун базаахгүй наадамласан билээ. Хоёр ч бага морь нь Буянт-Ухаагийн дэнжид ясаа тавьсан гэдэг. 1995 онд тийм муу давхисан нь хөл нь доголсонтой холбоотой гэж ярьцгаах нь бий. «Нутагтаа очоод намаржингаа доголоод засал аваагүй гэнэ. Намар орой аргаа барсан эзэн нь доголсон хөлийг нь доороос нь дээш нь илж байтал гарт нь хялгас мэт нарийхан ган утас таарч, цааш лавлан үзвэл бүүр чивчиртэл эрчилсэн байсан гэнэ» гэсэн тун таагүй мэдээ сүүлд сонсогдож байсан. Ингэж Монгол даяар нэр алдраа дуурсгасан Тэсийн голын цуут нэгэн хүлэг хурд хүчээ сорьж, олон түмнээ баясгаж чадахаа больсон билээ. Атаархуу, өөдгүй нэгний хорон санааны үзүүрт ямар ч буруугүй хөөрхий нэгэн адгуус өртсөн гунигт ийм түүх Монгол наадмын дэвжээнд дахин бүү тохиогоосой билээ.

Энэхүү төрмөл хурдан хүлэгт зориулж, яруу найрагч Цэндийн Чимэддорж 1999 оны 7-р сарын 4-нд "Тэнгэрийн наадам" номондоо ийнхүү шүлэглэжээ.

Уулын буга шиг хонгор морь
Урамдахаас наахнуур дүүхэлзэнэ
Ухас ухас давхилд нь
Унасан хүүхэд нь дэнтэй дунтай
Хөвсгөл нутгийн хонгор морь
Хөөрч агсран эрэгцэнэ
Хөвөж алдах давхилд нь
Хөөрхөн хүүхэд нь дэнтэй дунтай
Будлианд дургүй Хишигбат
Бууж байгаа зайран шигээ
Морио өөрөө цоллочихно
Мордоод чигээрээ давхичихна. /Наадмын төв асарт Хишигбат уяач хонгор морио хөтөлж орж ирээд өөрөө цоллочихоод гарсан гэдэг/

Сэтгэгдэлүүд
  • D,Dagva ochir IP:27.123.214.106 2017 оны 03 сарын 08

    Hutgiin hurdan hvleg goe haragdaj bana bas goe namtar ban oor goe namtar oruulaarai
  • Балаа IP:202.126.91.95 2017 оны 04 сарын 17

    Тэсийн голын цуутай хурдан хүлэгээ гэж сайхаан сайхан
Сэтгэгдэл