2016 оны 01 сарын 15

Монголын шигшмэл хурдан түмэн эхүүдийн нэг  бол Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУАУяач Очирын Маарын алдарт хээр азарга билээ. Хээр азарга нь төрийнхөө их баяр наадамд нийт 1 түрүүлж8 3 аман хүзүүдэж, 3 айрагдсан цуут ажнай. Монгол төрийн наадамд дөрвөнтөө түрүүлж, гурвантаа айрагдсан З.Даваанэрэгийн хүрэн халзан азарганы үрийн үр. Галшар гаралтай том улаан хээр гүүний унага. 1979 онд хээр даагыг "шонх" Чогдон уяж улсын их баяр наадамд аман хүзүүдсэн нь Маарын хээрийн их амжилтын эхлэл байлаа. Ийнхүү дааган насандаа Хан уулын ард алдар цолоо дуудуулсан хээр үрээ шүдлэн, хязааландаа төдийлөн гавиагүй байна. Харин соёолондоо үнэнхүү хурдан байж гурван сунгаа "нэвт" түрүүлсэн боловч их сунгааны орой Маар "архидаж" хээр үрээгээ буруу чөдрөөр чөдөрлөн сагагыг нь тасдаад уралдхааргүй болгосон нь харамсалтай. Уг нь тэр жил гойд хурдан байсан, айраг битгий хэл түрүүлэх хэмжээний байсан нь ингээд өнгөрчээ. Хавчиг, долоотойд нь нэг их оролдсонгүй. Ингээд 1986 онд 9 настай азарга Буянт-Ухаагийн буурал дэнжид аман хүзүүдэн хойтон жил нь гуравт хурдалж мөнөөхөн Маарын хээрийн алдар суу дахин мандах нь тэр ээ. 87 онд айрагдсаных нь орой хээр азаргыг "унагачих" дөхсөн гэдэг. Төв цэнгэлдэхэд цоллуулж чадалгүй оронд нь хээр азаргатай хачин адилхан хээр үрээг цоллуулсан байдаг. Бас нэг удаа хээр азаргыг унадаг байсан хүүхэд нь нохойд уруулснаас болж өөр хүүхдээр унуулсан байна. Гэтэл мөнөөх жаал Айдасын давааны өөд ташуур салгаглгүй гаргаж, Алдар толгой ороотол ганцааранг нь зугтаалгаад нам суулгаж 16-д оруулсан гэдэг. Ингэж ганц нэг айраг, түрүүг нь хассан ч хээр азарга 1989 онд таваар хурдалж, 90 онд түмний эхийн алтан жолоо өргүүлсэн юм. Улмаар 1992 онд аман хүзүүдэж 94 онд 17 настайдаа бүдчин байж айргийн тавд хурдалсан аргагүй л аргамагийн дээд алтан туурт ажнай хүлэг буюу. Мөн 1993 онд Төв аймгийн 70 жилийн ойд түрүүлсэн боловч азарга будилснаас болж хасагдсан байдаг. Хээр азаргыг хамгийн сүүлд буюу 1994 онд айрагдахад нь Монгол бөхийн түүхэнд “гарлаа давлаа” гэх хоёрхон үгээр зарлуулан таван жил босоо явсан халхын их аварга Д.Дамдин морь барианы газар догдлон очиж, Маарын хээрийн торгон жолоог цулбуурдан, алтан тэлүүр магнайгаас нь адис авч, “энэ бид хоёр хувь заяа нэгтэй санагддаг. Эрэмгий явсан үе бий. Одоо ч хоёулаа өвгөрч байна даа” гээд зөөлөн инээмсэглэж байсан гэдэг. Энэ тухай /Маарын хээрийн тухай/ А.Баярмагай, Н.Гантулга нар сэтгэл гэгэлзэж, нүдэнд харагдтал бичсэн нь бий. Ш.Ганхуяг гуай "Уяачийн нууц товчоон" номондоо хээр азаргыг дөрвөн хөл дээрээ босоо төрсөн унага гэж бас бичсэн байдаг.

Эрхэм уншигч та бүхэндээ Их хадагтай Маарын хээр азарганд зориулан яруу найрагч Цэндийн Чимэддоржийн "Тэнгэрийн наадам" номондоо бичсэн "МААРЫН ХЭЭР" шүлгийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Майхны гадаа
Майхан мундаатай азарга
Маарын хээр.
Элбэг наадмын тэнгэрт
Чихээ нисгэх нь
Эмээлт шувуу.

Жирийн олон адуун дунд
Жигүүртэн мэт
Живхэрсэн хурд
Тэргэл нартай бар өдөр
Тэнгэр туулан хөллөж буудаг
Хээр ад
Тэрмэн хээр талдаа
Босоо хөрвөөж хээр болсон
Хээр од

Олон хээр азаргатай
Наадмын өглөөний тэнгэрт
Одод тангарсан хээр үүл хөвнө
Хээр хээрийн дундаас
Маарын хээр
Хийморийн сантай уяандаа
Уртын дуу шиг эвшээнэ
Өвгөд шиг уулын бэлээр
Өд шиг хийсч гарч ирдэг
Өеөдсөн ногоог бостол
Өөрөөдөө салхилдаг
Хойд хоёр хөл нь
Дөрөө цохиж алддаг
Туулай харайлт
Холдож тасрах тусмаа
"Газар алгасдаг"
Луун эвхрэлт

Ижилгүй монгол наадмын чимэг
Их хадагтай Маарын хээр
Бүх хурдны сүрийг дарахад
Бүгээн адуу ч бараан харагдана
Дарсан тамгаараа танигдахаасаа
Давхилаараа танигддаг хээрийг
Дуран дүүрээд ороод ирэхэд нь
Духдуулсан малгай шил дээр унана
Азарга адуугаар авсан хөөргөө
Алдаж өндөсхийнэ.
Айргийн сөн дээрх зурмал морьд
Дагаж ухасхийнэ.

Арайхан хүүхэд нь балчирдаж
Буруу талаар нь зүтгүүлэхэд
Аварга хээр зөнгөөрөө
Зөв талаар нь шударна.
Алтан пайз атгасан морь бариач
Аман хүзүүдэж давхина.
Архи балгаад согтож үзээгүй
Морь хараад согтдог өвгөн
Маарын хээрийн хөлсийг
Магнайдаа түрхэж адислана.
Буурал би мөд үхэхгүй ээ гэж
Буянт Ухаагаар нэг хөөрнө.

Маарын хээрийн хөлс
Мандухайн нулимс...
Хэдэн хээр унага нь
Маарын хээрийн хээр дусал
Хэвтэж хөрвөөсөн газар нь
Маарын хээрийн хээр хэв.

Манантай талдаа босоо
Маарын хээр.
Магнайдаа нартай наадамчдын
Хайрын хээр.
Мялаасан айраг нүдрүү нь ороход
Мянган гүвээ янцгаана.
Сүүдрээ гишгэж нэг шилгээхэд нь
Сүлдний минь морины хондлойн дээр айраг асгарна.

Маарыг олсон
Маарын хээр.
Адуугаа олсон
Адуутай Монгол оо.

Сэтгэгдэлүүд
  • khurelchuluun IP:202.179.6.126 2017 оны 05 сарын 09

    Saihan ch huleg bn goyo ch shuleg bn
Сэтгэгдэл